m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.11.23 01:40
98
Эдийн засгаа аврахад иргэн бүрийн оролцоо чухал

Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын гол баялаг нь Баянтээгийн нүүрсний уурхай юм. Тус суманд 1000 гаруй өрхийн 3600 гаруй иргэд ажиллаж, амьдардаг. Сумын нутаг дэвсгэрээр баруун чиглэлийн хэвтээ тэнхлэгийн авто зам дайран өнгөрдөг. Түүнчлэн  Улаанбаатар болон Арвайхээр сумтай хатуу хучилттай замаар холбогдсон билээ. Мөн Нарийнтээл сум нь нүүрсний уурхайгаас гадна Өвөрхангай болон Баянхонгор аймгийн зарим сумдыг өвс тэжээлээр хангадгаараа онцлогтой.

Ийнхүү Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны уулзалт зөвлөгөөн Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд үргэлжилсэн бөгөөд зөвлөгөөнд Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Ерөнхийлөгч Ч.Даваабаяр, Гүйцэтгэх захирал Н.Ганболд, сумын Засаг дарга О.Түмэнжаргал, Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Г.Батсүх болон Нарийнтээл суман дахь салбар хорооны дарга А.Өргөнханд нар оролцлоо.

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Нарийнтээл суманд хийсэн уулзалт зөвлөгөөний үеэр баялаг бүтээгчдийн өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг ярилцаж, харилцан санал солилцохын зэрэгцээ шийдвэрлэх ямар гарцыг эрэлхийлж байгаа талаар хэлэлцсэн юм.

Харин Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны зүгээс эхний ээлжинд мэдээллээр хангахад тууштай ажиллаж, ирээдүйд санхүүгийн асуудлыг хэрхэн хэрэгжүүлэх талаар мэдээлэл өглөө. Мөн үйлдвэрлэгч орон болж эдийн засгаа аврахад иргэн бүрийн оролцоо чухал гэдгийг холбооны удирдлагууд онцлов.

Мөн энэ үеэр тус сумын иргэд ажил хэрэгч саналуудыг дэвшүүлэхийн сацуу цаашид хамтран ажиллаж, Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны дэмжлэгийг авах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.  Түүнчлэн сумын иргэд “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төслийн хамт олныг Баянтээгийн нүүрсний уурхайд ажиллаж, тус уурхайд түшиглэн үйлдвэрлэл явуулдаг иргэдийн үйл хэргийг сурталчлан таниулах ажлыг зохион байгуулах саналыг дэвшүүллээ. Энэхүү саналаг холбооны удирдлагууд таатай хүлээн авч удахгүй уг ажлыг эхлүүлнэ хэмээн амлав.

Харин Нарийнтээл сумаас “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл хөтөлбөрт өмнө нь “Ган зүү” оёдлын цех, ”Дундын бүлэг” ТББ, ”Сүргийн шим” бүл, ”Үйлчин” оёдлын цех зэрэг үйлдвэрлэгчид хамрагдаж бараа бүтээгдэхүүнээ сурталчилжээ. Төсөл хөтөлбөрт хамрагдсан эдгээр баялаг бүтээгчид шинэ санал санаачилга, талархлын үгсээ хэлэхээр уулзалт зөвлөгөөнд хүрэлцэн ирсэн байлаа.  

Нарийнтээл суманд зохион байгуулагдсан Баялаг бүтээгчдийг дэмжих холбоонд олон арван үйлдвэрлэгчид дуу хоолой, үзэл бодлоо нэгтгэхээр гишүүнээр элсэж үнэмлээ гардсан юм.  Түүнчлэн сумандаа амжилттай хөдөлмөрлөж байгаа хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагнаж урамшуулав.

Тодруулбал, Монголын Залуучуудын холбооны Тэргүүний залуу алтан медалиар Г.Амартүвшин, Тэргүүний залуу малчнаар Э.Гүррагчаа, Хөдөлмөрийн яамны жуух бичгээр Ц.Билэгням, Хөдөлмөрийн тэргүүний ажилтнаар А.Бямбасүрэн нарын хүмүүсийг шагнасан. Шагналыг Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Ерөнхийлөгч Ч.Даваабаяр гардуулж, эх орондоо баялаг бүтээж хөгжил дэвшилд гар бие оролцож байгаад талархал илэрхийллээ.

Ийн Нарийнтээл суманд болсон уулзалт зөвлөгөөн ажил хэрэгч санал олонтой, амжилт бүтээлээр манлайлсан сайчуудын баяр, талархал дунд  өрнөлөө.

Дашрамд дурдахад Нарийнтээл сумын малчдыг хамруулсан уулзалт зөвлөгөөнийг удахгүй зохион байгуулахаар төлөвлөжээ. Мал бол Монголын хамгийн үнэт баялаг билээ.