m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.11.27 07:58
440
Арвайхээр сумынхан амжилт бүтээл арвинтай байна

Масс агентлагийн хамт олон “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төслийн хүрээнд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын баялаг бүтээгчдийг алдаршуулж байна.


 “Төгс түгийн овоо” ХХК-ийн захирал П.Ганбаатар: Аймгийнхаа жишиг ферм болох хэтийн зорилго бий


2009 онд Бат-Өлзий сумаас найман тоорой авчран гэрийнхээ хажууд жижигхэн саравч барьж тэжээж уг фермээ эрхэлсэн П.Ганбаатар өдгөө 100 гаруй гахайтай болсон байна. Гахайн ашиг тус их гэдгийг мэдсэн гэр бүлийнхэн нь ч сэтгэл зүрхээ зориулан хөдөлмөрлөж ажилладаг гэнэ. Тэрбээр гахайнаас гадна давхар хонь, ямаа, тахиа тэжээдэг аж.

Тэдний тэжээж буй гахайнууд “Хивэг тэжээл буудай хүнсний ногооны хаягдал гэх мэт зүйлс иддэг бөгөөд намар орой болтол өвс ногоо идэж байгалиас авах шим тэжээлээ олж авдаг. Төллөхөөрөө тарга тэвээргээ тооройндоо алдчихдаг учраас сайн хооллох хэрэгтэй байдаг” хэмээн П.Ганбаатар гуай ярьсан юм.  

Тэрбээр гахайны махаа аймгийн төвийн ресторануудад өгөхөөс гадна Улаанбаатар хот руу явуулдаг гэнэ. Мөн хувь хүмүүс ч ихээр худалдан авдаг гэнэ лээ.
 

“Элбэг мебель” үйлдвэрийн дарга Г.Мөнхсайхан: Бид бүх төрлийн тавилгыг чанарын өндөр түвшинд үйлдвэрлэж байна


Улаанбаатар хотод тавилгын үйлдвэрт ажиллаж байсан туршлагаа ашиглаж, орон нутагтаа үйлдвэрлэл эрхэлж буй Г.Мөнхсайханыг бид Баялаг бүтээгч төсөлдөө онцолж байна.
2013 оноос үйл ажиллагаагаа эхлэж, аймаг сумынхаа айл өрхийн тавилгыг чанарын өндөр түвшинд үйлдвэрлэдэг тус үйлдвэр гал тогооны тавилга, гүйдэг хаалгатай шүүгээ,  хүүхдийн болон унталгын өрөөний бүхий л тавилгыг хийдэг аж.

Нэг мужаан, туслахынхаа хамтаар гурвуулаа ажилладаг тэд сайн чанарын материал ашиглаж бүтээгдэхүүнээ хийдэг учраас үйлчлүүлэгчид нь сэтгэл хангалуун байж чаддаг хэмээн хэлсэн юм.


 
О.Даваа: Үйлчлүүлэгчдээ нүүр бардам чанарын баталгаа өгдөг


Сумандаа үйлдвэрлэл эрхлээд чамгүй амжилттай яваа О.Даваа гуай өнгөлгөөний тоосгыг дөрвөн жил хийж байгаа аж. Зуны цагт 40-50 мянган тоосго хийдэг тэрбээр өөрөөсөө гадна дөрвөн хүнийг ажлын байраар хангаж байна. Үйлдвэрлэлээ дөрвөөс арван сард багтааж хийдэг тэрбээр өдөртөө 600 гаруй тоосго үйлдвэрлэх бүрэн боломжтой.  


Түүний хийж буй тоосго салхинд мөлийж эвдэрэхгүй, эдэлгээ сайтай гэдгээрээ аймагтаа алдартай юм билээ.
Анх найзынхаа зөвлөснөөр тус ажлаа эхлүүлж байсан тэрбээр өөрийнхээ болон ойр хөршийнхөө байшинг тус тоосгоор бүрж мөн барилгын ажил хийдэг аж.


Дулаан байртай болвол үйлдвэрлэлээ зогсоохгүй ажиллах боломжтой хэмээн ярих тэрбээр мөн хаягдал ашиглан хашаа хийж цаашдаа блок үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байдаг гэнэ.
 

Өрхийн үйлдвэрлэгч С.Цэвэлням:Манай бүтээгдэхүүн хэрэглэгчийн сэтгэлд бүрэн нийцдэг


"Тэнүүн" суудлын бүрээсний оёдлын цехээ ажиллуулан долоон жил болж буй хөдөлмөрч С.Цэвэлням  эгчийг "Баялаг бүтээгчдийг дэмжинэ" төслөөрөө дамжуулан танилцуулж байна.

Машины сэлбэгийн худалдаа эрхлэн арван жил болсон тэрбээр хамаатныхаа хүнд суудлын бүрээс оёж өгсөн нь ихээхэн таалагдаж тэр цагаас С.Цэвэлням эгчээр суудлын бүрээс хийлгэх хүмүүс тасрахаа байсан аж.
Өнгөрсөн жилийн хэмжээнд нийт 300 гаруй суудлын бүрээс үйлдвэрлэж мөн хуучин тавилгын бүрээс шинээр оёх юм уу сэргээн засварладаг гэнэ.


Байнгын үйлчлүүлэгчидтэй болсон тэрбээр өдөрт нэгээс хоёр машины бүрээс оёх бүрэн боломжтой бөгөөд ажлынхаа байрыг өргөтгөж ажилчидтай болох хүсэлтэй байдаг хэмээн ярьсан юм.


 Л.Баярсайхан: Нарийн хийсэн бар зүмбэр хэдэн зуун дамжсан ч элэгдэж гэмтдэггүй

Арвайхээр сумын Л.Баярсайхан захиралтай “Баян хөвч” ХХК-ийн үйл ажиллагааг танилцуулж байна. Л.Баярсайхан 1994 оноос сийлбэр мужааны ажилд шамдах болсноор 2007 онд “Баян хөвч” компаниа байгуулж, монгол барын аргаар сийлбэр болон зүмбэр хийж эхэлжээ. Одоогоор тус компани үндсэн дөрвөн ажилчинтай бөгөөд ачаалал ихтэй үедээ 3-4 туслах ажилчин нэмж ажиллуулдаг аж.


-Сийлбэрлэж хийх, зүмбэрлэж хийхийн ялгааг тайлбарлаж өгөөч?
-Сийлбэр хийхэд маш нарийн чимхлүүр ажиллагаа шаарддаг. Харин зүмбэр  маш олон технологийн ажиллагаатай бүтдэг. Зүмбэртэй тавилгын нэг давуу тал нь маш бат бөх болсон байдаг. Бар зүмбэрийн гол онцлог нь бүтээгдэхүүнээ маш сайн боловсруулж хийдэгт юм. Яг ямар зүйл хийх гэж байгаагаасаа шалтгаалаад өөрийн гэсэн бэлгэдлийн дагуу хийдэг.
-Зүмбэрлэж хийхэд хэр их хугацаа шаарддаг вэ?


-Хамгийн эхлээд тухайн хийх тавилгынхаа зураг хийцийг гаргана. Бурхны гуу байлаа гэхэд луу ороосон хан төрийн таван эрдэнийг оруулах уу, эсвэл найман тахилтай хийх үү гэхчлэн зургаа гаргаж хэвээ зорж эхэлдэг. Хэвээ бүрэн бэлдсэний дараа бэлдэцээ хийнэ. Бэлдэц нь технологийн хувьд нэлээн нарийн ажиллагаатай байдаг. Маш нарийн хийсэн бар зүмбэр хэдэн зуун дамжсан ч элэгдэж гэмтдэггүй.
-Захиалга хэр ирдэг вэ?
-Өвөрхангай аймгийн арван найман сум, Улаанбаатар хот руу ихэвчлэн захиалгаар хийдэг. Мөн Хэнтий, Өмнөговь аймгаас захиалга ирдэг. Ноднин гэхэд Эрдэнчулуу манлайгийн бурхных нь өрөөг тохижуулаад бүрэн сийлбэртэй сэнтийг нь хийж өгч  байсан. Сийлбэртэй гэрийн захиалга маш их орж ирдэг.
-Давхар вакуум цонх хийж эхэлсэн гэж байсан. Бэлдэцээ хаанаас авдаг вэ?


-Тийм ээ. Манайх 2007 оноос барилгын чиглэл рүү орж вакуум цонх үйлдвэрлэж эхэлсэн. Сүүлийн үед байшинг иж бүрнээр нь хийх ком үйлчилгээг нэвтрүүлсэн нь манай нэг давуу тал болж байна. Хөвсгөл болон Улаанбаатараас модоо татдаг. Харин цонхны материалыг урдаас зарим үед хотоос татдаг. Манайх одоогоор өөрийн гэсэн ажлын байргүй түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байгаа. Хэрвээ боломж бололцоо бүрдвэл дараа жилээс металл цонхны үйлдвэр эхлүүлэх төлөвлөгөөтэй.