m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.10.05 09:50
269
Нар хааж өндөр барилга барьж байгаад иргэд дургүйцэж байна

"Буянт-Ухаа 1" хорооллын 701-703 байрны дэргэд барилга барихаар газар шорооны ажил эхэлсэн байна. Орон сууцтай хэтэрхий ойрхон зайд, өндөр барилга барьж байгаад оршин суугчид дүргүйцэж байгаа юм. Энэхүү барилгын гүйцэтгэгчээр ажиллаж буй "Нутгийн зам" группийн төлөөлөлтэй уулзсан ч зөвшөөрөл олгосон бичиг баримт зэргийг үзүүлсэнгүй. 

Иргэдийн хувьд орон сууцтай хэт ойрхон, өндөр барилга барьж нар хааж байгаад хамгийн ихээр дургүйцэж байсан юм. Ингэснээр тус байрны иргэдийн эрх ашгийг хөндөж байна хэмээн үзэж байгаа юм.  Оршин суугчдын төлөөлөл болон СӨХ хамтран холбогдох шатны төрийн байгууллагуудад албан бичгийг хүргүүлээд байгаа гэнэ. 

Оршин суугч Ш.Чинбат

Оршин суугчдийн амгалан тайван амьдрах нөхцөлд саад учруулж байна. Нар хаасан талд баригдаж байгаа барилга нь дөрвөн давхар хүртэл бол 20 метр хүртэл зайтай байх ёстой хууль, дүрэм байдаг.

Гэтэл 12 давхар барилгын зай нь 20 метр ч хүрэхгүй байна. Энэ байр баригдвал манай байр мөсөн хонгил болоход ойрхон байна. Энэ асуудлыг оршин суугчид эсэргүүцэж холбогдох байгууллагууд болон хэвлэл мэдээлэлдийнхэнд хандсан. Оршин суугчдын эрх ашгийг хамгаалах  СӨХ хамтран холбогдох байгууллагуудад албан бичгийг хүргүүлсэн.  Шийдвэр гаргасан хүмүүс энэ байранд амьдарч байгаа 430 гаруй айлын эрх ашгийг хамгаална гэж найдаж байна. 

703 байрны оршин суугч Г.Нямсүх

701-703 дугаар байрны зүүн талд 12 давхар барилга баригдвал оршин суугч бидний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх дээд зэргээд хөндөгдөж байна. Бидний хүсэлтийг дүүрэг, нийслэлийн холбогдох удирдлагууд хүлээн авч яаралтай шийдвэрлэж өгөөсэй гэж хүсэж байна.

12 давхар баривал гурван байрны нар бүтэн хаагдаж, цэвдэгтэй газар амьдарна гэсэн үг. 

 

 

703 байрны Д.Өлзийжаргал

Хэтэрхий өндөр барилга барьж бид бүхний эрх ашгийг хөндөж болохгүй. Энэ байрнуудад өндөр настан болон бага насны хүүхэдтэй айл олон байдаг. Бид бүхний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна гэсэн үг шүү дээ. 

Өнөөдрийн байдлаар тоосжилт, дуу чимээ ихтэйн улмаас амгалан тайван амьдрах байдал алдагдаад байна. 12 давхар барилга баригдвал энэ гурван байрны айлууд нар үзэхгүй, цэвдэг сүүдэртэй газар амьдрахаас өөр аргагүй гэсэн үг.