m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.11.26 07:06
49
Хөдөлмөрийн чадвараа алдсан иргэний нөхөн төлбөрийг нэмэгдүүлнэ

“Сайдын цаг” уулзалтад Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан оролцож, мэдээлэл хийлээ.

Хууль эрх зүйн орчныг сайжруулах зорилтын хүрээнд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ-аар батлуулжээ. Хууль хэрэгжиж эхэлснээр үйлдвэрлэлийн орчин, гаднах талбайд иргэн осолд орж амь нас, хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд ажил олгогч хариуцлага хүлээдэг болсон байна. Түүнчлэн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас амь эрсэдсэн, хөдөлмөрийн чадвараа алдсан иргэн, тэдний ар гэрт олгох нөхөн төлбөрийн хэмжээг нэмэгдүүлж, эрсдэл ихтэй ажлын байранд ажиллаж байгаа ажилтныг амь нас, эрүүл мэндийн нэмэлт даатгалд заавал даатгуулах зэрэг шинэлэг өөрчлөлтүүдийг хийсэн. Үүнтэй холбогдуулан “Мэргэжлээс шалтгаалсан өвчнийг бүртгэн мэдээлэх журам”, “Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх журам”-уудыг батлан хэрэгжүүлж байна гэж Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан хэллээ.

Хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд ажил олгогч хариуцлага хүлээдэг болсон байна

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, УИХ-аар хэлэлцэж эхлээд байна. Энэ хууль батлагдсанаар хуулийн хамрах хүрээг өргөжиж, хөдөлмөрийн харилцааны шинэ хэлбэрүүдийг зохицуулан, алслагдсан орон нутагт ажиллаж байгаа иргэдийг 20 хоног ажиллаад 10 хоног амрах нөхцлийг бүрдүүлэх, өөрийн хүсэлтээр хүүхдээ 3 нас хүртэл нь асрах эхчүүдийн нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч төлөх, мэргэжлийн зэргийг цалин хөлстэй нь уялдуулан ялгавартай олгох, оюутан, залуучуудыг суралцахын зэрэгцээ 4 хүртэл цаг ажиллах, ажилласан тухай бүрт цалин хөлсийг олгож байх зэрэг эрх зүйн зохицуулалт бий болох юм. 

Эрсдэл ихтэй ажлын байранд ажиллаж байгаа ажилтныг амь нас, эрүүл мэндийн нэмэлт даатгалд заавал даатгуулах зэрэг шинэлэг өөрчлөлтүүдийг хийсэн

Хөдөлмөрийн салбарын асуудлууд нь бусад салбарын яамдтай холбогдсон хоорондын уялдаа холбоон дээр суурилсан салбар дундын бодлогоор зохицуулагдаж байдаг тул холбогдох яамдуудтай хамтран ажиллаж байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль батлагдсантай холбогдуулан, “Барилгын салбарт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах ажлыг зохион байгуулах, эрсдэлийг тодорхойлж, гарч болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх, хяналт тавих журам”-ыг Шадар сайд, Барилга, хот байгуулалтын сайд, Хөдөлмөрийн сайдын хамтарсан тушаалаар батлуулж хэрэгжилтийг хамтран зохион байгуулж байна гэж сайд хэллээ.Мөн  барилгын салбарт мэргэжилтэй ажиллах хүчнийг дотооддоо сургаж бэлтгэх, мэргэжлийн өндөр ур чадвартай гадаадын мэргэжилтнүүдийг дагалдуулан мэргэшүүлэх, гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний тоо хэмжээг бууруулах, барилгын салбарын эрэлтэд нийцсэн мэргэжилтэй ажилтан бэлтгэх, чиглэлээр хамтран ажиллаж байна. Батлан хамгаалах яамтай “Монгол цэрэг бүтээн байгуулалтад хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх мэргэжил эзэмшүүлэх, цэргийн албанд олон жил ажилласан офицер, ахлагч нарыг  чөлөөнд гарсны дараа  ажлын байраар хангах, нийгмийн хамгааллын бодлого, үйлчилгээг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байна. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамтайхамтран ойн нөхөрлөл болон мэргэжлийн байгууллагын гишүүдэд мэргэжил олгоход хамтран ажиллах, ойн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэхэд нэн тэргүүнд шаардлагатай байгаа ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн арчилгаа, ашиглалтын чиглэлээр  мэргэшсэн ажилчдыг  МСҮТ-үүдэд бэлтгэх зорилгоор Хамтран ажиллах санамж бичиг байгуулан ажиллаж байна гэлээ.   

Нийгмийн түншлэгч талууд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын 2015-2016 оны хэлэлцээрийн дагуу төрийн албан хаагчдын цалинг үе шаттайгаар нэмэгдүүлэх асуудлаар нэмэлт хэлэлцээрийг хийж уг асуудлыг 2016 оны төсвийн эхний тодотголд шилжүүлэн, Улсын Их Хурлаар шийдвэрлүүлэхээр төлөвлөж байгаагаа сайд хэлээд бага цалинтай, эдийн засгийн хямралд илүүтэй нэрвэгдэж буй хэсгийн цалинг эхний ээлжинд нэмэх, мөн цалинг ижил хувиар биш ижил мөнгөн дүнгээр нэмэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байна гэлээ.

Тус яамнаас хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд“Хувиараа хөдөлмөр эрхлэгч, нөхөрлөл хоршоо байгуулах иргэнийг дэмжих”, “Хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох, ажлын байрыг хадгалах”, “Залуучууд, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих”, “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” хөтөлбөрүүдийг улсын хэмжээнд хэрэгжүүлж, 50 мянга шахам иргэнийг хамруулан, 30 мянга гаруй  ажлын байр бий болгожээ.