m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.11.26 03:40
102
"Голден Гран-При" тэмцээнд манай улсын зургаан бөх зодоглоно

Азербайжан улсын нийслэл Баку хотын “Baku Sport Hall” спортын ордонд болох Г.Алиевийн дурсгалд зориулсан “Голден Гран-При” олон улсын уламжлалт тэмцээний энэ сарын 28-29-нд болно. Энэхүү тэмцээний чөлөөт бөхийн төрөлд оролцох манай багийн нэрс тодорхой болжээ.

Манай улсаас эрэгтэй чөлөөт бөхийн төрөлд 6, эмэгтэй чөлөөт бөхийн төрөлд 4 бөх уригдсанаас эрэгтэй 2, эмэгтэй 4 бөх оролцохоор болжээ. Үүнд эрэгтэй 57 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Э.Бэхбаяр, 65 кг-ын жинд Гавьяат тамирчин Г.Мандахнаран, эмэгтэй 58 кг-ын жинд Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, 63 кг-ын жинд Гавьяат тамирчин С.Батцэцэг, 69 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Э.Цэвэгмид, 75 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Одончимэг нар барилдах юм. 

Дасгалжуулагчаар эрэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат тамирчин Ц.Цогтбаяр, эмэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч З.Дүвчин, шүүгчээр МЧБХ-ны Шүүгчдийн зөвлөлийн дарга, олон улсын шүүгч Ц.Сэрээтэр оролцоно.

Тэмцээнд 44 орны, жин тус бүрт 20 гаруй бөхчүүд өрсөлдөнө. Жин тус бүрт түрүүлсэн бөхөд 10 мянга, түүнээс 2 мянгыг нь дасгалжуулагчид нь, мөнгөн медаль хүртсэн бөхөд 5 мянга, хүрэл медаль хүртсэн бөхөд 2 мянган ам.долларын урамшуулал олгох юм байна. Өмнөх жилийн тэмцээнүүдэд жин тус бүр түрүүлсэн бөх бүрийг алтан бөгж юм уу алтан цагаар шагнаж байжээ.