m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.10.06 01:36
79
Баярын хурлаа хийлээ

Дэлхийн багш нарын 21 дэх болон Монголын багш нарын 49 дэх баярын өдрийг тохиолдуулан аймгийн багш нар баярын хурлаа хийлээ. Дорнод аймгийн боловсролын салбарынхан сүүлийн жилүүдэд амжилттай ажиллаж байгаа билээ.  Дорнод аймгаас сүүлийн таван жилд улсын “Оны тэргүүний” хоёр багш төрөн гарсан. 2011 онд Хэрлэн сумын  VIII сургуулийн биологийн багш М.Оюун улсын “Оны тэргүүний багш”-аар шалгарч байсан бол энэ жил Хэрлэн сумын 12 дугаар сургуулийн бага ангийн багш Н.Мөнхгэрэл улсын “Оны тэргүүний багш”-аар шалгарсан байна. 

Аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн зөвлөлийн дарга М.Бадамсүрэн "Боловсролын системийг хөгжүүлэн урагшуулах гол эх үндэс нь багш юм. Мэдлэгтэй, мэргэжилтэй багшаас мэдлэгтэй мэргэжилтэй шавь төрдөг. Манай аймгийн хувьд өнгөрсөн хичээлийн жилд амжилт бүтээл дүүрэн байж элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээрээ улсад тэргүүлсэн нь багш нарын  ажлын үр дүнгийн тод илрэл билээ. Аймаг орон нутгийн зүгээс багш сурган хүмүүжүүлэгчдийнхээ мэдлэг туршлагыг нэмэгдүүлэх, чадавхижуулахад анхаарч гадаад дотоодод зохион байгуулагдсан олон арга хэмжээнд оролцуулж байгаа ажлуудаа цаашдаа улам идэвхижүүлнэ. Сургалтын Цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд цэцэрлэгүүдэд "Хүүхэд-гэр бүл-багш хамтдаа" ерөнхий боловсролын сургуулиудад "Сурагч-гэр бүл-сургууль хамтдаа" зорилтот жил болгон зарлаж төлөвлөгөө гарган ажиллаж эхлээд байна гэж багш нарын өдрийн баярын хуралд дээр хэлсэн үгэндээ онцолсон юм .

Аймаг, орон нутгийн зүгээс боловсролын салбарт хөрөнгө оруулалт, бодлогын чиглэлээр дэмжин ажиллаж ирсэн. Өнгөрсөн хичээлийн жилдулс, орон нутгийн төсөв, аймгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр олон төсөл хөтөлбөрүүд, бүтээн байгуулалтын ажлыг санхүүжүүлсэн. Үүний үр дүнд энэ хичээлийн жилд 150 хүүхдийн багтаамжтай төрийн өмчийн хоёр шинэ цэцэрлэгийн барилга ашиглалтанд орж, сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт нэмэгдэж, хүүхэд багачуудын сурч хүмүүжих, багш ажилчдын ажиллах ая тухтай орчин нөхцлийг бүрдүүлжээ.

“Багшийн хөгжил” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Аймгийн хөгжлийн сангийн дэмжлэгээр сургууль, цэцэрлэгийн удирдах ажилтнуудыг гадаад оронд туршлага судлах, мэдлэг чадвараа дээшлүүлэхэд анхаарч ажиллаж ирлээ. Тухайлбал: Тайвань улсад 13 удирдах ажилтныг мэргэжил дээшлүүлэхээр явуулж байсан бол, Япон улсад найман багшийг туршлага судлахад дэмжлэг үзүүлсэн.  Манай аймгийн боловсролын салбарын нэгэн онцлог бол Хэрлэн сумын I сургуульд ХБХ-ийн тусгай анги хичээллэдэг билээ. Энэхүү тусгай ангийн багшийн нөөц бүрдүүлэх зорилгоор аймгийн хөгжлийн сангийн дэмжлэгээр хоёр багшийн сургалтын төлбөрийг 100% дааж МУБИС-д тусгай ангийн багшаар мэргэшүүлэн сургаж байна. Цаашид Аймгийн хөгжлийн сан “Эрүүл мэнд-спорт, хүүхэд-боловсрол, соёл-урлаг” гэсэн үндсэн гурван чиглэлээр төсөл хөтөлбөр, санал санаачлагыг дэмжин ажиллаж байна.

Багш нарын баярын өдөр ажилдаа амжилт гаргасан зарим багш нарыг салбарын болон аймгийн шагналуудаар шагнасныг гардуулан өгсөн юм.Мөн аймгийн Засаг даргын нэрэмжит шагналаар 6-н багшийг шагнаж урамшуулсан.Эдгээр багш нар улс бүсийн уралдаан тэмуээнүүдэд шавь нараа амжилттай бэлтгэн олон амжилтуудыг гаргасан юм.