m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.11.30 00:20
41
Хүнд гэмтсэн иргэнд буцалтгүй тусламж өгчээ

Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар хүнд гэмтсэн иргэнд буцалтгүй тусламж өгчээ. Тус аймгийн Хэрлэн сумын II багийн иргэн У.Галхүү, Б. Мөнхбаатар нар нь “Саран” хотхоны барилгын ажлыг гүйцэтгэж байгаад барилгын осолд орж, хүнд гэмтжээ.


Гэмтлийн улмаас залуус  яаралтай гадаадад эмчлүүлэх шаардлагатай болж, аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатарт хүсэлт гаргажээ. Харин энэхүү хүсэлтийн дагуу аймгийн Засаг хоёр залуугийн эмчилгээний зардалд зориулан тус бүр 500.000 төгрөгийн буцалтгүй тусламжийг үзүүллээ. Тусламжийн мөнгийг аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Ш.Жавхлан мэргэжилтнүүдийн хамт У.Галхүүгын гэрт биечлэн очиж, гардуулан өгсөн юм. Мөн түүний амьдралын нөхцөл байдалтай танилцаж, сэтгэлийн дэм хайрлалаа. У.Галхүү нь барилгын ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 80 хувь алдаж, Монголдоо эмчлүүлэх боломжгүй болсон бөгөөд яаралтай гадаад улсад хагалгаа хийлгэх шаардлагатай болоод байгаа юм.
Тэрээр гэртээ ээж, хоёр хүүхдийн хамт амьдардаг бөгөөд түүний эмчилгээний зардалд шаардлагатай мөнгийг цуглуулах, хандивын аяныг шуурхай зохион байгуулах хэрэгтэй байгаа аж. Түүний хагалгаанд 60 сая гаруй төгрөг шаардлагатай юм байна. Хэнтийчүүд хандивын аян зохион байгуулахаар болжээ.