m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.11.30 08:47
39
С.Одонтуяа:Хөгжлийн банкны талаар үндэслэлгүй, ташаа мэдээлэл цацаж байна

УИХ дахь  АН-ын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийсний дараа сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Б.Гарамгайбаатар хэлэхдээ:

-Уламжлал ёсоор Монгол Улсын Их Хурлын дарга болон Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээллийг сонслоо. Хоёрдугаарт, Хөгжлийн банкны үйл ажиллагааны талаар мэдээллийг тус банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат танилцуулсан. Гуравдугаарт, Сонгуулийн хуулийн төсөл, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн мэдээллийг тус ажлын хэсгийн ахлагч  А.Бакей танилцууллаа. Дөрөвдүгээрт, Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн талаар хэлэлцэж, УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй гэдэг дээр бүлгийн гишүүд санал нэгдлээ. Тавдугаарт, Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, энэхүү ойг зохион байгуулах комиисын даргаар ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг томилсон гэлээ.
 

Бүлгийн удирдлага мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
 

-Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төслүүдийн хэрэгжилт, бондын үр ашгийг хэрхэн үнэлж байгаа вэ? Тухайн үед Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс нэг ам.долларыг гурван ам.доллар болгох төслүүдийг санхүүжүүлэх хэрэгтэй гэсэн зөвлөмж өгч байсан. Хэрэгжүүлж буй төслүүд хэдий хугацаанд хөрөнгө оруулалтаа нөхөх бололцоотой байгаа вэ? МАН-ын зарим гишүүн хувь эзэмшдэг компанидаа Хөгжлийн банкнаас зээл авсан гэсэн мэдээлэл цацагдаад байгаа. Энэ асуудал дээр Ардчилсан намын гишүүд ямар байр суурьтай байгаа вэ?
С.Одонтуяа: -Өнөөдрийн хуралдаанаар Хөгжлийн банкнаас мэдээлэл өгч, гишүүдэд дэлгэрэнгүй мэдээлэл бүхий материал тарааж, гишүүд нэгбүрчлэн танилцсан. Тус банкны үйл ажиллагаатай холбогдуулан Я.Энх-Амгалан гишүүнээр ахлуулсан, 10 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийн гишүүд асуудал бүрээр саналаа нэгтгэж, гарын үсэг зураагүй байхад, ташаа мэдээлэл олон нийтэд цацаж, улстөр хийсэн. Үүнд Ардчилсан намын гишүүд дургүйцлээ илэрхийлж байгаа.

Улсын Их Хурал дээр ажлын хэсэг байгуулах, ажлын хэсгийн үйл ажиллагааг хянах зэрэг бүх процесс өөрийн гэсэн дэгтэй. Гэтэл ердөө дөрөвхөн гишүүн гарын үсэг зурсан, тодорхой эх сурвалжгүй материалууд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан. Тухайлбал, “Чингис” бондыг арилжаалан мөнгө босгох үед 5,4 сая ам.доллар сох дутсан  хэмээн мэдээлсэн байна. Хөгжлийн банк, Үндэсний аудитын газар зэрэг холбогдох байгууллагын албан тушаалтнуудын мэдээлснээр, аливаа бондыг арилжаалахад тодорхой зардал гардаг бөгөөд зохион байгуулсан арилжааны банк үүнийг суутгаж авдаг. Өмнө нь Монгол Улсын Засгийн газар болон арилжааны банкууд нэг бус удаа бонд гаргаж байсан. Бүгд тодорхой хувиар шимтгэл төлж байсан. “Чингис” бондын тухайд маш бага хувь буюу 0,35 хувиар шимтгэл тооцуулсан байдаг. Иймд ажлын хэсгийн гишүүд санал дүгнэлтээ эцэслэж гаргах хэрэгтэй байгаа.

Бас нэг жишээ хэлэхэд, 2012 оны 3 дугаар сард Монгол улс 580 сая ам.долларын бонд босгосныг та бүхэн мэдэж байгаа.  Үүний зардалд 0.58 хувь буюу 3.3 сая ам.доллар суутгасан байдаг. Сангийн яаман болон Аудитын газраас акт тавьсны дагуу энэ зардлаас хэрэглэгдээгүй үлдсэн 379 мянган ам.долларыг буцааж төсөв рүү нь шилжүүлсэн байдаг.

Хөгжлийн банк 2015 онд 600 тэрбум төгрөгийн хүүгийн орлоготой ажилласан, ер нь өнгөрсөн гурван жилд дандаа ашигтай ажиллаж байгаа гэдгээ мэдэгдсэн.

Б.Гарамгайбаатар: -Хөгжлийн банкны асуудал олны анхаарлыг ихэд татаж байгаа учир бид нэлээд сайн тайлбарлах үүднээс ярьж байна. Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга өнөөдөр бүлгийн хуралд оролцсон. Ж.Эрдэнэбат Сангийн яамны сайд байх үедээ сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулж, Хөгжлийн банкинд шалгалт оруулсан юм байна. Гэхдээ тэр ажлын хэсэг нь шалгасан материал болон дүгнэлтээ албажуулаагүй. Одоог хүртэл сайдын зөвлөлийн хурлаар оруулаагүй, албан ёсоор санал дүгнэлтээ боловсруулаагүй, газар хэлтсийн хурлаараа ч оруулаагүй байгаа юм байна. Тийм материалыг МАН-ын гишүүд хувийн шугамаар олж аваад, энэ ажлын хэсгийн дүгнэлт болгож, Сангийн яамнаас албан ёсоор Хөгжлийн банкийг шалгаад дүгнэлт гаргасан юм шиг тайлбарлаж, хүмүүсийн толгойг эргүүлээд байна. Бид сая үүнийг ярилцаад Сангийн яам яг ийм ажил хийсэн эсэхээ албажуулж мэдэгдэл гарга гэж хэллээ. Тэгэхээр Сангийн яам энэ талаар албан ёсны мэдэгдэл гаргах байх. Үндэсний аудитын газар хоёр дүгнэлт гаргасан гэж ажлын хэсэг дээр Л.Энх-Амгалан, Ч.Хүрэлбаатар, Х.Чойжилсүрэн нар ярьсан. Ерөнхий аудитор А.Зангадыг бүлгийн хуралд оролцуулж, энэ талаар магадлахад “Аудит бол нэг л дүгнэлт гаргадаг. Хэзээ ч хоёр дүгнэлт гаргадаггүй” гэдгийг ерөнхий албан ёсоор хэллээ.

Та бүхэн Хөгжлийн банкны мэдэгдэл, Үндэсний аудитын газар, Улсын Их Хурлын дэргэдэх Хяналт, шижилгээ, үнэлгээний газрын ажлын хэсгийн нарийн бичгийн даргын мэдээллүүдийг харсан байх. Өнгөрсөн долоо хоногт Монгол Ардын намаас зохион байгуулсан хэвлэлийн бага хурал дээр хийсэн мэдээллүүд нь албан ёсоор баталгаажаагүй мэдээлэл гэж Ардчилсан намын бүлгийн гишүүд үзэж байна. Маргааш Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр Ажлын дэд хэсгээс тодорхой зүйлийг  асууж тодруулна. Ажлын хэсгийн гишүүд бүгд биш юм гэхэд олонх нь энэ асуудалтай танилцаж, хүлээн зөвшөөрсөн байх хэрэгтэй гэсэн шаардлага тавьж байгааг албан ёсоор мэдэгдье.

-Сонгуулийн хууль дээр ажлын хэсэг гарсан байгаа. Нэгдсэн төсөл хэзээ бэлэн болох вэ?
Б.Гарамгайбаатар: -Сонгуулийн хуулийг хэлэлцэхэд маш бага хугацаа үлдээд байгаа. 2015 оны арванхоёрдугаар сарын тавны өмнө амжуулж шийдвэрт хүрэх ёстой. Намуудын төлөөлөл оролцсон зөвшилцөх ажлын хэсэг байгуулагдан өнөөдрөөс уулзалт эхлэх төлөвтэй байна. Энэ асуудал хэдий хурдан хугацаанд зөвшилцөлд хүрч чадна, төдий чинээ хуулийн төсөл дээр сайн ажиллах бололцоо бүрдэнэ. Ардчилсан намын бүлэг Р.Бурмаа нарын гишүүдийн өргөн барьсан хуулийн төслийг дэмжиж байгаа.

-Архи, спиртний онцгой  албан татварын бууруулж,  нэг литрийн татварыг 2900 төгрөг байлгахаар оруулж ирж байгаа гэсэн, бууруулж байгаа шалтгаанаа тайлбарлаж өгнө үү?
Б.Гарамгайбаатар: -Энэ асуудал УИХ-ын чуулганаар ороод унасан. Энд Япон, Монголын хамтран ажиллах гэрээтэй холбоотой заалт явж байгаа. Онцгой албан татвартай холбоотой өөрчлөлт байхгүй. Хоёр улсын хороонд байгуулсан олон улсын гэрээ хэлэлцээрийн дагуу тодорхой хүлээсэн үүргийнхээ дагуу асуудлаа шийдэх гэж оруулж ирж байгаа.

-Эрүүл мэнд, спортын сайдад Шударга ёс эвслээс санал болгож байгаа хүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэсэн мэдээлэл байгаа. Энэ талаар тодруулна уу?
Б.Гарамгайбаатар: -Ерөнхий сайдын мэдээлснээр, “Шударга ёс” эвслийн бүлгээс Ерүүл мэндийн сайдад нэр дэвшүүлсэн, Засгийн газар өнөөдрийн хуралдаанаараа энэ асуудлыг хэлэлцэнэ гэсэн.

-Б.Гарамгайбаатар гишүүнтэй холбоотой нэг асуулт байна. “Монроуд” компани гурван тэрбум гаруй төгрөгөөр барих байсан замыг 10 тэрбум төгрөгөөр барьсан гэх мэдээлэл гараад байна. Энэ талаар тайлбар өгөхгүй юу?
Б.Гарамгайбаатар: -Гурван тэрбум төгрөгийн замын ажил яригдаагүй, буруу мэдээлэл сонссон байна. Миний үүсгэн байгуулсан “Монроуд” компани Архангай аймгийн  нутагт Халзанбүргэдэй-Солонготын даваа чиглэлийн 100 км замын тендерт 2012 оны сонгуулиас өмнө оролцон шалгарч байсан. Тухайн үедээ энэ ажил эхлээгүй, төсөвт өртөг маргаантай байсан. Сонгуулийн дараа холбогдох яамдтай гэрээ байгуулсны үндсэн дээр ажил эхэлсэн. Нэг ч км зам бариагүй хэрнээ 40 гаруй тэрбум төгрөг авсан гэсэн мэдээллийг АТГ-ын хариуцлагатай албан тушаалтан хэвлэл мэдээллээр зарласнаас болж энэ асуудал үүссэн юм. Өнөөдөр бүлгийн хурал дээр Хөгжлийн банкныхнаас тодруулахад ажлын гүйцэтгэл 100 хувь, гэхдээ санхүүжилтийг нь бүрэн шилжүүлээгүй байгааг хэллээ. Удахгүй тус замыг шиглалтад авах байх, үүний дараа холбогдох байгууллага нь бусад мэдээллийг өгөх болов уу. Энэ асуудлыг надтай холбож, мушгин гуйвуулж хэвлэл мэдээллээр цацаж байгаа нь зохимжгүй асуудал. Үүнээс хойш зөв мэдээлэл цацаарай гэж хүсч байна. 

- 5,4 тэрбум ам.доллар дутсан нь бонд босгохтой холбоотой зардал гэж хэллээ. Үүнийг дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч?
Б.Гарамгайбаатар: -Өнгөрсөн долоо хоногт авсан мэдээллээр Сангийн яаман дээр хийсэн бичилтийг нь Аудитын газраас шалгаад “төсвийн дансан дээр албан ёсны бичилтээ хий” гэсэн чиглэл өгсний дагуу хийсэн бичилт юм билээ. Үүнийг мушгин гуйвуулаад байна. Нэгэнт тийм зардал гарсан учраас Засгийн газар хуралдаанаараа оруулж хэлэлцээд албан ёсны шийдвэр гарсны дараа Сангийн яам төсөв дээрээ мөнгөн дүнгээр нь бичилт хийсэн юм байна. Энэ асуудлыг хоёр ч удаа 5,4 сая ам.доллар ч билүү авсан завшсан зэргээр мэдээлсэн хүмүүсийн мэдээллийг Үндэсний аудитын газраас болон Сангийн яамнаас үгүйсгэсэн. Одоо үүн дээр ямар ч маргаан байхгүй.

- Энэ Ард нийтийн санал асуулга явуулж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал юу болсон бэ? Одоо амжих уу?
Б.Гарамгайбаатар: -Үндсэн хуулийн өөрчлөлтийг өргөн барьсан. Хуулийн заалтууд нь тодорхой хугацаатай юм билээ. Нэгэнт Улсын Их хуралд өргөн баригдсан Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг төр хугацаанд нь зайлшгүй хэлэлцэх ёстой. Ард нийтийн санал асуулгын тухай хууль энэ долоо хоногийн хэлэлцэх асуудлын жагсаалтад орсон байгаа. Гэхдээ өнөөдрөөс эхлээд намуудын зөвшилцөх ажлын хэсгүүд дээр Үндсэн хуулийн өөрчлөлт, Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн өөрчлөлт, Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлтийн асуудлуудыг ярих шаардлагатай байгаа. Өнөөдрөөс эхлээд ярьж эхлэх байх.

-Шүүхийн асуудал дээр Ерөнхийлөгч хориг тавьсан. Энэ шүүхийн асуудлыг Үндсэн хуулийн өөрчлөлтөд хавсаргах боломж байгаа юу?
Ш.Түвдэндорж: -Бидний явуулсан шүүхийн шинэчлэлийн асуудлаар хийсэн ажлыг Үндсэн хуулийн заалт зөрчсөн гэж Үндсэн хуулийн цэц үзээд байгаа. Яг үнэндээ хийсэн өөрчлөлт нь амьдралд хүрч байгаа. Төсөв мөнгийг нь батлаад, зохион байгуулалтыг нь хийчихсний дараа энэ асуудал үүссэн. Эргээд энэ бүхнийг задлах төсөв энэ жилийн төсөвт байхгүй. Нэг талаас амьдрал дээр хүндрэл гарч байгаа учраас, нөгөө талаас шүүхийн байгууллагын өөрчлөлт дээр хийсэн чухал алхмаасаа ухрахгүйн тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа гэдэг дээр санал нийлж байгаа.

Б.Гарамгайбаатар: -Ардчилсан намын бүлэг Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээж авах байр суурьтай байгаа.