m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.11.30 04:29
90
Олон санал, зөвлөмжийг дэвшүүлсэн Баянгол дүүргийн баялаг бүтээгчид чууллаа

Баянгол дүүргийн "Баялаг бүтээгчдийг дэмжих Баянгол бизнес форум" энэ сарын 28-ны өдөр МҮЭ-ийн Соёлын төв ордонд болж өнгөрлөө.  Энэхүү үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч Ч.Даваабаяр, Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо,  Аж үйлдвэрийн яамны СБТГ-ын дарга Д.Баттогтох болон дүүргийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих хэлтэс, Хөдөлмөрийн хэлтсийн удирдлагууд оролцлоо.

Форумын эхэнд оролцож байгаа зочдын төлөөлөл баялаг бүтээгчдэд зориулсан өөрсдийн илтгэлийг танилцууллаа. Бизнес форумд Баянголд дүүргийн баялаг бүтээгчдийн 300 гаруй төлөөлөл оролцож тулгамдаж буй саад бэрхшээл, цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар төрийн болон дүүргийн удирдлагуудтай санал бодлоо солилцлоо.

Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо

Баялаг бүтээгчдийг дэмжих холбоотой хамтран дүүргийнхээ баялаг бүтээгчдийн бизнес форумыг зохион байгуулж байна. Манай дүүрэгт олон баялаг бүтээгчид үйл ажиллагаа явуулдаг. Баялаг бүтээгчдэд тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэхийн төлөө багагүй ажлыг зохион байгуулж ажилласан.

Харин өнөөдрийн үйл ажиллагаа илүү олон баялаг бүтээгчидтэй уулзаж, тэдэнд тулгараад буй асуудлыг сонсож хамтдаа шийдвэрлэх арга замыг талаар ярилцлаа. Энэхүү форумаас гаргасан зөвлөмж, уриалгыг дүүргийн удирдлагын зүгээс шийдвэрлэх бүхий л арга хэмжээг авч ажиллах болно.

Форумын үеэр Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Баянгол дүүрэг дэх салбар зөвлөлийн тэргүүн болон тэргүүлэгчдийг сонгож, үйл ажиллагаа боллоо. Зааланд хүрэлцэн ирсэн баялаг бүтээгчдийн төлөөлөл 11 хүнийг нэр дэвшүүлж салбар зөвлөлийн тэргүүлэгчдийг сонгосон юм. Харин салбар зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлаар Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Баянгол дүүрэг дэх салбар зөвлөлийн тэргүүнийг томилов. Салбар зөвлөлийн тэргүүнээр н.Алтанцацралтыг томилж, ажлын амжилт хүслээ.

Энэ үеэр баялаг бүтээгчидтэй хамтран ажилладаг Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо, банкны төлөөлөл, Баянгол дүүргийн хөдөлмөрийн хэлтэс, Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн ажилчид мэдээлэл өгч ажиллав. Мөн форумд оролцож байгаа баялаг бүтээгчдийн бүтээгдэхүүний хямдралтай үзэсгэлэн худалдаа боллоо.

Баянгол дүүргийн баялаг бүтээгчид холбооны үйл ажиллагаатай танилцаж гишүүнээр элслээ. Баялаг бүтээгчдийг дэмжих холбоонд 70 гаруй баялаг бүтээгч гишүүнээр элсэж үнэмлэхээ форумын үеэр гардан авлаа.

“ГЕТТ” хувцасны салоны захирал Л.Энхцэцэг

Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо байгуулагдан үйл ажиллагаа явуулж эхэлсэнээр бидний дуу хоолойг төр, олон нийтэд хүргэх ажлыг амжилттай зохион байгуулж байна. Өнөөдрийн уулзалт, форум нүдээ олсон ажил боллоо. Манай “ГЕТТ” хувцсын салон 2012 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байна. Ноос, ноолууран бүтээгдэхүүн тэр дундаа бэлэн хувцас, пальтог загварын өргөн сонголттой зах зээлд борлуулдаг.

Баялаг бүтээгч, үйлдвэрлэгч бидэнд олон асуудал тулгардаг. Тэр дундаас төрөл бүрийн татварын дарамт их байдаг. Үүнээс болж бүтээгдэхүүний зардал өсөж, импортын бүтээгдэхүүнээс илүү үнэтэй болдог. Ингэснээр иргэдийн хувьд ч эх орондоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдан авах боломж нь буурч байна.

Эко матрас” үйлдвэрийн захирал Ц.Отгонбаяр

Манай үйлдвэр бүх төрлийн эко матрасыг үйлдвэрлэдэг. Америк, Солонгос улсын технологийг ашиглан ус, чийг татдаггүй учраас хүний эрүүл мэндэд ямар нэгэн сөрөг нөлөөгүй. Захиалагчийн хүссэн хэмжээ, загварын дагуу үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. Олон улсад өрхийн үйлдвэрлэгчдийг дэмжих төрийн бодлого өндөр түвшинд хөгжсөн байдаг. Харин манай улсад үйлдвэрлэгчдийг дэмжих хөгжил буурай байна. Харин баялаг бүтээгчдийн үйл ажиллагааг сурталчлах, бидний дуу хоолойг төрд хүргэх, баялаг бүтээгчид зөв системээр хөгжих боломжийг бүрдүүлэхийн тулд “Масс агентлаг” хэрэгжүүлсэн “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл, хөтөлбөр амжилттай хэрэгжиж өдийг хүрчээ. Монголчууд бид эх орныхоо өнцөг булан бүрт хийж бүтээж, үйлдвэрлэж байгааг харж байна. Харин энэ бүтээгдэхүүнийг худалдан борлуулах нэгдсэн бодлого дутагдаж байна.

Бид өнөөдөр зовлон тоочихоосоо илүүтэйгээр үүнээс гарах гарцыг олж харах хэрэгтэй. Би 12 жилийн турш Солонгос улсад амьдарч, ажилласан. Солонгос улсад өрхийн үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг том компани, төр худалдан авч үлдсэн хэсгийг иргэдэд зориулан худалддаг. Энэ системийг хөгжүүлж чадвал монголын баялаг бүтээгчид хөл дээрээ хурдан босно. 

Форумын хоёрдугаар хэсэгт баялаг бүтээгчид үйлдвэрлэл эрхэлхэд тулгарч байгаа саад бэрхшээл, хэрхэн шийдвэрлэх арга замын талаар ярилцлаа. Энэ үеэр дүүргийн удирдлагын зүгээс баялаг бүтээгчдэд чиглэсэн хэд хэдэн ажлыг амжилттай зохион байгуулсанд талархаж байсныг дурдах нь зүйтэй болов уу. Баялаг бүтээгчдийн зүгээс бүтээгдэхүүн борлуулах заал бий болгох, Засаг даргатай уулзах цаг гаргах, олон улсын төсөл, хөтөлбөрт хангах боломжийг сайжруулах, шинээр үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих гэх мэт саналыг нэгтгэн уриалга, зөвлөмж гарган Баянгол дүүргийн засаг дарга Д.Оросоод гардуулан өглөө. Засаг дарга Д.Оросоо баялаг бүтээгчдийн гаргасан уриалга, зөвлөмжийг хүлээн авч шийдвэрлэнэ гэдгээ энэ үеэр хэллээ. Форумын төгсгөлд Баянгол дүүрэг, Баялаг бүтээгчдийн дэмжих холбоо хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.