m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.02.02 00:49
47
УИХ-ын даргад АЭХ-оос уриалга өргөн барив

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн С.Одонтуяа болон УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Р.Бурмаа, Л.Эрдэнэчимэг нар өчигдөр УИХ-ын дарга З.Энхболдод тус холбооны дөрөвдүгээр дээд чуулганаас гаргасан уриалгыг өргөн барьсан. Уриалгыг бүрэн эхээр нь хүргэе.

 

Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит дөрөвдүгээр Дээд чуулган Ардчилсан хувьсгалын 26 жил, Үндсэн хууль батлагдсаны 24 жилийн ой, Улсын Их Хурал, Аймаг, Нийслэл, Дүүрэг, СумынИргэдийн Төлөөлөгчидийн Хурлын ээлжит сонгуулийн жилд болж байгааг тэмдэглэж, энэхүү уриалгыг гаргаж байна.

- Ардчилсан Намын дэвшүүлсэн “Монгол хүн 2020” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Ардчилсан намын эмэгтэй гишүүд дэмжигчид хууль эрх зүйн болон хот, орон нутгийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсныг цохон тэмдэглэж,

- Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 193 орон нэгдэн баталсан,2016 оноос хэрэгжиж эхэлж буй Тогтвортой хөгжлийн зорилтыг 2030 оноос өмнө ханган биелүүлэхэд Ардчилсан Нам, Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны бүх шатны байгууллага, гишүүдийн манлайлал нэн чухал болохыг тэмдэглэж,

- Тогтвортой хөгжлийн V зорилт болсон “Жендерийн эрх тэгш байдлыг хангах” чиглэлд жил бүр Монгол Улсын хэмжээнд бүхий л түвшиндээ ахиц дэвшил гаргаж ажиллахыг эрмэлзэж,

- УИХ-аас 2015 оны 12 дугаар сард баталсан Сонгуулийн тухай хуульд УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийн 30 хувиас доошгүй нь эмэгтэйчүүдийн төлөөлөл байхаар тусгасан заалтыг талархан дэмжиж,

- Сонгуулийн тухай хуульд төрийн үйлчилгээний ажилтнуудын орон нутгийн сонгуульд сонгогдох эрхийг нээх шийдвэрийг 2012 оны орон нутгийн сонгуулийн өмнө, УИХ-ын сонгуульд сонгогдох эрхийг нээх шийдвэрийг 2015 онд баталсныг тус тус сайшаан тэмдэглэж,

- Сонгуулийн тухай хуульд Аймаг, Нийслэл, Дүүрэг, Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн талаар тусгахдаа жендерийн тэгш байдлыг хангах квот тусгаагүйгээс эдгээр сонгуульд эмэгтэйчүүдийн төлөөлөл буурах бодит эрсдэл бий болсныг сэрэмжлүүлэн,

- Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны гол зорилго нь ардчиллын чанарыг сайжруулах, аливаа шийдвэр гаргах түвшинд гарч буй олон нийтэд хамааралтай шийдвэрийг эмэгтэйчүүдийн оролцоогоор илүү хүмүүнлэг, шударга, нягт нямбай, үр дүнтэй болгох, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх явдал болохыг дахин зарлан сурталчилж,

Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны IV дээд чуулганд оролцогч төлөөлөгчид бид дараах УРИАЛГЫГ сонордуулж байна:

1. Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд эрэгтэй, эмэгтэй шийдвэр гаргагчдыг тэгш оролцуулах замаар тогтвортой, урт хугацааны, цогц шийдлийг удирдлагын бүх түвшинд гаргаж ажиллах, Ардчилсан Нам өөрийн 2030 он хүртэлх бодлогодоо тусган томьёолохыг АН-ын гишүүд, АН-ын Үндэсний Зөвлөлдөх Хороонд тус тус уриалж байна.

2. Аймаг, нийслэл, дүүрэг, сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны сонгуульд Ардчилсан Намаас нэр дэвшүүлэхдээ нэр дэвшигчдийн 30 хувиас доошгүй нь эмэгтэй нэр дэвшигчид байхаар зохион байгуулахыг Ардчилсан Намын удирдлага, нийслэл, аймаг, сум, дүүргийн Намын хороонд уриалж байна.

3. Эмэгтэйчүүдийг шинэ мянганы шинэ зорилт – Тогтвортой хөгжлийн зорилтуудыг ханган биелүүлэхэд шаардлагатай ур чадварт тасралтгүй суралцах нөхцөл бололцоог нээх замаар Ардчилсан Намаас бүх шатны сонгуульд нэр дэвших, бүх салбарын шийдвэр гаргах түвшинд дэвшин ажиллах, шийдвэр гаргах түвшинд үр дүнтэй ажиллахад нь дэмжиж, орон нутаг, эх орон, бүс нутаг, дэлхий дахины асуудлыг шийдвэрлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж чадах олон сайн эмэгтэй удирдагчдыг төрүүлж, төлөвшүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллахыг Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны бүх шатны удирдлага, салбар хороо, АЭХ-ны нийт гишүүдэд уриалж байна.

4. Улс төрийн нам доторх эмэгтэйчүүдийн байгууллага нь эмэгтэй улс төрчдийг бэлтгэх, төлөвшүүлэх гол орон зай тул ардчилалын энэхүү үнэ цэнтэй институцийг Улс төрийн намуудын тухай хуулинд хэвээр үлдээхийг УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн гишүүдэд уриалж байна.

5. Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог бууруулахад чиглэсэн аливаа шийдвэрт эрс няцаалт өгч, харин эмэгтэйчүүдийн оролцоог шийдвэр гаргах түвшинд нэмэгдүүлэхэд чиглэсэн хууль санаачилж ажиллахыг УИХ-д суугаа Ардчилсан Намын гишүүн эмэгтэйчүүдэд уриалж байна.

АЭХ-НЫ IV ДЭЭД ЧУУЛГАНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД
2016-01-18
Улаанбаатар, Төрийн ордон