m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.10.05 09:09
147
Д.Болорчулуун: Зөвхөн Монголдоо биш гадаад руу бүтээгдэхүүнээ борлуулах хүсэл бий

Том мөрөөдөл тээн түүнийхээ төлөө эцэж цуцалгүй зүтгэсээр оргилд нь хүрсэн гайхалтай хөдөлмөрч залуус манайд олон бий. Тэгвэл ёстой л тэдний нэг гэж дүгнэмээр залуу гарын ураараа сумандаа баялаг бүтээж явна. Хэв загвар сайтай, жинхэнэ арьсан гутлыг 10 гаруй төрлөөр нь хийдэг Д.Болорчулуун гэр бүлийнхнээ ч энэ ажилд татан оролцуулснаар өрхийн үйлдвэрлэлээ хөл дээр нь босгож чаджээ. Түүний хийсэн гутлын чанарыг сумынхан нь төдийгүй аймаг даяараа магтан сайшаадаг юм билээ. Сүүлийн үед Улаанбаатар хотоос ч цөөнгүй хүмүүс гутал захиалдаг болсон гэнэ. Биднийг гутлын цехтэй нь танилцаж байх үед л гэхэд хотоос гурван ч хүн утас цохин хавар, намрын гутал захиална лээ. Залуу хүний хийж бүтээх чин хүсэл эрмэлзэл, эрч хүчээр дүүрэн Д.Болорчулуун ирээдүйн зорилгынхоо талаар “Өөрийнхөө хийсэн бүтээгдэхүүнийг экспортод гаргах” хэмээн бидэнд ярьсан юм.

Өрхийн үйлдвэрлэл эрхлэгч Д.Болорчулуун

-Анх яаж гутал хийдэг болсон юм бэ?

-Аав маань дээхэн үед Ахуйн үйлчилгээний гуталчин байсан юм. Би арван жилд байхын л аавынхаа ажилд туслан ойр зуурынх нь юмыг хийлцдэг байлаа. Тэр үеэс л гутал хийдэг болсон доо.  

-Гутлын цехээ хэдэн онд байгуулав. Одоо хэдэн хүн ажиллаж байна вэ?

-Ээж, дүү, эгч, эхнэртэйгээ нийлээд тавуулаа ажилладаг. Би хотод гутлын цехэд жил гаруй ажилласан. Тэнд ажиллаж байхдаа ер нь сумандаа очиж, гутлын цех нээе гэж бодоод 2013 онд Сум хөгжүүлэх сангаас найман сая төгрөгийн зээл авч ажлаа эхэлсэн дээ. Анх гутал оёдог гурван машин, багаж хэрэгсэл, 800.000 төгрөгийн материал авч байлаа.

Анх гутал оёдог гурван машин, багаж хэрэгсэл, 800.000 төгрөгийн материал авч байлаа

-Нийт хэчнээн төрлийн гутал хийж байна вэ?

-Өвөл, хавар, намар, зуны нийт 10 төрлийн гутал хийдэг. Эмэгтэй, эрэгтэй, хүүхдийн гутал үйлдвэрлэдэг.

-Нэг гутлыг хэдий хугацаанд хийдэг вэ. Ямар үнээр зарж байна?

-Хоёр хоногт нэг гутал гаргадаг. Гутлын нэг онцлог нь хэвэнд нь оруулж хатаахын тулд заавал хоёр хоног зарцуулах хэрэгтэй болдог. Тиймээс цаг хугацаа их ордог л доо. Үнийн хувьд нохойн арьсан түрийтэй гутал гэхэд эрэгтэйг нь 160 мянган төгрөг, эмэгтэйг нь 140 мянга, хүүхдийн гутлыг 20-60 мянган төгрөгөөр борлуулдаг. Том хүний хос гутал хийхэд ойролцоогоор 110 мянган төгрөгийн материал ордог.

-Борлуулалт хэр байдаг вэ?

-Хөдөө суманд борлуулалт ерөнхийдөө улирлын чанартай гэж ойлгож болно. Ялангуяа малчид бол ноос ноолуурын цагаар л ихэвчлэн гутал авдаг л даа. Бас 11 дүгээр сар гаргаад өвлийн гутал худалдан авдаг. Миний хийсэн гутал чанартай болохоор эргэлт их удаан байдаг \инээв\. Их ширүүн, гамгүй өмсдөг хүн гэхэд л хоёр жил чирчихнэ. Тийм болохоор нэг удаа гутал авчихвал мөд ирэхгүй шүү. Би хавар ноолуурын цагаар мотоцикль дээрээ хоёр цүнх дүүрэн гутал тохож аваад л хөдөөгүүр явж зардаг. Зарим хүн малаар сольж авдаг юм. Уг нь дэлгүүрт тавиад заруулах боломж байдаг ч удаан борлогддог. Тийм болохоор өөрөө явж зарсан нь дээр байдаг юм. Зарим үед сард 20-30 гутал зарчихдаг. Өнгөрсөн жил би орос хромон гутал хийж үзсэн юм. Зарим хүмүүс намайг хийсэн гэж мэдэхгүй, андуураад байна лээ.  Сүүлийн үед хотоос их захиалга ирдэг болсон.

хавар ноолуурын цагаар мотоцикль дээрээ хоёр цүнх дүүрэн гутал тохож аваад л хөдөөгүүр явж зардаг

-Чанарын хувьд ямар вэ?

-Цэвэр арьсаар хийдэг болохоор чийг татах асуудал байхгүй. Дотор тал нь эсгий учир өвөл дааруулахгүйгээс гадна хөлд их эвтэйхэн байдаг. Би гутлын улыг чанартай, бат бөх байлгах үүднээс хоёр давхар хийж, ширлэж өгдөг. Өсгий хэсгийг цэвэр үхрийн ширээр хийчихээр шалчийж урагдахгүй, хатуулаг сайтай болдог. Эсгүүрээ эхнэртэйгээ ярилцаж байгаад гаргадаг болохоор өмсгөл нь их гоё таарч өгдөг л дөө. Анх гутал хийж байхдаа тоонд их анхаардаг байсан бол одоо чанарт нь их ач холбогдол өгч, өөрөө өмсөж, эдлэж үзсэнийхээ дараа олноор нь үйлдвэрлэж зардаг болсон.

-Танайх “Бизнес хөгжлийн төв”-д үйл ажиллагаагаа явуулдаг юм байна. Ер нь суманд ийм төв байсны ач холбогдол, давуу тал нь юу вэ?

-Ач холбогдолтой байлгүй яах вэ. Бид энэ төвд маш бага түрээс төлж суудаг. Жижиг дунд бизнес эрхлэгчид олноороо нэг дор байхаар хүмүүс их орж ирнэ шүү дээ. Тухайлбал, манай яг хажуу талд Төрийн банк, гар утас засвар байрладаг болохоор энэ хоёр газраар үйлчлүүлэх гэж ирсэн хүмүүс манайхаар ороод гарах жишээтэй.

-Цаашид үйлдвэрлэлээ хэрхэн өргөжүүлье гэж бодож байна вэ?

-Цаашид тоног төхөөрөмж, багаж хэрэгслээ нэмж, өөрийн гэсэн ажлын байртай болох гээд л зүтгэж явна. Үйлдвэрлэлээ өргөжүүлээд олон хүнийг ажилтай болгомоор байна. Намайг дэмжиж тусалдаг хүмүүсийнхээ итгэлийг алдахгүй сайн ажиллах юмсан гэж боддог.  Хүн том зорилго тавьж байж түүнийхээ төлөө зүтгэвэл амжилтад хүрдэг гэдэг. Ирээдүйд зөвхөн Монголдоо төдийгүй гадаад руу гутлаа гаргах бодол тээж явна.

-Зөв бодлын үзүүрт гэрэл асдаг гэдэг шүү дээ. Таны хүсэл биелэх болтугай.

-За маш их баярлалаа. Танай хамт олны энэ сайхан ажилд амжилт хүсье.

Утас:88708876