m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.11.26 08:04
160
Б.Сарантуяа: Хүний нутагт таагүй мэдээ сонсох үнэхээр эвгүй юм билээ

Зууны манлай, МУГЖ Б.Сарантуяаг таалал төгссөн гэх таагүй мэдээ хэдхэн хоногийн өмнө цахим хуудсаар тарж, түүнийг хүндэтгэдэг, шүтэн биширдэг фэнүүдийг нь хүнд байдалд оруулсан. Тэгвэл тэр мэдээ ташаа болох нь тогтоогдон Б.Сарантуяа Хөх хотоос бидэнтэй холбогдсон тухай мэдээг бид тухайн үед нь шуурхай хүргэж байсан. Зууны манлай дуучин маань эх орондоо ирсэн даруй уулзаж ярилцлаа.

-Сайн яваад ирсэн үү?

-Сайн, сайн явж ирлээ.

-Таныг байхгүй хооронд таагүй мэдээ газар авсан. Та хэзээ мэдсэн бэ?

-Өвөр Монголын "Одон" телевизийн хамт олны урилгаар "Авьяаслаг Монгол" наадмыг шүүхээр явсан юм. Гэтэл хоёр дахь өдөр нь таагүй мэдээ дуулсан. Хүний нутагт тийм мэдээ дуулах үнэхээр эвгүй юм билээ. Гэрийнхэнтэйгээ байнга холбоотой байсан болохоор ээж, дүү нар, хүүхдүүд маань энэ ярианд итгээгүй, тайван байсан.

  

-Хэн, ямар учраас ийм мэдээлэл тараасан юм бол. Явах замд тань ямар нэгэн саад учраагүй биз дээ?

-Ажил маань амжилттай сайхан бүтсэн. Том наадам шүүнэ гэдэг бас амаргүй ажил шүү дээ. Их ядарсан. Хэн ийм яриа гаргасныг мэдэхгүй юм. Арай  бурхан болооч болчих нас болоогүй гэж бодож, ажлаа чин сэтгэлээсээ хийж, ард түмнээ баярлуулахсан гэж хичээдэг. Би энэ асуудлыг шалгуулж, нэр төрөө сэргээлгэх ёстой юм билээ.

-Та сүүлийн үед тодруулбал арваннэгдүгээр сараас хойш байнга гадагшаа яваад байсан байх аа. Ер нь хаагуур явав. Дам сонсох нь ээ хүмүүнлэгийн ажилд оролцсон гэсэн?

-Тиймээ, би Европоор явж байгаад ирээд Хөх хот явсан. Энэ сарын 1-ний өдөр ХБНГУ-ын нийслэл Берлин хотод Монгол бахархлын өдрөөр "Сэхүүн салхи" CD-ний баяраа хийлээ. Хүний нутагт ажиллаж амьдарч буй монголчууд маань сайхан хүлээж авсан. Үнэхээр монголсхүн эх орон, элгэн саднаа байнга өгүүлж, тэмүүлж байдгийг мэдэрлээ. Дараа нь Шведийн Стокгольм хотод тоглолтоо хийсэн. Аав, ээж ахан дүүсээ өгүүлсэн монголчууд маань "Аав, ээж хоёр минь", "Миний сайхан ээж" дууг дуулахад  бүгд уйлж, хамтдаа дуулан тоглолт жинхэнэ амьд болсон. "Содура" киноны дууг дуулахад үзэгч биелж сэтгэл хөдлөлөө илэрхийлсэн. Энэ тоглолтын орлогын 30 хувийг Дэлхийн найрал дууны нийгэмлэгт хандивласан.

Тэдний сайн сайхны төлөө зориулахаар болсондоо би эх хүн, эмэгтэй хүний хувьд үнэхээр сэтгэл хангалуун байна.

Мөн Польшийн Брадиславль хотод "Хөх толботон" нийгэмлэгийн урилгаар очсон. Тус улсад вип тоглолт зохион байгуулж, хүүхдийн сайн сайхны төлөө 15 мянга орчим  ам,доллар зориулахаар болсон. Монголд тархины саажилттай, өнчин ядуу бяцхан үрс хэрхэн амьдарч байгааг би явахаасаа өмнө харсан. Тэдний сайн сайхны төлөө зориулахаар болсондоо би эх хүн, эмэгтэй хүний хувьд үнэхээр сэтгэл хангалуун байна.

Өөрийн хүч хөдөлмөрөөр олсон мөнгөөрөө тоглолт хийх санаатай байна.

-Та CD-ний баяраа хэдэнтээ хийлээ. Яагаад тэр вэ?

-Ирэх жил миний хувьд онцгой үйл явдал тохиох юм. Тайзнаа гараад 30 жил өнгөрчихөж. Энэ баяраа би фэнүүдтэйгээ тэмдэглэх юм. Тоглолтын бэлтгэл базааж ийнхүү баяраа хийж байгаа юм. Өөрийн хүч хөдөлмөрөөр олсон мөнгөөрөө тоглолт хийх санаатай байна.

-Таныг найрал дууны клуб байгуулах бодолтой байгаа гэж дуулсан. Дэлхийн найрал дууны нийгэмлэгтэй хамтарч байгаа нь бас таны ажилтай холбоотой байх нь?

-Тэгэлгүй яах вэ. Би Монголдоо найрал дууны клуб байгуулах бодолтой явдаг юм. Дуунд дуртай, дууч монголчууд маань караокед л шөнийн цагаар дуулаад байна. Сайхан орчинтой, мэргэжлийн багштай найрал дууны клуб байгуулахад хүмүүс дуртай байх болов уу.

-Та Төв аймагт очиж  CD-ний баяраа хийх гэж байгаа гэсэн үү?

-Миний аавын төрсөн нутаг Төв аймгийн Баян сум. Сая Төв аймгийн урлаг соёлын салбар үүссэний 85 жилийн ойн тоглолт боллоо. Тоглолтод оролцоход нутгийн зон олон маань маш сайхан хүлээж авсан. Ирэх сарын 3-нд Төв аймгийнхаа Монгол туургатан театрт тоглолт хийнэ.

-Та бид хоёр таагүй мэдээнээс яриагаа эхэлсэн ч уран бүтээл арвин байгаа дуучныхаа амжилтын талаар цөөн хором ч гэсэн сайхан яриа өрнүүллээ. Танд болон танай гэр бүлд хамгийн сайн сайхан бүхнийг хүсье?

-Баярлалаа. Үнэн бодит мэдээлэл түгээхийн төлөө ажиллаж, бас миний төлөө санаа тавьсан монголчуудад талархал илэрхийлье.