m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.10.05 09:25
38
УИХ-ын дарга З.Энхболд БНИУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.10.05/ Бүгд Найрамдах Индонез Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Соегенг Рахарджог хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд ноён Элчин сайд Соегенг Рахарджо, Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлэв. Мөн Индонез Улс, Монгол Улсын хооронд 1956 онд дипломат харилцаа тогтоосон болохыг дурдаад цаашид хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эрдэс баялаг, эрчим хүч, хөдөө аж ахуй болон аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх сонирхолтойгоо илэрхийлэв. Үүнд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэгтэй гэлээ.

Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Монгол Улс Зүүн өмнөд Азийн орнуудтай олон талын харилцаагаа хөгжүүлэхэд ихээхэн анхаардаг болохыг тэмдэглээд, энэ хүрээнд Индонез Улстай хамтын ажиллагааг идэвхжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байдаг гэв. Монгол Улс 2014 онд Жакарта хотноо Элчин сайдын яамаа нээсэн бөгөөд манай улсаас Бүгд Найрамдах Индонез Улсад суугаа Элчин сайд Ш.Батцэцэг хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр идэвхтэй ажиллаж байгааг онцлов. Түүнчлэн Бүгд Найрамдах Индонез Улсын Ерөнхийлөгч Сусило Бамбанг Юдоёоногийн 2012 онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлал нь харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлийг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэснийг тэмдэглэн хэлсэн юм.

Мөн тэрээр Монгол Улсын Их Хуралд Монгол-Индонезийн парламентын бүлэг байгуулагдсан болохыг дурдаад, Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү тус бүлгийн даргаар ажиллаж байгааг танилцуулав.

Уулзалтын үеэр талууд хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэхэд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэгтэй болохыг тэмдэглээд, эдийн засаг, уул уурхайн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.