m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.11.22 05:13
26
УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Нярайн эндэгдлийн 44 хувь нь төрөөд эхний 1-2 цагт нас бардаг

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн Нярай судлалын тасаг олон улсын жишигт нийцсэн нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж үзүүлэх орчин үеийн тоног төхөөрөмж, иж бүрэн кабинеттай боллоо.

Өнөөдрөөс эмчилгээ шаардлагатай нярайнууд стандартад нийцсэн тоног, төхөөрөмжөөс бүрдсэн орчинд эмчилгээгээ хийлгэх боломжтой боллоо. Энэхүү Нярай судлалын тасгийн кабинетыг  Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, JCI-ийн Монгол дахин төлөөлөгч М.Батбаяр, Монгол Улсаас ХБНГУ-д сууж байсан Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Б.Даваадарж "Итгэл-Хавдаргүй Монгол" сангийн тэргүүн Э.Эрдэнэ нар богино хугацаанд иж бүрнээр тохижуулж өгчээ.

Нярай судлалын тасагт өдөрт 25-40 хүүхэд тогтмол эмчлүүлдэг

1987 оноос үйл ажиллагаагаа явуулж ирсэн энэ тасаг 2013 оноос Эрүүл нярайн хэсэг 75 ортой, дутуу нярайн эрчимт эмчилгээний хэсэг 17 ортойгоор хоёр хэсэгт платны зохион байгуулалтаар үйл ажиллагаа явуулж, урсгал засвар төдийгөөр засвар үйлчилгээ хийж байсан юм. Төрөлт ихсэхийн хэрээр дутуу төрөлт нэмэгддэг. Ингэж олон улсын жишигт нийцсэн эмчилгээний кабинеттай болсноор 500 граммаас дээших жинтэй хүүхэд бүрийг авч, амьдруулах боломж бүрдсэн гэж Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч, сувилагч нар тайлбарлав. Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн Нярай судлалын тасагт өдөрт 25-40 хүүхэд тогтмол эмчлүүлдэг. Тухайлбал өнгөрсөн онд нийт 11 мянга 200 орчим нярайд эмнэлгийн тусламж, үзүүлсэн байна. Үүнээс эрчимт эмчилгээний тасагт 1530 орчимд нярайд яаралтай сэхээн амьдруулах эмчилгээг хийжээ.

Нярайн эндэгдлийн 44 хувь нь төрөөд эхний 1-2 цагт нас бардаг 

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: “Зургаан сарын өмнө JCI байгууллагын залуус ийм төсөл хэрэгжүүлмээр байна гэж над дээр ирсэн. Ийм чухал төслийг дэмжихгүй байхын аргагүй. Бид хөрөнгө мөнгийг яаж босгох вэ, засвараа хэзээ дуусгах вэ гэдгээ ярилцсан. Их хэцүү төсөл.

Төрийн бус байгууллагаас ийм төслийг хийхэд амаргүй. Сэтгэл байхад шийдэл ямагт олддог юм байна. Би хөрөнгө, мөнгө санхүүгийн асуудалд бололцоогоороо тусалсан. Өөр хүмүүсээс санхүү босгоход хамтарч ажилласан. Монгол улс мянганы хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд энэ ажил түлхэц үзүүллээ. Ер нь нярайн эндэгдлийн 44 хувь нь төрөөд эхний 1-2 цагт нас бардаг юм билээ. Одоо ийм тасагтай болсон учир нярайн эндэгдэл буурах байх” гэв.

Нярайн тасагт өдөрт 25-40 хүүхэд хэвтэн эмчлүүлдэг. Өмнө нь өргөн ор бүхий хавтан дээр хоёр хүүхдийг зэрэгцүүлэн хэвтүүлж, эмчилдэг байсан. Харин тасаг шинэчлэгдсэнээр  зориулалтын ор дээр нэг нярайн хөдөлгөөнийг хязгаарлахгүйгээр хэвтүүлж, эмчлэх боломж бүрджээ. Мөн нэг ор дээр нэг нярай хэвтсэнээр дулаанаа алдах эрсдэлгүй болж, асрагч сувилагч нар хүүхдийг зөөж, тээвэрлэн эмчлэхдээ аюулгүй болсон байна. Нярай судлалын тасаг нийт 35 сувилагч, 11 эмчтэй. Нэг өдөрт дөрвөн сувилагч тасагт ээлжлэн ажилладаг. Энэ нь нэг сувилагч өдөрт 8-10 хүүхдийн эм, эмчилгээг хариуцдаг гэсэн үг.

 Нэг сувилагч өдөрт 8-10 хүүхдийн эм, эмчилгээг хариуцдаг