m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.10.06 02:08
41
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүд БНХАУ-д айлчлав

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр тэргүүтэй төлөөлөгчид Бүх Хятадын Ардын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн урилгаар 2015 оны есдүгээр сарын 28-30-ны өдрүүдэд БНХАУ-д айлчиллаа. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Р.Амаржаргал, Н.Энхболд нар болон албаны бусад хүмүүс багтсан юм.

Айлчлалын үеэр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр БХАУТЗЗ-ийн Үндэсний хорооны дэд дарга Хань Цидөтэй уулзлаа. БХАУТЗЗ-ийн Үндэсний хорооны дэд дарга Хань Цидө хоёр улсын харилцаа, найрсаг хамтын ажиллагаа өргөжин хөгжиж буйг тэмдэглээд Монгол Улсын “Талын зам” санаачилгыг Хятадын “Торгоны замын эдийн засгийн бүс” санаачлагатай уялдуулан дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Тэрээр мөн БХАУТЗЗ нь ХКН болон бусад улс төрийн намууд, нам бусчуудын төлөөлөл хамтран улс орныхоо томоохон бодлого, шийдвэр, ард түмнийхээ ахуй амьдралтай холбоотой чухал асуудлаар зөвлөлдөж, санал, шүүмжлэл дэвшүүлэх зөвшилцлийн байгууллага болохыг онцлон тэмдэглэлээ.

Байнгын хорооны дарга Ж.Энхбаяр Хань Цидө даргыг хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, 1945 оны Чөлөөлөх дайны Ялалтын түүхт 70 жилийн ойг Хятадын Засгийн газар, ард түмэн ёслол төгөлдөр зохион байгуулсан, мөн БНХАУ байгуулагдсаны 66 жилийн ойд баяр хүргэлээ.

Мөн тэрээр БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болохыг тэмдэглээд сүүлийн жилүүдэд Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжин гүнзгийрч, идэвхтэй өрнөж байгаад Монголын тал сэтгэл хангалуун байгааг онцлов. Түүнчлэн БНХАУ-ын дарга Си Зинь Пиний Монгол Улсад хийсэн төрийн айлчлал хоёр улсын харилцааг Иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүргэж, талуудын харилцааны ойрын ирээдүйн ерөнхий чиглэл, зарчмыг тодорхойлсон түүхэн ач холбогдолтой айлчлал болсныг онцлон дурдлаа.

Төлөөлөгчид БХАУТЗЗ-ийн Гадаад харилцааны хорооны орлогч дарга Ван Гуоцинтэй уулзаж, хамтын ажиллагааг Байнгын хороодын түвшинд идэвхтэй хөгжүүлэх асуудлаар санал солилцов. УИХ болон БХАУТЗЗ хоорондын солилцоо, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх чиглэлээр ялангуяа Байнгын хороод, Тамгын газрууд хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар харилцан санал ярилцав.

Уулзалтын үеэр талууд хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэхэд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэгтэй болохыг онцлон тэмдэглэлээ.

Айлчлалын үеэр төлөөлөгчид Хятадын Шинжлэх ухаан технологийн олон улсын худалдааны СЕТС компанийн үйл ажиллагаатай танилцсан юм. Тус компани нь цахим мэдээллийн дээд технологийн бүтээгдэхүүн, удирдлага хяналтын систем, радар, тагнуул, холбоо, мэдээллийн дайны болон терроризмын эсрэг тэмцэх зориулалтын тоног төхөөрөмжийн экспорт, импортын худалдаа эрхэлдэгийн зэрэгцээ хилийн чанадад мэргэжлийн боловсон хүчин илгээн ажиллуулах, үзэсгэлэн зохион байгуулах, хилийн чанадад төслийн гүйцэтгэгчээр оролцох, дотоодод тендерт оролцох, гадаад худалдааны талаар зөвлөгөө өгөх зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ба тус компани нь батлан хамгаалах салбарын 70 гаруй хувийн цахим мэдээллийн технологийн тоног төхөөрөмжийг үйлдвэрлэдэг аж.

Тус компани нь 5 охин компани, хилийн чанадад төлөөлөгчийн газартай бөгөөд дэлхийн 100 гаруй улстай хамтран ажилладаг юм байна.