m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.02.02 05:16
155
Онц аюултай улс төрийн өвчин

Сонгууль дөхөхөөр шог шог зүйл их болдгийг энэ жилийн эхний өдрөөс шахуу олон нийт харж, үзэж эхэллээ. Олноо үйлдвэрчний, фэнгшү хэмээх нэрээрээ танил болсон С.Ганбаатар дээд боловсролгүй, гадаадын олон дээд сургууль төгссөн мэтээр залуучуудад лекц уншиж байсан гэх баримттай мэдээллийн өмнө тэр сөхөрсөн. Ар араасаа хөврөх баримтыг няцаах аргагүй болохдоо "Би дээд сургууль төгсөөгүйгээр Монгол Улсад ямар хор хохирол учруулав" хэмээн бухимдангуй хэлсэн нь олныг талцуулж орхисон.

 Дийлэнх нь Монгол Улсын их хурлын гишүүн, төрийн түшээ ингэж худлаа ярьж болохгүй гэсэн хэсэгт багтан энэ үйл явдал тэгсхийгээд намжлаа. ХҮН-ын нэр хүнд, рэйтинг хэдэн хувь бурсныг өөрсдөө нэг тооцоолсон биз.

Дуулиант энэ мэдээллийн араас  бас нэгэн үйл явдал газар авч бөөн дуулиан шуугиан болох нь тэр. С.Ганбаатарын их дээд сургууль  төгсөөгүй хэрэг түүний хажууд юу ч биш. МАХН-ын генсек Г.Шийлэгдамба албан өрөөнөөсөө саатуулагдаад хоёр сар гаруйн дараа үнэнээ өчлөө.  Н.Энхбаяр гэж хэн бэ, юуны төлөө, яахын тулд МАХН-ыг байгуулж, төрийн ордноор гороолж, монгол төрөөр наадаж буйг тэр айх зүйлгүй захидал бичиж, олон нийтэд үнэнийг өчлөө.

Г.Шийлэгдамбыг ярилцлага өгөхөөр телевизийн үүдэнд ирэхэд олон хүн уулзана хэмээн дайрч, сүүлдээ цагдаа дуудсан сурагтай. Энэ мэт байдлаас харахад түүнийг төдийгүй хамгийн ойр дотнын хүмүүсийнх нь  эрүүл мэнд амь насыг хамгаалах хэрэгтэй болсон нь анзаарагдаж байна. Г.Шийлэгдамба мөр зэрэгцэн явсан нөхдийн үнэн бодит байдлыг илчилсэн нь өөрийгөө болоод ойр дотнын хүмүүсээ хүнд байдалд оруулах магадлалтай ч Монголын төрд, нам гэх малгайны дор нэгдсэн луйварчдад том цохилт боллоо. Цаашлаад учраа ололхгүй, даргын харцаар хөдөлж буй залуучуудад ч нэгийг бодох боломж өгсөн болов уу. Мөн Шадар сайд Ц.Оюунбаатар, Ц. Шаравдорж. Г.Тэрбишдагва гэх мэт МАХН-ын лидерүүдийн үнэн нүүр царай ямар болохыг ямар ч цензургүйгээр ярилцан олон нийтэд илчлээд өглөө.

Монголын төрд, нам гэх малгайны дор нэгдсэн луйварчдад том цохилт боллоо

Н.Энхбаярын гар хөл бологсод Монголын төрөөр хэрхэн наадаж, бүхэл бүтэн яам Тамгын газрыг намын санхүүжилтийг бүрдүүлэх хэрэгсэл болгож буйг илчилсэн Г.Шийлэгдамбад түмэн олон талархаж байна. Түүний үнэнээ өгүүлсэн ярилцлагад худал хуурмаг зүйл огт байгаагүй. Сайд нэр зүүсэн утсан хүүхэлдэй Б.Баянсэлэнгийн талаар олон зүйл ярилцлагын үеэр дурьдаагүй ч яамгүй шахуу болсон намын гол мөнгө хуримтлуулах хэрэгсэл нь Барилга хот байгуулалтын яам болсныг олон нийт хэлж байна. Барилгын салбарынхныг удаа дараа цуглуулж "Тентер надад байна. Хамтран ажиллая, Тендер авах нь надтай уулз" хэмээн соёлтой аргаар мөнгө нэхэж, салбарын яамыг өөрийн хувийн өмч мэт ашиглаж чадна гэдгээ ичих нүүргүйгээр хэлсэн нь нэг бус удаа аж. Яамны мөнгөтэй холбоотой бүх бичиг баримт Төрийн нарийн бичгийн даргын гарын үсгээр эцэслэдэг учир өөрийнх нь үгэнд орохгүй, хууль зөрчихгүй гэж  зүтгэсэн төрийн албан хаагчийг халах тухай удаа дараа сануулж, Н.Энхбаяр өөрөө хүртэл ирж, ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргахыг шаардах, сануулахын дундуур хэлсээр байгааг тус яамныхан ярьж байна.

Н.Энхбаяр төр түшилцэж, Монголдоо хамгийн өндөр албан тушаал хашсан хүний нэг байж болно. Гэхдээ тэр өнөөдөр хэн юм бэ. Төрийн байгууллагын хаалгыг өшигчин орж, төрийн албан хаагчдыг хууль зөрчөөгүйнх нь төлөө халах тухай сануулж, шахалт дарамт үзүүлэх эрхийг хэн түүнд олгосон юм бэ. Түүний талаар олон ээдрээтэй мэдээлэл байдгийг монголчууд мэднэ. Эргэлзээтэй үнэн бодит байдлыг мэдэх аргагүй учир олон нийтийн нэгээхэн хэсэг нь түүнийг дэмжиж байсан байх.

Н.Энхбаяр өөрөө хүртэл ирж, ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргахыг шаардах, сануулахын дундуур хэлсээр байгааг тус яамныхан ярьж байна

Харин одоо тэс өөр бодолтой болсон гэдэгт эргэлзэх зүйл алга. Монголын төрд дахин хэзээ ч ойртуулж болохгүй хүний нэг нь Н.Энхбаяр гэж олонтоо сонсож байсан ч бас эргэлзэж байснаа нуух юун. Тэрслүү тэр үг үнэн байж. Ханилж явсан нөхрөө хөсөр хаяж, уулын бугыг хараад унасан морио голдог хүн Монголын төрд гарвал юу болох бол.

Төрийн албан хаагчдыг ажиллах боломжийг хааж, ажлын байрны дарамт үзүүлж,  шууд бүдүүлгэр халдаж байхад Засгийн газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар хуулийн байгууллага яавал ч яаг гэсэн шиг хараад суугаа нь Монголын төр ямар гээч аалзны торонд орооцолдсоныг гэрчилж байна. Утасны үзүүрээс Н.Энхбаяр татахад хөвөрсөөр  хэн, хэний бульхай илчлэгдэн түмний цээрлэл хүлээх бол. Ийм л айдас хүйдэстэй АН-ынхан Н.Энхбаяр хэтрүүлчихгүй байгаасай хэмээн зальбирч суугаа биз. 

Улстөрч болж, саарал ордонд саатах дуртай хүмүүсийн өвчин одоо эрээ цээрээ алдан, онц ихээр халдварлаж эхэллээ. Нам  дамжин гүйдэг Л.Гүндалай дуучин болчихоод баатрын дүрд тоглож, нум сум харваж явна цаана чинь.

Нэрт нийтлэлч Баабар "Энэ 76 дотор эрүүл мэндийн байдал нь маш хүнд, оношлох боломжгүй хүн олон бий" хэмээсэн нь үнэний ортой юм.  Сэтгэцийн өвчтэй хүний тоог нэмэхгүй байхыг бид л шийдэх учир сонголтоо зөв хийхэд тэдний өвчин тэгсхийгээд намдана.

Ийм л айдас хүйдэстэй АН-ынхан Н.Энхбаяр хэтрүүлчихгүй байгаасай хэмээн зальбирч суугаа биз. 

 

Өтгөс буурал өдрийн уртыг аяга цай зүсэм талхаар өнгөрөөж, бяцхан үрс хоолны шавхруу горьдон ходоод  нь хонхолзож буйг юман чинээ бодохгүй гагцхүү нам, намын нэрээр хийх бизнес, хувийн эрх ашгаа тэргүүнд тавьсан хүмүүсээр бид 25 жил төрөө удирдууллаа. Одоо нам бус хүн сонгон, эх орныхоо ирээдүйн төлөө сэтгэлээ чилээдэг эрхмийг сонгох боломж бидэнд тулж ирлээ.  Тийм сэтгэл зүрхтэй монгол хүн олон гэдэгт итгэнэм.