m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.11.30 07:55
25
Өнөөдрийн онцлох үйл явдал

Ерөнхийлөгч Парис хотыг зорив

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Францын нийслэл Парис хотноо эхлэх Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг чуулганд оролцохоор өнгөрсөн амралтын өдөр Улаанбаатараас морддоо. Энэ удаагийн чуулганд дэлхийн 160 орны удирдагч цугларч дэлхийн дулаарлын дундаж хэлбэлзлийг цельсийн хоёр градусаас илүүгүй хэмжээнд барих, 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг бүрэн зогсоох зэрэг найман чухал сэдэв хөндөн хэлэлцэх юм.

“Сүүлчийн боломж” уриан дор болох уг чуулганаар дэлхийн дулаарал, хүлэмжийн хийн ялгаралтад нөлөөлж байгаа гол хүчин зүйл болох нүүрстөрөгчийн давхар исэл, метан зэргийг ялгаруулагч нүүрс, газрын тос, байгалийн хийн хэрэглээг бууруулах талаар голчлон хэлэлцэх аж.

                                                                                                  

МАН-ын гишүүд хуулийн байгууллагад хандана гэв

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн ээлжит хуралдаанаараа хэд хэдэн асуудлыг хэлэлцжээ. Тухайлбал, тус бүлгийн зарим гишүүд өнгөрсөн долоо хоногт Чингис, Самурай бондын зарцуулалтын үр дүнг нягталсан талаараа сэтгүүлчдэд мэдээлсэн бөгөөд бондоос 5.4 сая ам.доллар дутсан гэсэн юм.

Харин энэхүү мэдээллийг хийсний дараа Хөгжлийн банкнаас МАН-ын гишүүд хамгийн их санхүүжилт авч, компаниудаа тэжээсэн гэсэн хариу мэдээллийг өгсөн. Тэгвэл МАН-ын бүлгийн гишүүд үүнийг хууль хяналтын байгууллагаар шалгуулж үнэн зөвийг тогтоолгоно. Түүнчлэн АН-ын гишүүд бондоос хэдий хэмжээний санхүүжилт авсан, төсөл нь хэрхэн үр дүнтэй явж байгаа эсэхийг олон нийтэд ил болгох ёстой гэлээ.  

Эрүүл мэнд спортын сайдад Л.Жамбалжавыг нэр дэвшүүлжээ

Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамбыг өдгөө авлигын хэрэгт сэжиглэн цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад буй. Тэрбээр саатуулагдсан даруйдаа үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт тавьж улмаар Шадар сайд Ц.Оюунбаатарыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон.  Харин дараагийн Эрүүл мэнд спортын сайдыг МАХН-аас сонгох учиртай. Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар МАХН-ын Гүйцэтгэх товчоо хуралдаж Эрүүл мэнд спортын сайдад гавьяат эмч Л.Жамбалжавыг нэр дэвшүүлжээ. Тэрбээр МАХН-ын дарга Н.Энхбаярын эмчээр ажиллаж байсан юм.   

                                                 Хэвлэх үйлдвэрийг 24 тэрбум төгрөгөөр худалдан авчээ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор “Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлдвэрийн барилгыг нээлттэй дуудлага худалдаагаар хувьчлахаар шийдвэрлэсэн. Тэгвэл дуудлага худалдаа өнөөдөр Хангарьд ордонд зохион байгуулагдаж барилгын үнэ долоон тэрбум 155 сая төгрөг байсан бөгөөд дуудлага худалдаанд есөн санал иржээ. Тус барилгын дуудлага худалдаанд  Капитрон банк, Таван богд трейд, Bluemon ХХК болон бусад иргэн оролцсон бол барилгыг 24 тэрбум төгрөгөөр Монгол Улсын иргэн Абдул Карим худалдаж авчээ. Абдул Карим нь 2012 онд монгол иргэншилтэй болсон бөгөөд монгол эхнэртэй төдийгүй Монголд ирээд гуч гаруй жил болж байгаа аж.  

 

Цагдаагийн хошуучийн ээж шархаа даалгүй нас баржээ

Энэ сарын 26-ны шөнө хүйтэн мэсний зүйлээр хоёр хүний амь насанд хүрч, хоёр хүнийг хүнд гэмтээсэн онц ноцтой хэрэг гарсан юм.  Амиа алдсан хүмүүс бол аав охин хоёр бөгөөд охин нь Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст ажилладаг, хошууч цолтой бүсгүй байсан. Гэмт этгээдийг дүүтэйгээ суулгахыг зөвшөөрөөгүйн улмаас дээрх гэмт хэрэг гарсан байж болзошгүй гэх таамаг байгаа юм. Хэрэг гарах үед гэрт хошууч Ц нь аав, ээж, хөдөөнөөс эмчилгээ хийлгэхээр ирсэн ахтайгаа дөрвүүлээ байсан бөгөөд халдлагын үеэр ээж болон ах нь хүнд шархадсан байдаг. Талийгаачийн ээж нь шархаа даалгүй өнгөрсөн бямба гаригт нас барсан байна. Харин ахын нь биеийн байдал сайнгүй байгаа аж. Сэжигтэн П.Батбаярыг улс орон даяар эрэн сурвалжилсаны эцэст өчигдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Арцат гэх газрын ойролцоо айлын эзэнгүй байшинд бүгэж байхад нь баривчилсан бөгөөд тэрбээр хэргээ хүлээсэн байна.

Автобусны жолооч осол гаргасны улмаас 14 хүн гэмтэж, нэг хүн нас баржээ

Автобусны жолооч буудал дээр зогсож байсан иргэдийг мөргөж, хүний амь насанд хүрсэн хэрэг гарчээ. Тодруулбал, энэ сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг  Их нарангийн зам, Улаанчулуутын хогийн цэг явах замд “Сутайн буянт” ХХК-ийн Daewoo BS-106 автобусны жолооч Б нь автобусны буудал дээр зогсож байсан 6-н явган зорчигчийг мөргөж, овог нэр, суух хаяг тодорхойгүй эрэгтэйг амь насыг нь хохироосон байна. Мөн автобусанд зорчиж байсан найман зорчигч гэмтсэн бөгөөд хэргийг Улаанбаатар хотын Цагдаагийн газрын гуравдугаар хэлтэст  шалгаж байна.

 

 

Г.Угалзцэцэг бодибилдингийн дэлхийн аварга боллоо

Тайландын Бангкок хотноо болж байгаа бодибилдинг, фитнессийн Дэлхийн аварга шалгаруулах 7 дахь удаагийн тэмцээний эмэгтэйчүүдийн атлетик физикүе ангилалд Г.Угалзцэцэг алтан медаль хүртэж, дэлхийн аварга гэсэн нэр хүндийн эзэн боллоо. Мөн Г.Гансаруул хүрэл медаль хүртсэн бол эрэгтэйчүүдийн мастер бодибилдингийн/40-49 нас/ ангилалд Л.Баянхүү мөнгөн медаль аваад байна.