m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.11.26 04:48
71
Л.Лагсаннамдаг: Биднийг ороход аль хэдийн амьсгал хурааж, бие нь хөрсөн байсан

Нийслэлийн “Өргөө” амаржих газарт энэ сарын 21-ний өдөр буюу өнгөрсөн бямба гаригт эх үр хоёр нэг өдрийн зайтай эндсэн харамсалтай хэрэг гарсан билээ. Тус эмнэлгийн эмч нарын хайхрамжгүй байдлаас болж 27 настай А харамсалтайгаар нас барсан юм. Одоогоор тус амаржих газрын зүгээс задлан шинжилгээний хариу гарсны дараа мэдээлэл өгнө гэж байгаа бол талийгаачийн ар гэрийнхэн гомдолтой байгаагаа илэрхийлж Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдлөө өгсөн байна.

Талийгаач А гийн хувьд  анхны төрөлт байсан бөгөөд эх хүүхэд хоёрыг өнгөрсөн лхагва гаригт сүүлчийн замд нь үджээ.  Гэр бүлийнхэн нь өнөөдөр Гандантэгчинлэн хийдэд  ном хуруулж байхад нь аав Л.Лагсаннамдагтай ярилцлаа.

- Та бүхэнд гүн эмгэнэл илэрхийлье. “Өргөө” амаржих газарт төрөх гэж очоод таны охин харамсалтайгаар амь насаа алджээ. Өвдөлт нь хэр байсан юм бол?

- Энэ сарын 18-ны өдөр буюу өнгөрсөн лхагва гаригт миний охин хэвтэх бичигтэй Өргөө амаржих газарт очсон. Улмаар давтан шинжилгээ авч ургийн байдал хэвийн, бие нь сайн байна гэж хэлсэн. Харин ор байхгүй гэж буцаагаад маргааш өглөөний 08.00 цаг өнгөрч байхад эргэж очоод хэвтсэн. Ийнхүү хэвтсэн өдөр буюу пүрэв гаригт биед нь ямар нэг зовиур илрээгүй. Харин баасан гаригт өвдөлтийг эрчимжүүлэхийн тулд зүү тавьсан. Зүү тавьсны дараа тухайн өдрийн орой 19.00 цагаас хойш өвдөлт өгч 22.00 цагийн үед өвдөлт нь эрчимжсэн. Ингээд эмчдээ хэлэхэд болоогүй байна хэмээн хайхраагүй юм. Савных нь амсар нэг хуруу нээгдсэн байна. Үүрээр үзье гэж хэлээд үзээгүй. Өглөө өвдөлт нь улам ширүүсэх үед дахин хэлэхэд ээлж солилцож, хүлээж авсан эмч нь үзнэ гэж хэлээд бас л үзээгүй.       

Давтан шинжилгээ авч ургийн байдал хэвийн, бие нь сайн байна гэж хэлсэн

- Хэзээнээс бие нь муудаж эхэлсэн бэ?

- Баасан гаригийн өдөр 13.00 цагаас эхэлж өндөр халуурч эхэлсэн байгаа юм. Халуурч байгаагаа нөхөртөө мессежээр хэлсэн. Сүүлдээ хөөрхий охин минь ярих тэнхэлгүй болж зөвхөн мессеж л бичиж байсан. Ийнхүү сүүлдээ гар хөл нь чинэрч эхэлсэн юм билээ. Бие нь муудсан үед л эмч гарч ирээд хагалгаанд оруулахыг зөвшөөрсөн хуудсан дээр ээжээр нь гарын үсэг зуруулсан юм.  Тэр үед эмч анр ураг бүтэх гээд байна. Зүрхний цохилт нь багассан байна гэж бидэнд хэлсэн. Мэдээж улсын том эмнэлгийн бараа харсан бид сэтгэл амар л байлаа. Гэтэл охиныг минь аварч чадалгүй удсаар бямба гаригт амьсгал хураасан даа. Ням гаригт нь хүүхэд нь бүтэлттэй байсан учир эндсэн.

Сүүлдээ хөөрхий охин минь ярих тэнхэлгүй болж зөвхөн мессеж л бичиж байсан

- Зөвлөх эмч Б.Бүлтэнг дуудаж хагалгаа хийсэн гэж сонссон?

- Тийм ээ. Эмч нар нь зөвлөх эмч Б.Бүлтэнг дуудаж хагалгаа хийсэн юм шиг байгаа юм. Биднийг дотогш нь оруулаагүй ээ.  Ямартай ч 20 минут хагалгаа хийсэн байх. Гэвч охин минь хагалгаагаа дийлээгүй  юу, өөр ямар нэг асуудал болсон уу амьсгал хураасан. Биднийг ороход аль хэдийн амьсгал хурааж, бие нь хөрсөн байсан даа.  Бүх л бүтэн нэг айлын голомтыг хөмөрлөө. Бид гомдолтой байна. Эцсээ хүртэл хойноос нь явна.

Биднийг ороход аль хэдийн амьсгал хурааж бие нь хөрсөн байсан даа

- Охинтойгой хамгийн сүүлд хэзээ уулзсан бэ?

- Ах нь охинтойгоо хамгийн сүүлд есдүгээр сард уулзсан. Нөхөртэйгөө хөдөө явсан юм. Тэгээд л хүрч ирээд төрөх болсон. Би охиныхоо хөрсөн биеийг л харлаа. /уйлав/

- Талийгаач танай хэд дэх хүүхэд байсан бэ?

- Манайх таван хүүхэдтэй айл. Охин мань дээрээсээ хоёр дахь нь. Нийслэлийн 39 дүгээр сургуулийг онц дүнтэй төгссөн. Сургуулийн тэргүүний сурагч. Их засаг их сургуулийг компьютер дизайны мэргэжлээр төгсч “UB PLASTIC” компанид ажилладаг байсан юм. Талийгаач минь эрдэм номтой ажилч хичээнгүй, гэр бүлийхээ сор болсон охин байсан. Одоо л гэр бүлдээ тус нэмэр болох цаг ирсэн хэмээн ярьдаг байсан даа.

Гэр бүлдээ тус нэмэр болох цаг ирсэн хэмээн ярьдаг байсан даа

- Эмч нар та бүгдэд юу гэж хэлсэн бэ?

- Хүлцэл өчье л гэж хэлсэн. Хүний амь настай холбоотой асуудалд хүлцэл өчье гэж хэлэх нь хэр зохимжтой вэ. Эмч нар бидэнд шүүх цагдаад хандах шаардлагагүй. Бас нэг зүйлийг ойлгохгүй байна. Эх нялхсын шүүх шинжилгээний хүрээлэнгийн эмч н.Пагмадулам гэж эмч гар картыг нь өнгөрсөн даваа гаригт хяналтанд байсан эмнэлгээс нь аваад явсан байна. Угтаа өөрт нь хүртэл өгдөггүй байсан гэсэн. Яагаад тэр хүн гар картыг нь бидэнд хэлэлгүй аваад явчихсан юм бол. Бид хардаж байна. Тэр картан дээр юу гээд бичиж байгааг хэлж мэдэхгүй юм. Ах нь өнөөдөр картыг нь авахаар эмнэлэгт нь очтол байсангүй.  

- Шүүх эмнэлгийн дүгнэлт хэзээ гарах вэ?

- Дүгнэлт 14 хоногийн дараа гарна гэсэн. Шүүх шинжилгээний хариу ямар гарах нь уу тэрийг нь харж байгаад бид хөлөө хүрэх газраа хүртэл заргалдана аа.