m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.11.24 02:40
70
Залуус сумандаа хөдөлмөрлөх нь орон нутгийн хөгжилд нэн тустай

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны сумдад хийж байгаа уулзалт зөвлөгөөн Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд үргэлжиллээ. Уулзалт зөвлөгөөнд Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Ерөнхийлөгч Ч.Даваабаяр. Гүйцэтгэх захирал Н.Ганболд, Хайрхандулаан сумын Засаг дарга С.Ганхуяг, Тамгын газрын дарга Д.Цэвэлдулам, Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ж.Түвшинжаргал, Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Хайрхандулаан суман дахь салбар хорооны дарга Ж.Энхтүвшин нар оролцлоо.

Өвөрхангай аймгий Хайрхандулаан суманд өдгөө 1000 гаруй өрхийн 3300 орчим хүн ажиллаж амьдардаг. Түүнчлэн тус суманд одоогоор хорь гаруй үйлдвэрлэгч 140 орчим ажлын байрыг бий болгожээ. Харин Хайрхандулаан сум нь Бизнес хөгжлийн төвгүйгээс сумын иргэдийг ажлын баяраар хангаж боломжгүй байгаа аж. Гэсэн ч цаашид сумын иргэдийг ажилтай орлоготой болгох үүднээс хэд хэдэн ажил төлөвлөсөн талаар сумын удирдлагууд хэллээ.

Хайрхандулаан сумын орон нутгийн орлогыг мал аж ахуйгаас бүрдүүлдэг ч иргэд мод модон эдлэл, газар тариалангийн салбарыг илүү хөгжүүлэх сонирхолтой байгаа аж. Түүнчлэн хүнсний бүтээгдэхүүн болон бэлэн хувцасаа өөрсдөө үйлдвэрлэхийг хүсэж буйгаа дуулгав. Тиймээс тус сумын иргэд ахуйн үйлчилгээний төвтэй болох нь үйлдвэрлэл эрхлэх гарц болно хэмээлээ.   

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Хайрхандулаан суманд зохион байгуулсан уулзалтын үеэр “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөлд хамрагдсан баялаг бүтээгчдэд ажлын амжилт хүсэж холбооны гарын бэлгийг гардуулсан.  Түүнчлэн Баялаг бүтээгчдийг дэмжих холбоонд Хайрхандулаан сумаас хорь гаруй үйлдвэрлэгч гишүүнээр элсэж холбооны Ерөнхийлөгч Ч.Даваабаяраас үнэмлэхээ гардсан юм.

Ийн уулзалт зөвлөгөөнд Хайрхандулаан сумын иргэд идэвхтэй оролцож, Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны үйл ажиллагааны талаар өргөн мэдээлэлтэй, асуулт хариулт өрнөж байсан нь анхаарал татаж байлаа. Энэ үеэр шинээр үйлдвэрлэл эрхлэх хүмүүсийг илүү дэмжиж, тэдэнд боломж олгох тал дээр анхаарал хандуулна гэдгийг Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Хайрхандулаан суман  дахь салбар хорооны дарга  Ж.Энхтүвшин хэллээ.

 

Хайрхандулаан сумын баялаг бүтээгчид ийн зөвлөлдөхийн хажуугаар ажил хөдөлмөрөөрөө бусдыгаа манлайлж, амжилт гаргаж буй шилдэг хүмүүсийг салбарын болон Монголын Залуучуудын холбооны шагналаар шагналаа. Тодруулбал, Монголын Залуучуудын холбооны тэргүүний залуу алтан медалиар О.Баатарсүрэн, Тэргүүний залуу малчнаар Ш.Дашдондов, Хөдөлмөрийн яамны жуух бичгээр О.Чулуунбаатар, Хөдөлмөрийн яамны тэргүүний ажилтнаар Д.Бямбажаргал нарын хүмүүс энгэрээ цооллоо. Шагналыг Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Ерөнхийлөгч Ч.Даваабаяр гардуулж, цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэхийн зэрэгцээ үйлдвэржилтийн орон болоход гар бие, сэтгэлээ зориулахыг хүслээ.

Хайрхандулаан сумын иргэдийн 60 гаруй хувь нь залуучууд. Энэ ч үүднээс тус суманд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөдөлгөгч хүч нь тэдгээр залуус юм.  Тиймээс тэд сумандаа ажиллаж хөдөлмөрлөх нь орон нутгийн хөгжилд нэн тустай. Дашрамд дурдахад эдийн засаг хүндэрсэн энэ цаг үед анхны солонгорсон холбоо болох Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо байгуулагдаж удирдлагууд нь сэтгэл гаргаж иргэдтэй уулзаж, санал бодлоо солилцон, жаргал зовлонг нь хуваалцсанд талархал илэрхийллээ.  

Ажил хэрэгч санал, асуудал бэрхшээлээс гарах гарцыг хамтдаа эрэлхийлсэн уулзалт зөвлөгөөний дараа “Мөрөөдлийн театр”-ын жүжигчид шилдэг үзүүлбэрээ сумын иргэдэд толилуулж инээд хөөр бэлэглэлээ.