m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.11.24 01:38
629
Хархорин сумын баялаг бүтээгчдийг танилцуулж байна

Масс агентлагийн хамт олон Баялаг бүтээгчдийг дэмжинэ төслийн хүрээнд Өвөрхангай аймгийн Хархорин сумын баялаг бүтээгчдийг алдаршуулж байна.

А.Даваасүрэн:Стандартаа мөрдөн ажилладаг болохоор манай цонх чанартай

Хөдөө орон нутагт бүтээн байгуулалт өрнөж,  байшин барилга , хороолол баригдахын хэрээр цонх, хаалга бусад туслах материалын хэрэгцээ нэмэгдсээр байна. Хархорин суманд орон сууц, хаус хороолол баригдаж эзнээ олжээ. Тус барилга, байгууламжийн цонхыг хийж, нутаг олныхоо талархлыг хүлээсэн “Бат цонх” компанийг бид Баялаг бүтээгчдийг дэмжинэ төсөлдөө урилаа.

Тус компани улирлын чанартай ажилладаг. Учир нь барилгын ажил хавар, намар зуны дэлгэр цагт ихэвчлэн эрчимтэй явагддагтай холбоотой юм. Гэхдээ өвлийн эхэн сар хаяанд ирсэн өдрүүдэд биднийг очиход тус компани ажлаа үргэлжлүүлсээр, цонхоо хийсээр угтсан юм.

“Бат цонх” компанийн захирал А.Даваасүрэн “Манай сум Өвөрхангай аймгийн сумдаас жуулчид их ирдэг, их хөлийн газар гэдгээрээ онцлогтой. Тиймээс барилга, байшин олноороо баригдаж байгаа. Манай компани байгуулагдаад гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Сум хөгжүүлэх сангаас бага хүүтэй зээл аваад зээлээ амжилттай төлж, үр бүтээлтэй ажиллаж байгаадаа баяртай байдаг. Манай компанийнхан хоёр аймгийн 5-6 сумын вакуум цонхны хэрэгцээг хангадаг. Стандартын дагуу чанартай хийдэг болохоор  иргэд маань сэтгэл хангалуун байдгаа хэлдэг. Материалаа БНХАУ болон Улаанбаатар хотоос татдаг. Бид цонх, хаалга, хаалт хийж үйлчилдэг” гэв.

Одоогоор 2-3 хүнийг ажлын байраар хангаж байгаа ч ажил нь ихэссэн, намар, зун хаврын улиралд 4-5 хүнийг нэмж ажиллуулдаг юм байна. Тус хамт олон ирэх жил металл цонхны үйлдвэр оруулж ирэхээр бэлтгэлээ базааж байгаа юм. Орон нутагт үйл ажиллагаа явуулахын давуу талыг тэд мэдэрч байгаа гэсэн. Учир нь орон нутгийн иргэд бие биеэ сайн таньдаг, хийж бүтээх чин хүсэлтэйг нь мэддэг учир сумын удирдлага сайн дэмжиж, үйл ажиллагаагаа өргөтгөхөд нь тогтмол дэмждэг аж.

С.Дулам:Өглөө бүр бидний хийсэн талхыг амталж байгаа гэж бодохоор урамтай байдаг

Баялаг бүтээгчдийг дэмжинэ төслийн баг Хархорин суманд ажиллаж байхдаа өөрсдийн хийсэн талхаа дэлгүүрүүдэд тарааж буй гэр бүлийн хоёртой таарсан юм. Өглөө нар ургахтай зэрэгцээд ажлаа эхэлсэн тэд бага үдэд талхныхаа талыг  тарааж дууссан байв. Сумынхаа иргэдэд өдөр бүр амттай халуун талхаар бэлэг барьдаг тэд зав чөлөөгүй байх юм билээ. Гэсэн ч бидэнтэй цаг гарган уулзаж, хийж буй ажлаа танилцуулсан юм. Хашаандаа жижиг байшин барьж, шарах шүүгээ, зуурмаг бэлтгэх өрөө нээсэн тэд чамбай, нягт нямбай гэдэг нь үүдээр нь ороход л илт. Шаланд нь бүртийх ч тоос үгүй “Ундраа” талхны цехийн ажилтан цагаан халад өмсөн, амны хаалт зүүж, малгай өмсжээ.

“Хархорин сум хүнсний үйлдвэртэй байсан. Эгч нь ажлын гараагаа хүнсний үйлдвэрээс эхэлж, социализмийн үеийн стандарт нормыг ягштал сурсан хүн. Зах зээлийн системд шилжээд үйлдвэр маань үүдээ барьсан. Хийж сурсан зүйл гэдэг хэзээд л хэрэг болдог хойно, гэр бүлийн хүнтэйгээ нийлж талхны цех байгуулан ажиллаад 13 жил болж байна. Одоо бид буриад, хар, болон бүхэл үрийн талх үйлдвэрлэдэг.

Ачаалал нэмэгдсэн үед цагийн ажилтан авч ажиллуулдаг. Манай сумынхан бидний бүтээгдэхүүнийг хэрэглээд сурсан, ам сайтай байдагт бид талархдаг. Хорхорин сумынхаа талхны хэрэгцээний 70 хувийг бид хангадаг. Мөн Хашаант, Хотонт сумынхан манай талхыг авдаг. Цаашдаа бид үйлдвэрээ өргөтгөн нарийн боов үйлдвэрлэх болно” гэв.

Д.Батбаяр : Хүсэл сонирхол маань намайг сийлбэрч болгосон

Их Монгол улсын анхны нийслэл Хархориныг зорих жуулчид олон. Харин тэдгээр жуулчдад худалдан авах бэлэг дурсгал, түүхийг харуулсан соёлын эд зүйл тийм элбэг биш байдаг аж.  Дутагдалтай байгаа зүйлийн орон зайг нөхөх хүсэлдээ хөтлөгдөн, гарын ураа ашиглан олон зүйл хийж буй баялаг бүтээгч Д.Батбаяртай уулзлаа.

Багш мэргэжилтэй тэрбээр өөрийн сонирхолдоо хөтлөгдөн  жижиг урлан байгуулан ажилладаг болжээ.

“2013 оноос эхлэн гар урлалын чиглэлээр  ажиллах болсон. Эсгий, арьсан эдлэл урладаг ч сийлбэрийг түлхүү хийдэг. Хуш, нарс, хулсан дээр сийлбэр хийж үндэсний өв соёл, түүхээ бүтээлдээ шингээж хийхийг эрхэм зорилгоо болгон ажилладаг. Хангайн бүсийн худалдааны чөлөөт үзэсгэлэнгээс шилдэг бүтээл, шилдэг бүтээгдэхүүний шагнал авч байсан. 2006 онд ардын гар урлаачдын үзэсгэлэн худалдаа болсон юм. Энэ үзэсгэлэнгээс шилдэг технологи үйлдвэрлэлд нэвтрүүлсэн хэмээн эрхэм шагнал авсан. Эсгийгээр бүтээл хийж оролцсон маань амжилт дагуулсан. Юугаараа давуу байсан бэ гэхээр ямар ч наалт оруулалгүй эсгийг товойлгож хийсэн нь бусдаас ялгаатай байсан юм” гэв.

Түүний бүтээлд үндэсний өв соёлоо дээдэлсэн, эх орноороо бахархсан үзэл нэвт шингээстэй байна. Сийлбэр хийж байгаа хүмүүс хэв ашиглан хийх болжээ. Харин Монголын ардын гар урлал гэдэг бол өөр байдаг юм шүү гэдгийг харуулах, хадгалан авч үлдэх зорилготой байдгаа дуулгав. Ирэх жил Хархорины түүхт ой болно. Түүхэн ойг үзэж сонирхохоор ирсэн хүмүүсийн сонирхлыг татах бэлэг дурсгалын зүйлээ тэрбээр одооноос хийж эхэлжээ.

О.Дэлгэрмаа: Хувцас загвараас гадна хүний биед эвтэйхэн байх ёстой

Сумынхаа бүсгүйчүүдийн гоёлын дээл, даашинзыг урладаг “Мөнх урлах” оёдлын цехийг бид Баялаг бүтээгчдийг дэмжинэ төсөлдөө онцоллоо. Сум орон нутагтаа хийсэн бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ танигдсан хүмүүс  олон байна. Тэдний нэг нь О.Дэлгэрмаа ахлагчтай “Мөнх урлах” ХХК-ийн оёдлын цех юм. Тэднийх хийц, загвар сайтай гоёлын даашинз, дээл урлан сумынхаа бүсгүйчүүдийг гоёдог гэдгээрээ ялгардаг юм байна.

Үйлчин бүсгүйчүүдээ удирдан ажиллаж, бүтээгдэхүүний загвар хийцийг сайжруулахыг төлөө хичээн ажиллаж буй О. Дэлгэрмаа бидэнтэй уулзаж ярилцлаа.

“Үйл мэтгэдэггүй бүсгүй гэж бараг үгүй.  Монгол эмэгтэйчүүд дээл хувцсаа өөрсдөө оёод өмсчихдөг байлаа. Монгол хүний цусанд тэр шинж чанар, сонирхол байдаг байх гэж би боддог.1996 оноос эхлэн гэрээрээ анх юм оёж байгаад сүүлдээ цех байгуулан одоо аж ахуйн нэгж болгоод хоёр жил гаруй болж байна. Захилга ихтэй учир 3-4 хүнийг ажлын байраар ханган ажилладаг. Сум хөгжүүлэх сангаас зээл авч техник хэрэгслээ шинэчилсэн. Үндэсний хувцсаа дагнан оёдог. Мөн дүрэмт болон ажлын хувцас, европ хувцас оёдог. Шинэ жил дөхөөд ирэхээр бидний ажлын ачаалал нэмэгддэг. Ямар ч төрлийн хувцас хүний биед эвтэйхэн, таарсан байх ёстой. Бид загвар хөөхөөс гадна таарсан, биед эвтэйхэн байхад онцгой анхаардаг. Хувцас оёход материал хамгийн чухал байдаг. Солонгос материал хувцас оёход агшдаггүй, хүний биед сайн сууж өгдөг учир худалдан авдаг” гэв.

Оёдол хийх дур сонирхолтой бүсгүйчүүдийг дагалдуудан зааж, сургасаар өөрийн гэсэн оёдолчинтой болсон О. Дэлгэрмаа цаашдаа олон хүнийг ажлын байраар хангаж, сонголт хийх боломж бүхий бөс барааны болон туслах материалын дэлгүүртэй болохыг хичээн ажиллаж байгаа юм.

 

 

Д.Сарантуяа: Сүүний гарцаа сайжруулж, боловсруулах үйлдвэртэй болохыг зорьдог

Хөдөө орон нутагт бэлчээрийн мал аж ахуй эрхлэхээс фермер байгуулан ажиллах иргэд цөөнгүй байдаг болжээ. Хархорин суманд “Зулзаган ой” үнээний ферм ажиллуулж буй Д.Сарантуяатай бид уулзлаа.

-Танайх фермерээс гадна газар тариалан давхар эрхэлдэг гэсэн үү?

-Юуны өмнө Баялаг бүтээгчдийг дэмжинэ төсөлд хамруулан, бидний хийж буй ажлыг олонд хүргэж буй та бүхэнд баярлалаа. Бид үнээний фермээс гадна газар тариалан, мал аж ахуй, хүлэмжийн аж ахуй, мод үржүүлгийн чиглэлээр 2004 оноос үйл ажиллагаа эрхэлж байна. Эрчимжсэн фермээ 2012 оноос байгуулан ажиллаж байна.

-Мах, сүүний чиглэлийн олон үхэр байдаг гэсэн. Аль чиглэлээ түлхүү авч явах бодолтой байна вэ?

-Махны чиглэлээ дагнана. Одоо манайд хар тарлан болон сименталь үүлдрийн үнээнүүд байгаа. Сүүний чиглэлийн үнээний сүүний гарц их учир сургууль, цэцэрлэг болон бусад шаардлагатай газар сүүгээ нийлүүлдэг.

-Сүүний борлуулалт хэр байдаг вэ. Боловсруулж бүтээгдэхүүн хийх бодол байдаг уу?

-Манай сүү борлуулалт сайтай. Зуны дэлгэр цагт сүү, цагаан идээгээ боловсруулж, ааруул, аарц, бяслаг хийж зардаг.

-Одоогоор үнээгээ гараар саадаг юм байна. Цахилгаан саалтууртай бол гарц нь илүү болох байх?

-Тэгэлгүй яах вэ. Цахилгаан саалтуураа энэ жил авах төлөвлөгөөтэй байгаа.Сүүний гарц нэмэгдсэнээр сүү, цагаан идээний боловсруулах хэмжээ ч нэмэгдэх болно. Баялаг бүтээгчдийг дэмжинэ төслийг хэрэгжүүлж буй танай хамт олонд ажлын амжилт хүсье.