m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.11.24 01:37
661
Уянга сумын баялаг бүтээгчдийг танилцуулж байна

Масс агентлагийн "Баялаг бүтээгчдийг дэмжинэ" төсөл хөтөлбөрийн баг Монгол улсын өнцөг булан бүрт үйлдвэрлэл эрхэлж байгаа баялаг бүтээгчдээ сурталчлан танилцуулж байна. Энэ удаад Өвөрхангай аймгийн Уянга сумын баялаг бүтээгчдийг танилцуулж байна. Уянга сум нь 10.000 гаруй хүн амтай бөгөөд аймгийн төвөөс 70 км-ийн зайд хангайн бүс нутагт оршдог. Үндэсний үйлдвэрлэл тэр дундаа модон эдлэл, талх нарийн боов, гутлын цех, хоршооллын хэлбэр түлхүү хөгжсөн сум юм.

Өвөрхангай аймгийн Уянга суманд олон төрлийн гутлын цех үйл ажиллагаа явуулж байна. Үүний нэгэн төлөөлөл бол Буян-Угалз гутлын цех юм. Тус цех цэвэр хонины нэхийн гутлыг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. Захиалга орон нутгийн иргэдээс гадна аймгийн төв, Улаанбаатар хот, Булган аймгийн Рашаант сум зэргээс ирдэг.

Ц.Баасандолгор: Хонины нэхий гутал дулаахан, чийг татдаггүй

 Буян-Угалз гутлын цехийн дарга Ц.Баасандолгор

Хэзээнээс гутлын цех байгуулан ажиллаж байна вэ?

Манай үйлдвэрийн ажилчид өмнө нь Ахуйн үйлчилгээний гутлан тасагт ажиллаж байсан. 1992 оноос өрхийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаад 2012 оноос цех байгуулан ажиллаж байна.

Танай цехээс ямар төрлийн бүтээгдэхүүн гарч байна вэ?

Нэхий гутлыг эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн гэсэн гурван төрлөөр өнгө, размерын сонголттой үйлдвэрлэдэг. Хонины нэхийг боловсруулж түүхий эд болгон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

Нэхий гутлын талаар манай уншигчдад танилцуулахгүй юу?

Хонины нэхий гутал дулаахан, чийг татдаггүй. Малын түүхий эд учраас хүний биед сөрөг нөлөөгүй, хөлд эвтэйхэн байж чаддаг.

Гол түүхий эд болох нэхийгээ өөрсдөө боловсруулдаг хэрэг үү?

Гол түүхий эд болох хонины нэхийг зуны цагт угааж цэвэрлээд, илдэж бэлэн болгож хатаадаг. Өвлийн цагт зун хураасан түүхий эдээрээ гутлаа хийдэг.

Цаашид нэхий гутлыг нутгийн брэнд болгоод ажиллах боломж бий юу?

Түүхий эд материалаа хангалттай бэлдээд үйлдвэрийн тоног төхөөрөмж, ажлын байраа нэмэгдүүлж чадвал нэхий гутлын эрэлт хэрэгцээ их байна. Тулгарч байгаа гол бэрхшээл нь хөрөнгө санхүүгийн асуудал байдаг.

Утас: 95335599, 89128899

Өвөрхангай аймгийн Уянга сум эртнээс мод, модон эдлэлийн хийцээр алдартай билээ. Уянгын хийц бүхий сийлбэртэй, эрээн гэр хийх технологийг залуу хойч үе уламжлан авч үйл ажиллагаа явуулж байна. Түүний нэгэн төлөөлөл Ж.Пүрэвдаш 2010 оноос уянга хийцийн сийлбэртэй, эрээн гэрийг захиалгын дагуу үйлдвэрлэдэг аж.

Ж.Пүрэвдаш: Сайн чанарын сийлбэртэй, эрээн цоохор гэрийг манай нутагт л үйлдвэрлэдэг байсан

Уянга хийцийн сийлбэртэй, эрээн гэрийг хэзээнээс хийж эхлэв?

1994 оноос эхлэн гэрийн мод хийж эхэлсэн. 2010 оноос тууштай хийж байна.  

Жилд хэдэн гэрийн модын үйлдвэрлэн зах зээлд борлуулж байна вэ?

Жилд 5-7-н иж бүрэн гэрийн модыг захиалгын дагуу үйлдвэрлэдэг. Мөн хэрэглэгчдийн дагуу захиалгаар салган үйлдвэрлэж байна.

Захиалгын оргил үе хэдийд байна. Олон төрлийн сонголттой үйлдвэрлэж байна уу?

Хэрэглэгчийн сонирхлыг дагуу гэрийн модыг иж бүрэн сийлбэртэй, эрээн цоохор , цулгуй гэх мэтээр хийж байна. Захиалгын оргил үе 6-10 сарын хооронд байдаг.

Түүхий  эд, материалаа хаанаас татаж авдаг вэ?

Түүхий эд болох модоо аймгийн төв болон Бат-Өлзий сумаас бэлтгэдэг. Намар гэрийн модоо бэлтгээд өвөл хатааж зуны улиралд бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.

Уянга хийцийн эрээн гэр хэзээнээс алдартай байсан. Энэ нутгийн брэндийг цаашид хэрхэн үргэлжлүүлэх бодолтой байна вэ?

Сайн чанарын сийлбэртэй, эрээн цоохор гэрийг манай нутагт л үйлдвэрлэдэг байсан. Энэ ажлыг үргэлжлүүлэхийн тулд илүү олон хүний хичээл зүтгэл шаардлагатай. Шинэ үйлдвэрийн байртай болж чадвал ажлын байраа нэмэгдүүлэх боломжтой. Олон хүн зэрэг ажиллавал ажлын бүтээмж илүү өндөр байна.

Утас: 95680783, 8645-5262

 

 

Уянга сумын долдугаар багийн өрхийн үйлдвэрлэгч Т.Цолмон үнээний сүүгээр төрөл бүрийн цагаан идээг боловсруулж сумын иргэдийн хэрэгцээг ханган ажиллаж байна. Мөн уламжлалт аргаар тогоо нэрж шимийн архи гарган авдаг билээ. Шимийн архи нь чийг бамын өвчинд сайн бөгөөд эртнээс хэрэглэж ирсэн идээний төрөл юм.

Т.Цолмон: Шимийн архи нь хүний эрүүл мэндэд олон ашиг тустай идээ

Хэзээнээс өрхийн үйлдвэрлэл явуулж эхлэв. Ямар төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна вэ?

Би 2008 оноос өрхийн үйлдвэрлэл эрхэлж бүх төрлийн цагаан идээг  зах зээлд борлуулж байна. Голчлон адуу, үхэр өсгөн үржүүлдэг.

Зуны цагт хэдэн гүү, үнээ саадаг вэ?

Манайх зуны улиралд 10 орчим үнээ, 17 гүү сааж цагаан идээ боловсруулж байна.

Ямар төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна вэ?

Зуны улиралд 50-60 литр сүүг боловсруулан бүтээгдэхүүн хийдэг. Сүүгээ хөөрүүлж өрөм гаргана. Өрмөө гаргасны дараа тараг бүрээд, эргүүлж ундаа болгон тогоо нэрж  байна. Тогоо нэрсэн ундаагаа шүүж, шахан аарц болгож ааруул бэлтгэдэг.

Тогоо нэрэх бол монгол эмэгтэйчүүдийн өдөр тутмын хийдэг байсан ажил. Тогоо нэрэх аргын талаар манай уншигчдад танилцуулахгүй юу?

Монголчууд эрт дээр үеэс ундаагаа исгэж, буцалгаж монгол архи буюу шимийн архийг гаргаж авдаг байсан. Шимийн архи нь согтуурах биш хүний эрүүл мэндэд олон талын ашиг тустай идээ юм. Тогоо нэрсний үр дүнд гаргасны үр дүнд аарц гарган авдаг.  

Борлуулалтаа хэрхэн хийдэг вэ?

Цагаан идээгээ сумын иргэдэд худалдан борлуулдаг. Хүмүүс мэддэг учраас захиалгаа өгөөд бүтээгдэхүүнээ аваад явдаг.

Цаашид үйлдвэрлэлээ хэрхэн өргөжүүлэх бодолтой байдаг вэ?

Цаашид үнээгээ түлхүү өсгөж үржүүлэх бодолтой байна. Ингэснээр их хэмжээний цагаан идээ боловсруулах боломж бүрдэнэ. Зөвхөн сумын төвд бус аймгийн төв илүү том хэмжээний зах зээлд борлуулах шаардлагатай.

Утас: 99748699, 91601333

Баянбулаг ресторан 2007 оноос эхлэн өнөөдрийн хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулсаар иржээ. 40-50 хүнийг хүлээн авах заал танхим, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх караоке болон олон нэр төрлийн амт чанартай хоолоор үйлчилдэг юм. Цаашид орчин үеийн стандартанд нийцсэн зочид буудал зэргийг барих төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Г.Дэлгэрмаа: Орчин үеийн стандартад нийцсэн зочид буудал барина

Төрөлх сумандаа ресторан байгуулах санаа хэзээ төрөв. Үйл ажиллагаагаа явуулаад хэр удаж байна вэ?

Би 1999-2006 он хүртэл бэлэн хувцасны дэлгүүр ажиллуулдаг байсан. Бизнесийн салбараа өөрчлөх судалгаа явуулсаны үр дүнд сумын төвд байх шаардлагатай зоогийн газар, ресторан ажиллуулахаар зориг шулуудсан. Тэгээд Баянбулаг рестораныг 2007 онд байгуулсан. Сумын төвийн анхны ресторан бөгөөд өнөөдрийн байдлаар 3-4 хүнийг тогтмол ажлын байраар ханган ажиллаж байна.

Уянга сум байгалийн үзэсгэлэнт газрууд олон аялал жуулчлалын бүс нутаг. Гадаад болон дотоодын зочид хэр үйлчлүүлдэг вэ?

Манай сумыг зорих гадна болон дотоодын жуулчдын хөл тасардаггүй. Үйлчлүүлэгчдийн итгэлийг хүлээхийн тулд үйлчилгээ болоод хоолны нэр төрөл, чанарт ихээхэн анхаарч ажилладаг.

Үйл ажиллагаагаа өргөжүүлхийн тулд ямар ажлуудыг зохион байгуулж байна вэ?

Энэ хавар сум хөгжүүлэх сангаас 10 сая төгрөгийн зээл авч үйлчилгээний заалаа томруулсан. Цаашид хоолны нэр төрлийг илүү олон болгох төлөвлөгөөтэй байна.

Уянга сум хүн амын тоо өндөр. Залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх тал дээр ямар ажлыг зохион байгуулах төлөвлөгөө байна ?

Залуучуудад зориулсан биллиард, теннисны заалыг барихаар төлөвлөөд байна. Цаашид үйл ажиллаагаа илүү өргөжүүлж орчин үеийн стандартад нийцсэн зочид буудал барих болно. Аялал жуулчлалын бүс нутагт түшиглэн гадаад дотоодын зочдод зориулсан спорт аялалыг хөгжүүлэх боломжтой.

Утас: 99849935, 99911535

Уянга сум 10000 гаруй хүн амтай. Хүн амын тоо өсөхийн хирээр үйлчилгээний газруудын тоо өссөөр байна. Г.Батдолгор 2010 онд үсчиний салон нээж үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Өдөрт 5-10 хүн тус салоноор тогтмол үйлчлүүлдэг аж.

Г.Батдолгор: Залуучуудын үсний засалт, гоо сайхны мэдрэмж орчин үетэй хөл нийлүүлэн алхаж байна

Эмэгтэй хүний ур чадварыг илтгэсэн мэргэжлийн нэг бол үсчин. Хэзээ энэ мэргэжлийг эзэмшсэн бэ?

1990 онд барилгын техникч мэргэжлээр төгссөн. Тухайн үед эзэмшсэн мэргэжлээрээ ажиллах боломжгүй учраас Жаргалант багийн сургуульд байрны багшаар ажиллаж байсан. Өөрөө үс засах дуртай байсан учраас үсчин болохоор шийдэж аймгийн төвд сургалтанд хамрагдсан. Аймгийн төвд хоёр жил ажилласны дараа 2010 онд Уянга суманд ирж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

Суманд энэ төрлийн үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй тал нь юу вэ?

Манай үсчиний газрааар тогтмол үйлчлүүлэгчтэй байдаг. Төвийн шугамд холбогдоогүй учраас баяр ёслолын болон ачаалалтай үед хүндрэл үүсдэг. 

Уянга суманд хэд хэдэн үсчин, гоо сайханы газар харагдаж байсан. Бусдаас ялгарах онцлог тань юу вэ?

Манай үсчиний газар төвийн бүсэд оршдог учраас үйлчлүүлэгчтэй ихтэй байдаг. Хамгийн чухал нь тухайн үсчин хүний чадвар, үйлчилгээ үзүүлэх чиг хандлага байх ёстой.

Цаашид үйл ажиллагаагаа хэрхэн өргөжүүлэх бодолтой байдаг вэ?

Орчин үед хот, хөдөөгийн ялгаа гарахаа больсон.  Ялангуяа залуучуудын үсний засалт, гоо сайхны мэдрэмж орчин үетэй хөл нийлүүлэн алхаж байна. Тийм учраас ажлын байраа нэмэгдүүлэх, илүү тав тухтай орчинд үйл ажиллагаа явуулах шаардлага тулгарч байна.

Утас: 95238348