m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.11.30 05:17
313
Уянга сумын Жаргалант багийн баялаг бүтээгчдийг танилцуулж байна

"Масс агентлаг"-ын "Баялаг бүтээгчдийг дэмжинэ" төсөл хөтөлбөр эх орны өнцөг булан бүрт баялагийг бүтээж байгаа иргэдтэй уулзуулж байгаа. Энэ удаа Өвөрхангай аймгийн Уянга сумын Жаргалант багийн баялаг бүтээгчдийг танилцуулж байна. Жаргалант баг нь аймгийн төвөөс 120, Уянга сумын төвөөс 60 км-ийн зайд оршдог бөгөөд 3000 мянга орчим хүн амтай, дэд бүтэц, хүн амын хувьд улсдаа тэргүүлэх зэргийн томоохон баг билээ. 

Өрхийн үйлдвэрлэгч Т.Мөнхбаатар 2014 оноос Жаргалант багийн нутагт блокны үйлдвэр байгуулан үйл ажиллагаагаа явуулж байна. Өдөрт 300-400 ширхэг блок үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд 4-5 хүнийг ажлын байраар ханган ажиллаж байна. Блокны найрлагад хүрмэн чулууг оруулдаг учраас дулаанаа ялгаруулдаг давуу талтай юм.

Т.Мөнхбаатар: Блокны үйлдвэрээ түшиглээд өнгөлгөөний тоосго үйлдвэрлэх бодол байна

Хэзээнээс блокны үйлдвэр байгуулж үйл ажиллагаагаа эхэлсэн бэ?

Манай багт 1994 онд найз маань блок хийдэг байсан. 2014 онд блокны үйлдвэрээ зарахад нь би худалдан авч энэ жилээс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

Танай үйлдвэр өдөрт хэдэн ширхэг блок үйлдвэрлэх хүчин чадалтай вэ?

Манай үйлдвэр өдөрт 300-400 ширхэг блок үйлдвэрлэх хүчин чадалтай. Захиалгын ачааллаас хамаарч  өдөрт үйлдвэрлэх тоосгоны тоо өөр өөр байдаг.

Орон нутагт блокны үйлдвэр олноор ажилладаг. Өөрсдийн гэсэн орц найрлагын дагуу үйлдвэрлэж байна. Танай блокны онцлог юу вэ?

Бид хүрмэн чулуу, хайргыг хольж блок хийдэг. Хүрмэн чулуу өөрөө дулаан ялгаруулдаг учраас манай блокны давуу тал болж өгдөг.

Үйлдвэрлэлээ явуулаад жил гаруй болсон байна. Энэ хугацаанд захиалга хэр байсан бэ?

Захиалга тогтмол байсан. Иргэд хувийн орон сууц барихад ашиглаж байна. Мөн хувийн байшин болон малын хашаа барихад блокыг өргөнөөр ашигладаг.

Хэд хэдэн газар танай блокоор байшин барьсан гэлээ. Хэрэглэгчдийн сэтгэл ханамж ямар байна вэ?

Манай блокийг чанартай гэж хүмүүс захиалга их өгдөг. Өвлийн улирал эхэлж байгаа учраас үйлдвэрлэл маань ерөнхийдөө зогсож байна. Саяхан хэд хэдэн захиалга ирсэн учраас хавар эрт дулаармагц үйлдвэрлэлээ эхэлнэ.

Үйлдвэрлэлээ хэрхэн өргөжүүлэх бодолтой байгаа вэ?

Блокны үйлдвэрээ түшиглээд өнгөлгөөний тоосго үйлдвэрлэх бодол байгаа. Өмнө хэд хэдэн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан. Сэтгэлд багтаж байгаа учраас санхүүгийн асуудлаа шийдвэрлэж чадвал тоосго үйлдвэрлэх боломж байна.

Утас: 9949-8987 ,8971-7774

Өвөрхангай аймгийн Уянга сумын Жаргалант баг аймгийн төвөөс 120 км-ийн зайд оршдог. Нутгийн иргэд хэрэгцээтэй тавилгаа Улаанбаатар хот болон аймгийн төвөөс авахад цаг хугацаа болоод санхүүгийн бэрхшээл ихээр тулгардаг байжээ. Ц.Мөнхжаргал “Жаргалант ирээдүй” мужааны цехийг нээн ажиллуулж нутгийн иргэд болоод зэргэлдээх сумдаас захиалга авч худалдаалж байна.

Ц.Мөнхжаргал: Шинэ үйлдвэрийн байртай болж, ажлын байраа нэмэгдүүлэх болно

Ямар шалтгааны улмаас тавилгын цехтэй  болох санаа төрсөн бэ?

Зах зээлийн шаардлага байсан учраас тавилгын цехээ байгуулсан. Тавилга авахын тулд аймгийн төв, цаашлаад хот руу явах шаардлага гардаг байсан. Тийм учраас энэ үйлчилгээг иргэдэдээ ойртуулж цехээ байгуулсан. Манай мужааны цех 2013 онд байгуулагдаж өнөөдрийг хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна.

Хэдэн төрлийн тавилга үйлдвэрлэж байна вэ?

Захиалгын дагуу гэрийн бүх тавилгыг үйлдвэрлэдэг. Мөн хувийн байшин, хашаа барих захиалга ч орж ирдэг.

Орон нутагт мужааны цех ажиллаж эхэлсний давуу талыг юу гэж бодож байна вэ?

Хамгийн чухал нь хэрэглэгчийн хүссэн загвар, хэмжээний дагуу бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг учраас хэн хэндээ чирэгдэл гардаггүй. Мөн үнийн хувьд хямд, уян хатан нөхцөлтэй байдаг.  

Захиалга хаанаас ирдэг вэ?

Ихэнхи захиалга Жаргалант багийн айлуудаас ирдэг. Энэ жил Уянга, Тарагт зэрэг сумдаас захиалга ирсэн.

Түүхий эд, материалаа хаанаас татдаг вэ?

Түүхий эд, материалаа хот болон Хөвсгөл аймгаас татдаг. Хөвсгөлөөс нарс, хотоос зиг-заг модоо болон бусад дагалдах материалаа авдаг.

Цаашид үйлдвэрлэлээ хэрхэн өргөжүүлэх төлөвлөгөөтэй байгаа вэ?

Хэрэглэгчид манай бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэж байгаа учраас үйлдвэрээ өргөжүүлэх шаардлага байна. Ирэх жилээс шинэ үйлдвэрийн байртай болж, ажилчдын тоогоо нэмэгдүүлэх зорилготой байна. Энэ байраа тавилгын дэлгүүр болгох болно.

Утас: 95528768, 99327076

Өвөрхангай аймгийн Уянга сумын Жаргалант багийн мянгат малчин Б.Эрдэнэбилэгийнх буянт сүргээ өсгөж 2000 гаруй толгой малтай болоод байна. Малын түүхий эд болох үхрийн ширээр сур, зэл зэргийг үйлдвэрлэж өрхийн хэрэгцээнд хэрэглэдэг. Мөн цагаан идээг аймгийн төвд хүргэж худалдан борлуулдаг аж. 

Б.Эрдэнэбилэг: Малчид бол үндэсний баялаг бүтээгчид

Хэзээнээс мал маллаж эхэлсэн бэ?

1986 оноос эхлэн мал маллаж 1997 оноос гэр бүл болон  өрх тусгаарлан мал аж ахуйн салбарт баялагийг бүтээхээр ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 2000 гаруй толгой малыг өсгөн үржүүлж байна. Тоо толгойг олон болгохоос гадна үүлдэр угсааг сайжруулахад анхаарч  бараг үүлдэрийн хуц, зүүн зүгийн угшилтай азаргыг авчирсан.

Олон тооны мал өсгөх арга ухааны талаар манай уншигчдад сонирхуулахгүй юу. Мал өсгөхийн давуу болон сул тал нь юу вэ?

Малын тоо олон байхын хирээр ашиг шим нь их байдаг. Цөөн мал амьдралд хүрэлцэх нь бага байдаг. Мал маллах тийм ч хэцүү ажил биш. Хамгийн гол нь уйгагүй хөдөлмөрч байх ёстой.

Таван хошуу мал төрөл бүрийн ашиг шимтэй. Малын түүхий эдээр ямар төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг вэ?

Үхрийн ширээр сур, зэл хийдэг. Хонины нэхийг элдэж зөөлрүүлээд дээл хувцас хийж өмсдөг. Хэрэглээнээс илүү гарч байгаа цагаан идээгээ аймгийн төвд худалдан борлуулж байна.

Малчдын орлого сүүлийн жилүүдэд ямар байна. Малын мах болон сүү цагаан идээний үнийн талаар ямар бодолтой байдаг вэ?

Малын мах, түүхий эдийн үнэ буурсан байна. Сүү гэхэд л ундааны үнийг  давж гарч чадахгүй байна шүү дээ. Бидний гол амьжиргаа мал учраас олон тоогоор борлуулж байж л хэрэглээндээ хүргэж байна.

Үндэсний баялаг болсон буянт сүргээ хоёр мянгад хүргэж ашиг шимийг нь хүртэн амьдарч байна. Таны хувьд мал маллахын бахархал нь юунд оршдог вэ?

Малчид бол үндэсний баялаг бүтээгчид. Таван хошуу малынхаа шимийг хүртэж сайхан амьдарч байна. Ялангуяа адуу маллах бүр сайхан. Эр хүний хийморь золбоог сэргээж өгдөг амьтан шүү дээ.

Утас: 95327451, 99323643

Ц.Бат-Эрдэнэ, А.Долгормаа нар 1994 онд өрх тусгаарлан мал маллаж эхэлсэн. 2012 онд “Мянгат малчин” болж ах дүү долоон мянгатын отгон нь болсон юм. Хангай нутгийн уур амьсгалд зохицсон сарлаг сүргийн түлхүү өсгөн үржүүлж байна. Мөн мал маллахаас гадна мод, яс, эвэр зэргийг ашиглан сийлбэр хийдэг юм. Түүний гэргий сарлагийн сүүгээр бүх төрлийн цагаа идээ хийж аймгийн төвд худалдан борлуулж байна.

Ц.Бат-Эрдэнэ: Сайн эцэг эхийн малч ухаан, буян сүргийн минь заяа түшиж Ах дүү долоон мянгат гэдэг нэршлийг зүүх болсон

Хэдэн онд өрх тусгаарлан мал маллаж эхэлсэн бэ?

Хоёр талын малч удмаа дагаж 1994 онд өрх тусгаарлан мал маллаж амьдарч эхэлсэн. Өдийг хүртэл буянт сүргээ арвижуулан амьдарч байна.

Мал маллах арга ухааныг хэн зааж сургасан бэ?

Аав ээж хоёр маань жинхэнэ малч хүмүүс байсан. Манайх олон хүүхэдтэй айл байлаа шүү дээ. Мэдээ орсон цагаасаа л малын захад өссөн учраас энэ бүгдийг сурч өдийг хүртэл мал маллан амьдарч байна.

Малч хүний хүүхдүүд гэдэг өөр юм. Танай долоон ах дүү долоон мянгат малчин болж байсан гэж сонссон. Энэ ховор тохиолдол шүү?

Тиймээ, Сайн эцэг эхийн малч ухаан, буян сүргийн минь заяа түшиж “Ах дүү долоон мянгат” гэдэг нэршлийг зүүх болсон. Ийм тохиолдол өмнө гарч байсныг би дуулаагүй. Бид нар эцэг эхийнхээ суурьшиж байсан нутагт бүх малаа нийлүүлж байсан удаатай. Холоос харахад их сүртэй харагддаж байсан шүү.

Та хэдэн онд мянгат малчин болсон бэ?

Би 2012 онд мал сүргийнхээ тоог 1000 гаргаж “Мянгат малчин” болсон. Ах дүү долоон мянгатын хамгийн отгон нь болсон.

Ямар төрлийн малыг түлхүү өсгөж байна вэ?

Манай хангай нутагт бод малыг өсгөж үржүүлэх нь илүү тохиромжтой. Миний хувьд сарлаг сүргийг түлхүү өсгөж үржүүлж байна. Сарлаг өөрөө уулын амьтан учраас уулаар явж тараг тэвээр авдаг юм. Олон төрлийн ашиг шимтэй сайхан мал.

Та зөвхөн мал маллаад зогсохгүй малын яс, мод, амьтны эврээр төрөл бүрийн сийлбэр хийдэг гэж сонссон?

Хүүхэд байхын л зураг зурах сонирхолтой байсан. Багадаа зурдаг байсан зургуудаа одоо ч хүртэл хадгалдаг. Өвлийн цагт малын бэлчээрт явж байх үедээ өврөөсөө гаргаж ирээд л сийлбэрээ хийж эхэлдэг. Төрөл бүрийн сийлбэр хийж байна даа.

Хамгийн ховор нандин бүтээлээ танилцуулахгүй юу?

Хийсэн бүтээл бүхэн минь надад үнэ цэнэтэй. Бүтээл бүрийнхээ хамгийн анхны хувилбарыг өөртөө хадгалж үлдээдэг. Аливаа зүйл ямар нэгэн билэгдлийг агуулж байх учиртай.

Малаас гарсан цагаан идээгээ хэрхэн борлуулдаг вэ?

Миний хань А.Долгормаа голчлон сарлаг, үхэрээ сааж цагаа идээгээ бэлтгэдэг. Учир нь манай нутагт бог малыг төдийлөн саагаад байдаггүй.  Сарлагийн сүүгээр олон төрлийн бүтээгдэхүүн хийж болдог. Сүүгээ хөөрүүлж өрөм, тараг, ундаа, тогоо нэрж монгол архи, аарц хийдэг. Жилд тонн гаруй аарц хурааж аймгийн төвд нийлүүлдэг.

Утас: 99307207, 99320768

Б.Намхай 2012 оноос эхлэн мал маллахын хажуугаар эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн буриад гутлыг үйлдвэрлэж байна. Өвлийн улиралд аймгийн төвд ирж захиалгын дагуу гутал үйлдвэрлэж үлдэгдэлээ зуны цагт хөдөө явж борлуулдаг гэнэ.  Жилд 40-50 гутлыг тогтмол үйлдвэрлэж малчдад худалдаалдаг.

Б.Намхай: Хамгийн гол нь ул зузаан учраас дулаан, бат бөх болдог

Хэзээнээс гутал үйлдвэрлэж эхлэв. Одоогийн байдлаар хэдэн нэр төрлийн гутал үйлдвэрлэж байна вэ?

2012 оноос гэр бүлийн хүнтэйгээ гутал үйлдвэрлэж эхэлсэн. Түүнээс хойш өрхийн үйлдвэрлэлээ амжилттай явуулж байна. Эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн гэсэн гурван төрлөөр гутал үйлдвэрлэдэг.

Танай үйлдвэрийн онцлог нь ихэвчлэн өвлийн гутал үйлдвэрлэдэг юм байна?

Манай гутлыг малчид авдаг учраас бат бөх, дулаан байхаар хийж байна. Үйлдвэрийн хүчин чадлаа нэмэгдүүлбэл зуны гутал үйлдвэрлэх боломжтой.

Үйлдвэрлэж байгаа гутлын онцлогийг манай уншигчдад танилцуулахгүй юу?

Манай гутал нь хоёр давхар ширтэй, утас нь далд байдаг. Хамгийн гол нь ул зузаан учраас дулаан, бат бөх болдог. Эхний авсан хүн дөрвөн жил өмсөөд энэ жил ахиад захиалж хийлгэж байгаа.

Зуны гутал үйлдвэрлэх боломжтой гэж хэллээ. Үйлдвэрлэлээ өргөжүүлэхэд ямар бэрхшээл тулгарч байна вэ?

Хамгийн чухал нь бид үйлдвэрлэлээ өргөжүүлж, ажлын байр нэмэгдүүлэх боломж байдаг ч санхүүгийн асуудал хүндрэлтэй байдаг.

Утас: 94949069, 95141791