m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.11.23 09:42
53
Өнөөдрийн онцлох үйл явдал

                                                         

                                             Ерөнхийлөгч Франц улсад айлчлаад эх орондоо ирлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Франсуа Олландын урилгаар тус улсад 2015 оны арваннэгдүгээр сарын 18-19-нд албан ёсны айлчлал хийгээд өнөөдөр эх орондоо ирлээ. Уг айлчлал нь Парис хотод террорист халдлага болсны дараа гадаадын анхны Төрийн тэргүүний тус улсад хийсэн айлчлал болсон юм. Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч нар албан ёсны хэлэлцээ хийж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Бүгд Найрамдах Франц Улсын Сенатын Ерөнхийлөгч Жерар Ларше, Гадаад хэрэг, олон улсын хөгжлийн сайд Лоран Фабиус нар тус тус бараалхав. Айлчлалын үр дүнгээр хоёр тал хамтарсан мэдэгдэл гаргалааЭнэхүү айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буйгаараа онцлог болов. Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол, Францын Бизнес форумыг нээж үг хэлсэн бөгөөд Францын хөдөө ахуй болон соёлын байгууллагуудын төлөөлөлтэй уулзав.

Ерөнхий сайд цензургүй ярихаа хойшлууллаа

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр 21.00 цагт “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцох байсан. Гэсэн ч Засгийн газрын тэргүүн хүндэтгэх шалтгааны улмаас түр хойшлуулжээ. Энэ талаар Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.  

Эрүүл мэндийн сайдыг яаралтай томилохыг шаардлаа

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга, "Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах" тухай УИХ-ын тогтоолын төсөл, "2016 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт хүйтний улирал эхэлсэн, ханиад томуу дэгдэж байгаа энэ үед гурван сая хүний эрүүл мэнд, амь настай холбоотой салбар хариуцдаг Эрүүл мэндийн сайдын томилгоог нэн яаралтай хийх шаардлагатайг онцлов. Удирдах албан тушаалтнууд нь хэрэгт шалгагдаж буйн улмаас эзэнгүйдээд байгаа энэ салбарыг хариуцах эзэнтэй болгоход Засгийн газар хугацаа алдалгүй санаачилгатай ажиллах шаардлагатайг хэлэв.

                                                             Талийгаачийг хүндэтгэн зул өргөлөө

Зуурдаар таалал төгссөн сэтгүүлч Л.Болормаа агсаныг хүндэтгэж түүнтэй мөр зэрэгцэн сэтгүүл зүйн салбарт ажиллаж байсан анд нөхөд, хамтран зүтгэгчид нь өнөөдөр зул өргөлөө. Түүнийг хайрладаг, хүндэлдэг хүн бүхэн эмгэнэн гашуудаж байна. Талийгаачийг энэ сарын 25-ны лхагва гаригт эцсийн замд нь үдэх юм. Манай сайтын хамт олны өмнөөс талийгаачийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлж байна.

                                                    Ц.Мөнхбаяраас уучлалт гуйх тогтоол гаргажээ

Өршөөлийн хуульд хамрагдаж, суллагдсан “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нэр төрөө сэргээлгэх, нэхэмжлэлийг Дүүргийн анхан шатны шүүхийн Иргэний хэргийн II шүүхэд гаргаад байсан билээ. Тэрбээр хариуцагчаар татсан нөхөдтэй эвлэрлийн гэрээ байгуулсан бөгөөд түүнийгээ шүүхэд гаргаж, уучлалт гуйхыг шаардсан юм. Тэгвэл өнөөдөр шүүх дээрх хэргийг хэлэлцэж, Ц.Мөнхбаяраас уучлалт гуйх тогтоолыг гаргажээ. Ингэснээр түүний нэр төр сэргэх юм байна.

       Таксины жолооч хөнөөсөн этгээдүүдэд холбогдох шүүх хурал хойшилжээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг Улаанчулуутын хогийн цэгийн нутаг дэвсгэрт өнгөрөгч хоёрдугаар сарын 6-ны өглөө таксины жолоочийг хутгалсан байсан юм. Хохирогч залуу хүзүүндээ хутгаар хэрчүүлсэн, цээж хэвлийдээ хутгуулсан байдалтай байсан бөгөөд түүнийг ГССҮТ-д хүргэсэн боловч шархаа даалгүй амиа алдсан. Энэхүү хэргийн сэжигтнээр 1990 онд төрсөн Э, 1993 онд төрсөн А нар шунахайн сэдлээр үйлдсэнээ анхны мэдүүлгээрээ хүлээгээд байсан. Тэд Улаанчулуутын хогийн цэгт хүргүүлэхдээ таксины жолоочтой маргалдан, хүзүүнд нь хутга тулган сүрдүүлсэн аж. Удалгүй хүзүүг нь хэрчиж, цээж хэвлийг нь мөн хүйтэн мэсээр гэмтээгээд машиныг нь аваад зугтаасан байдаг. Одоогоор хэргийн үйлдсэн гэгдээд буй Э нь хорих ангид саатуулагдаж байгаа бол А нь гадуур байцаагдаж байгаа гэнэ. Шүүгдэгч нарт холбогдох  хурал өнөөдөр Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох байсан ч өмгөөлөгчийн шүүх хурал давхардсан тул хурлыг ирэх сарын 14-н өдөр хүртэл хойшлуулсан байна.