m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.11.30 00:24
36
УИХ-ын дарга цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын явцтай танилцав

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд өнгөрсөн бямба гаригт Буян-Ухаа орон сууцны хорооллын 2000 м3 бохир ус цэвэрлэх байгууламж болон шинээр баригдаж буй 20.000 м3 бохир ус цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажлын явцтай танилцав.

Хан-Уул дүүрэгт баригдаж буй төрөх эмнэлэг,  ахмадын эмнэлэг болон “Буянт-Ухаа-1” хорооллын бохир усыг цэвэрлэх зориулалтаар Хан-Уул дүүрэг дэх 1000 м3 багтаамжтай хуучин цэвэрлэх байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлж 2000 м3 багтаамжтай болгожээ. Ус сувгийн удирдах газрын дарга С.Үнэн, тус газрын харьяа Төв цэвэрлэх байгууламжийн дарга Н.Одхүү нар Улсын Их Хурлын даргад тус цэвэрлэх байгууламж, технологийг танилцууллаа. 2000 м3 бохир ус цэвэршүүлэх хүчин чадал бүхий цэвэрлэх байгууламж нь 50.000 оршин суугч бүхий суурин газарт бүрэн хүчин чадлаараа ажиллах бололцоотой юм байна.

Үүний дараа Буянт-Ухаа орон сууцны хорооллын 20.000 м3 бохир ус цэвэрлэх байгууламжийн барилгын талбайд ажиллаж, ажлын явцтай танилцсан юм. Улсын Их Хурлын даргыг дагалдан Улсын Их Хурлын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат болон нийслэлийн удирдлагууд, албаны бусад хүмүүс ажиллалаа.

“Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т шинэ бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, инженерийн дэд бүтцийг нэгдсэн бодлогоор барьж байгуулах, хотуудын ус хангамж, бохир ус цэвэрлэх байгууламжид технологийн шинэчлэл хийж, дэд бүтцийг хөгжүүлэх зорилт тавьсан юм. Энэ хүрээнд Хан-Уул дүүрэгт байгуулагдах 20.000 м3 барих ус цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажлыг Барилга хот байгуулалтын яамны “Дэд бүтэц” төсөл хэрэгжүүлэх нэгжийн захиалгаар Турк Улсын хөрөнгө оруулалттай “Эйч Эн Си” ХХК, “Эртургуль” ХХК-иуд түншлэлээр  гүйцэтгэж байгаа аж. Улсын төсвийн 34.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай баригдаж буй шинэ цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажил 70 хувь, бетон цутгалтын ажил 100 хувь гүйцэтгэлтэй байна. Тоног төхөөрөмжийн угсралтын ажил, дотор, гаднын заслын ажлуудыг гүйцэтгэхээр байгааг Улсын Их Хурлын даргад танилцуулж байв. Шинээр ашиглалтад орох цэвэрлэх байгууламж нь бохир усыг анхдагч цэвэрлэгээ, биологийн цэвэрлэгээ, тунгаагуур, шүүлтүүрээр шүүж цэвэрлэх Турк технологитой учир бохир усыг 98 хувиар цэвэршүүлэх аж. Ингэхдээ лагийн талбай ашиглахгүй, лагийг ил хатаахгүй, үүний оронд исгэж, боловсруулах технологийг нэвтрүүлэх юм байна.

Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр, 2016 онд нийслэлчүүдийн эрүүл ахуйд сөргөөр нөлөөлж буй лагийн үнэрийг арилгах чиглэлээр холбогдох байгууллагууд ямар ажлыг хийж байгааг тодруулав. Ус сувгийн удирдах газар энэ чиглэлээр тодорхой ажлуудыг төлөвлөсөн байгааг газрын дарга С.Үнэн хэллээ. Түүнчлэн урт хугацаанд нэг нүсэр байгууламж барихын оронд шаардлагатай байршлуудад бага оврын олон тооны цэвэрлэх байгууламжуудыг барих боломжийг судлах талаар санал хэлэв. Мөн Төв цэвэрлэх байгууламжид шинэ цэвэрлэх байгууламжийн лаг хатаах технологийг нэвтрүүлэх, цаашид нийслэл хотын бохир усыг цэвэршүүлэхдээ дэлхий нийтийн хэрэглэж буй дэвшилтэт технологи, техникийг нэвтрүүлэх боломжийн талаар ярилцсан юм.

Улсын Их Хурлын дарга энэ үеэр цэвэрлэх байгууламжийн нөхцөл байдалтай танилцаж, холбогдох мэргэжлийн хүмүүстэй хийж, хэрэгжүүлэх шаардлагатай ажлуудын талаар харилцан ярилцлаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.