m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.11.30 04:19
162
Ц.Мөнхбаяр:Үзэл санааны гажуудал үйл явцын мухардалд орсныг өөрчлөх ёстой

Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, газар шорооны төлөө тэмцэгч “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяртай ярилцлаа. Түүнийг Төрийн тусгай хамгаалалтын бүсэд тэсрэх бөмбөг байрлуулж, галт зэвсэг ашигласан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд анхан шатны шүүхээс 21 жилийн ял оноосон болов ч хяналтын шатны шүүх долоон жил болгож ялыг нь бууруулсан билээ. Тэрбээр Өршөөлийн хуульд хамрагдсанаар хоёр жилийн ялыг биеэр эдэлж ийн эрх чөлөөтэй болсон юм.

- Таныг өршөөлөөр суллагдахад талархах хүн цөөнгүй байгаа нь ажиглагдсан. Монголын төр иргэнээ өршөөлөө. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?

- Төрийн ажил явдгаараа нь явж байна. Яллах, дэм өгөх, өршөөх гэдэг бол төрийн хийх ёстой ажил. Тиймээс үүний дагуу л би өршөөгдсөн гэж ойлгодог.  

Яллах, дэм өгөх, өршөөх гэдэг бол төрийн хийх ёстой ажил

- Та нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандаад таниас уучлалт гуйх шийдвэр гарлаа.  Хэн уучлалт гуйх ёстой байсан бэ?

-Надаас уучлалт гуйх олон хүн байгаа. Дээрэмчин хэмээн шууд гүтгэлийн чанартай мэдээллүүдийг олон нийтэд түгээж нэр төр гутаасан. Үүнээс үүдэн хүмүүсийн итгэл суларч цаашлаад жигших нь хортой. Монголчууд нэр хугарахаар яс хугар. Алдар гутахаар амь тасар гэдэг дээ. Тиймээс энэ байдлыг даруй өөрчилж зөв гольдролд нь оруулах хэрэгтэй байсан. Би шүүхэд өнгөрсөн дөрөвдүгээр сард шоронд байхдаа итгэмжлэх төлөөлөгчөөрөө дамжуулан нэхэмжлэл гаргасан. Улмаар шийдэгдэхгүй байсаар саяхан шүүхээс нэр төрийг минь сэргээх шийдвэр гаргалаа. Миний нэр хүндэд халдсан “АУМ алт ” компанийн Ц.Мягмардорж надаас уучлалт гуйсан.

Надаас уучлалт гуйх олон хүн байгаа

-Газар шорооныхоо төлөө тууштай тэмцэнэ гэдэг сайн үйл. Гэхдээ Төрийн ордон руу буу шагайх нь хэр зохистой үйлдэл вэ?

-Миний  хувьд Төрийн ордон руу буу шагайх гарцаагүй тохиолдолд орсон. Төрийн ордон бол хүндэтгэлийн өргөө гарцаагүй мөн. Гэхдээ төрийг авч явж байгаа хүмүүс Монголын төрөөс урвасан. Тиймээс төрийн ордон руу буу шагайх үйлдлийг зохистой юу, үгүй юу гэдгийг тэдгээр хүмүүс дахин бодох байх. Харин бид хүмүүсийг үймээн самуунд уриалан дуудах бус аргагүй байдалд орсныг харуулах гэсэн юм. Газар нутгийн бүрэн бүтэн байдлыг авч үлдэхийн тулд буюу энэ улсын нэгэн эд эс учир бид эсэргүүцнэ.  Эсэргүүцэхдээ буу барьж гранат хэрэглэхээс өөр аргагүй байдалд орсон гэдгийг л харуулах гэсэн юм.  Тоглоомон буу барьж болохгүй байсан юм уу гэж зарим иргэд хэлж байсан ч  бид бодитой тэмцэхийг хүссэн. Гэхдээ бид аюулгүй байдлыг сайн хангасан гэдгийг хэлье. Тухайн үед бид баригдсаныхаа дараа Тагнуулын байгууллагад гранатыг яаралтай хяналтдаа авахыг хүсэж улмаар аюулгүй болгосон. Гэтэл хууль хяналтын байгууллагынхан өөрстөө олж аюулгүй болгосон мэтээр ярьж байна лээ.

Төрийн ордон руу буу шагайх үйлдлийг зохистой юу, үгүй юу гэдгийг тэдгээр хүмүүс дахин бодох байх

-Тэсрэх бөмбөгийг та бүгд хяналтдаа бүрэн авсан байсан  гэсэн үг үү?

-Тийм ээ. Тэслэгчийг угсраагүй. Тэслэгч өвөрт гранат өөр газар байсан. Тиймээс  угсрагдаагүй тохиолдолд дэлбэрэхгүй.   

-Тэгвэл “Гал үндэстэн” холбоо цаашид тэмцэх үү?

-Тэмцэлгүй яахав. Зогсож болохгүй. Гэхдээ өмнөхөөсөө суралцаж алдаа оноогоо дүгнэж багцална. Гэхдээ бидэнд алдах эрх байхгүй.  Монгол Улсын тусгаар тогтнол эрх ашгийн төлөө зөвхөн Ц.Мөнхбаяр биш нийт монголчууд нэгдэж тэмцэх хэрэгтэй.

Өмнөхөөсөө суралцаж алдаа оноогоо дүгнэж багцална

-Та хийсэн үйлдэлдээ харамсах үе байв уу?

-Харамсах үе огтхон ч байхгүй. Учир нь Монгол хүн болж төрснийх эх орны тусгаар тогтнол газар нутгийн бүрэн бүтэн байдлаас урвасан хүмүүсийн үйлдлийг таслан зогсоохын төлөө чадлаараа ажиллах ёстой. Тиймээс энэ нь Монгол хүний хийх ёстой үйлдэл учир харамсах аль эсвэл гавьяа байгууллаа хэмээн онгирч, буруу зүйл хийлээ гэж гуньж гутрах зүйл байхгүй.

-Эрх чөлөөгөө хасуулж хэцүү нэртэд орсон хүнд хийсэн үйлдэл цаашдын амьдралаа эргэцүүлэх өдрүүд олон байдаг нь гарцаагүй. Таны хувьд юу бодож тунгааж байв?

-Тэгэлгүй яахав. Эрх чөлөөгөө хасуулж, хязгаарлагдмал орчинд байгаа хүнд тодорхой  хэмжээгээр бодлоо төвлөрүүлэх боломж олддог. Аливаа орчны давуу болон сул тал гэж бий.  Миний хувьд нэг талаар эрх чөлөө хасуулсан ч нөгөө талаараа эрх чөлөөтэй байхдаа санаж сэтгэж амжаагүй байсан бодлоо олж эргэцүүлэх, унших зэрэгт цаг зарцуулсан даа.

Эрх чөлөөгөө хасуулж, хязгаарлагдмал орчинд байгаа хүнд тодорхой  хэмжээгээр бодлоо төвлөрүүлэх боломж олддог

- Таныг шантаажчин хэмээн цоллох хүмүүс цөөнгүй байдаг. Энэ талаар ямар хариулт өгөх вэ? 

-Энэ талаар сэтгүүлчдэд удахгүй мэдээлэл өгнө. Тэр үед та ч мөн хариултаа аваарай.

-Тэгвэл таньд мөнгө өгсөн гэсэн хүмүүсийн яриа үнэн үү?

-Мөнгө өгч авсан гэдэг нь үнэн. Мөнгийг санаачлагаараа өгсөн баримт нь ч надад бий. Энэ нь мөнгө өгөхгүй л бол гэсэн ухагдахууныг цайруулж байгаа хэрэг. Мөнгө өгч авалцах асуудал зөв байвал яагаад байж болохгүй гэж. Солилцооны хэрэгсэл учир асуудлыг шийдэж байна. Мэдээж зөв байх хэрэгтэй.

Мөнгө өгч авалцах асуудал зөв байвал яагаад байж болохгүй гэж

-Таны бодлоор улстөрийн өнөөгийн тогтолцоо зөв үү. Ер нь эрхэм төрийн түшээд ажлаа хийж чадаж байна уу?

-Төрийн эрх барьж байгаа зуу гаруй хүн үнэндээ ажлаа маш муу хийж байна. Тэдгээр хүмүүсийн муу ажиллаж байгаа нь сүүлийн 25 жилийн үйл хэрэгтэй салшгүй холбоотой. Үүнээс гарахын тулд тэдэнд “чадахгүй” гэж хэлэх эрх байхгүй. Мэдээж хариулт нь бидний өнөөгийн амьдрал болон хойч үедээ ямар улс үлдээх гэж байгаа нь эрхэм түшээдийн өнөөдөр хэрхэн ажиллаж байгаагаас бэлхнээ харж болно.

- Ц.Мөнхбаяр гэдэг хувь хүн цаашид юу хийх вэ?

-Ахуйн байдал минь тарсан байна. Юуны түрүүнд ар гэрээ цэгцэлж хэвийн байдалд нь оруулна. Мөн Онги голын хөдөлгөөн, Гал үндэстэн холбооны сарнисан ажлуудыг цэгцэлнэ. Түүнчлэн Монголын хүлээгдэж байгаа өөрчлөлтийг зөв замд нь оруулах сайн нэгдлийг ойрын хугацаанд үүсгэнэ. Үзэл санааны гажуудал үйл явцын мухардалд орсон энэ үеийг өөрчлөх ёстой.

Ар гэрээ цэгцэлж хэвийн байдалд нь оруулна

-Таныг МАХН-д элсэнэ гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Энэ талаар сонсоогүй юм байна. Би ямар нэг намд элсэх бодол хүсэл зорилго огтхон ч байхгүй. Учир нь Монгол Улс зөв явахад том намууд хэрэггүй. Намын зохион байгуулалт эцэс төгсгөлгүй хагаралыг бий болгодог. Тиймээс намд элсэх бодол байхгүй.