m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.11.25 02:55
29
“Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал” төсөлд санал авахаар Засгийн газарт хүргүүллээ

Монгол Улсын Их Хурлын даргын 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 60 дугаар захирамжаар Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн дарга С.Бямбацогт,  Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг нараар ахлуулан, нийт 15 гишүүнтэйгээр байгуулсан билээ.

Тус ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх дэд ажлын хэсэгт Засгийн газрын бүх яамдын Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга нар, Үндэсний хөгжлийн хүрээлэнгий эрдэмтэн, судлаачид оролцсон баг ажиллаж Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын судалгааг гаргасан юм. Ийнхүү эхний шатны ажил дууссаны дараа Монгол Улсын Их Хурлын даргын 2015 оны 06 дугаар сарын 12-ны  өдрийн 137 дугаар захирамжаар ажлын дэд хэсгийн шинэчлэн байгуулж, салбарын тэргүүлэх эрдэмтэн, бодлого судлаачид, мэргэжлийн байгууллагын төлөөллийг оролцуулан байгуулсан. Ажлын хэсэг “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030/ батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж дуусч, санал авахаар өнөөдөр Засгийн газарт хүргүүлсэн байна.

Түүнчлэн Улсын Их Хурал, Төрийн байгуулалтын байнгын хорооноос 2015 оны 11 дүгээр сарын 27-ны баасан гарагт Төрийн ордонд “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030/” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг эрдэмтэн, судлаачид, бизнесийн байгууллагын төлөөлөл, улс төрийн нам, төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулан зохион байгуулах юм байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.