m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.11.27 03:10
94
Хан-Уул дүүргийн 27 дугаар цэцэрлэг ашиглалтанд орлоо

Статистикийн мэдээллээр дүүргийн хэмжээнд сургуулийн өмнөх 2-5 насны 12 мянган хүүхэд байгаа бөгөөд  2015-2016 оны хичээлийн жилд төрийн өмчийн 26, хувийн хэвшлийн 69 нийт 95 цэцэрлэгт 9 800 хүүхэд хамрагдаж, хамтрах сургалтын хувь 81,6 хувь болж, өмнөх оноос 5,2 хувиар нэмэгдэв. Тус цэцэрлэгийн хуучин барилга нь  60 жил ашиглагдсан тул ашиглалтын шаардлага хангахгүй болж, 2014 онд нураах барилгын жагсаалтад орсон учир хуучин барилгыг буулгаж шинэ цэцэрлэг барьж ашиглалтад орууллаа.

Шинэ цэцэрлэг нь 8 бүлэг, 200 хүүхдийн хүчин чадалтай, 35 ажилтантай юм

Цэцэрлэгийн барилгын нийт төсөвт өртөг нь 1 тэрбум 610 сая төгрөг бөгөөд “Жи Жи Ай” ХХК 4 сарын хугацаанд гүйцэтгэжээ. Шинэ цэцэрлэг нь 8 бүлэг, 200 хүүхдийн хүчин чадалтай, 35 ажилтантай юм. Цэцэрлэгт нийт 350 хүүхэд бүртгэгдсэнээс 258 нь хамрагдсан байна.

27 дугаар цэцэрлэг нь 2015 онд Хан-Уул дүүрэгт шинээр ашиглалтад орж буй гурав дахь цэцэрлэг бөгөөд өмнө нь 209 болон 223 дугаар цэцэрлэгийг шинээр байгуулсан юм. Тус дүүрэг энэ онд нэг цэцэрлэг болон 3 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгыг ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна гэж Хан-Уул дүүргийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.