m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.02.02 01:41
165
Өвөрхангайн сар шинийн үзэсгэлэн худалдаа боллоо

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Өвөрхангай аймаг дахь салбараас "Өвөрхангайд үйлдвэрлэв-миний хэрэглээ" сар шинийн баярт зориулсан үзэсгэлэн худалдааг амжилттай зохион байгууллаа.  19 сумын жижиг дунд болон өрхийн үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн уг үзэсгэлэнд оролцсон байна. Үзэсгэлэнгийн үеэр азтан тодруулж, шилдэг үйлдвэрлэгчдэд цом, өргөмжлөл гардуулсан байна.

Баялаг бүтээгчид тахилын боов, тавгийн идээ, сүлжмэл суран хазаар, хромон гутал, нарийн цагаан эсгий гутал, сүүний цацал, айраг, телевизийн суурь зэрэг шагналын сантайгаар хэрэглэгчдийн дундаас 25 азтанг тодруулжээ.

Мөн шилдэг хүнс үйлдвэрлэгчээр "Анар" талх, нарийн боовны цех, шилдэг үндэсний гоёл үйлдвэрлэгчээр Баян-Өндөр сумын "Бүрэн баян хайрхан" ХХК, шилдэг гар урлал мод модон эдлэл үйлдвэрлэгчээр тарагт сумын "Ариунсанаа" мужааны цехийг тодруулжээ. Үзэсгэлэнгийн шилдэгийн шилдэг буюу Гранпри шагналыг Уянга сумын "Уянга ур" ХХК шалгарч цом өргөмжлөлийн эзэн болжээ.

Үзэсгэлэн худалдааны үеэр Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч Ч.Даваабаяр салбар хорооны дарга Оюунчимэгт Засгийн газрын 494 тоот тогтоолыг гардуулан өгч салбар хороодын удирдлагуудад ажлын амжилт хүссэн байна. 

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөлийн дарга Г.Оюунчимэг

Өвөрхангайчуудын ур ухаанаар бүтсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа болж байна. Цагаан идээ, гэр ахуйн тавилга, суран бүтээгдэхүүн, бүх төрлийн тахилын идээ, үндэсний гоёл хувцас зэрэг 50 орчим нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцож байна. Үзэсгэлэн худалдаанд хүмүүсийн нүдийг хужирласан олон сайхан бүтээгдэхүүн байгаа. Уг үзэсгэлэнг "Дэлгэрэх хүнс" ХХК хамтран зохион байгуулж байгаа бөгөөд таван азтаныг тодруулна. Мөн үзэсгэлэнд оролцож байгаа үйлдвэрлэгчдийн дундаас "Хүнсний шилдэг" "Гар урлал, модон эдлэл", "Үндэсний гоёл" болон "Шилдгийн шилдэг" бүтээгдэхүүнд цом, өргөмжлөл гардуулах аж. 

Баян-Өндөр сумын малчин Д.Дүриймаа

Сар шинийн баярт зориулсан үзэсгэлэн худалдаанд 2009 оноос хойш оролцож байна. Манай Баян-Өндөр сум айргаараа алдартай учраас айраг, цагаан идээгээр үзэсгэлэнд оролцдог. Энэ жилийн хувьд эдийн засгийн хямралтай байгаа болоод ч тэр үү худалдан авалт тааруухан байна. Энэ жилийн үзэсгэлэнгийн онцлог нь шилдэг үйлдвэрлэгчдийг  шалгаруулахаас гадна түрээсийн үнэгүй болж байгаа нь сайшаалтай. "Өвөрхангайд үйлдвэрлэв-миний хэрэглээ" үзэсгэлэнг зохион байгуулж байгаа Баялаг бүтээгчдийг дэмжих холбооын Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөлийн хамт олонд баярласнаа хэлмээр байна.