m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.02.02 08:27
57
Өнөөдрийн онцлох үйл явдал

Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар Ардчилсан намд ИЗНН, МҮАН-ыг нэгтгэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд “ИЗНН болон МҮАН-д нэгдэх саналаа хүргүүлэх хэрэгтэй” гэдэг саналыг гаргасан бөгөөд саналаа тухайн намуудад хүргүүлэхээр тогтсон. Энэ дагуу Ардчилсан намын дарга З.Энхболд өнөөдөр ИЗНН-ын дарга С.Оюун, МҮАН-ын Н.Батцэрэг нартай уулзаж нэгдэх саналыг албан ёсоор гардуулав.

Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 123 жилийн ойг тохиолдуулан Монгол Ардын намын удирдлагууд, нийслэл, дүүргийн намын байгууллага, гишүүд, дэмжигч, жирийн иргэдийн төлөөлөл Сүхбаатарын талбайд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Их жанжин Д.Сүхбаатарын Монголын түүхэнд оруулсан гавъяаг үнэлж баршгүй юм. Эх орны тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө амь биеэ хайрлалгүй зүтгэсэн Д.Сүхбаатарыг цэргийн цогтой удирдагч байсан хэмээн түүхчид үздэг билээ.

Монгол үйлдвэрлэв-Миний хэрэглээ аяны шилдгээр "Говь" тодорлоо

“Масс агентлаг”-аас санаачилсан “Монголд үйлдвэрлэв-Миний хэрэглээ” аян  өнгөрсөн нэг сарын хугацаанд амжилттай хэрэгжлээ. Тус аянд олон нийтийн сүлжээгээр тавин мянга гаруй хүн идэвхтэй оролцож үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг олон нийтэд уриалсан юм. Тэгвэл тэдгээр хүмүүсийн 29,5 хувь буюу 14755 хүн "Говь" брендийн ноолууран хувцас хэрэглэлийг хэрэглэдэгээ илэрхийлсэн юм. Иймээс "Масс агентлаг"-ийн зүгээс үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлж, загварлаг чамин, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй тус компанийнханд талархал гардууллаа.

Хүүхдийн мөнгийг Цагаан сараас өмнө олгоно

УИХ-ын тогтоолоор хүүхэд бүрт хорин мянган төгрөг олгохоор болсон. Гэвч өнөөдрийг хүртэл нэгдүгээр сарын хүүхдийн мөнгө олгогдоогүй байгаа нь  иргэдийн дунд хүлээлт үүсгээд байна. Тэгвэл Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар нэг, хоёрдугаар сарын хүүхдийн мөнгийг цагаан сарын өмнө олгохоор шийдвэрлэжээ. Хүүхдийн мөнгийг Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаанд хамрагдсан өрхийн 0-18 нас хүртлэх бүх хүүхдэд олгоно. Өнөөдрийн байдлаар 970 мянган хүүхдэд хүүхдийн мөнгө авах эрх үүссэн байна.

Чингэлтэй дүүрэгт гурван бага сургууль байгуулна

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Бага сургууль байгуулах тухай” А/87 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу боловсролын үйлчилгээг иргэдэд ойртуулах, хүүхэд багачуудад чанартай боловсрол олгох зорилгоор Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 138, 139, 140 дүгээр бага сургуулийг шинээр байгуулна.

Чөлөөт бөхийн залуучуудын УАШТ эхэллээ

Чөлөөт бөхийн 2016 оны Залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын тев Ордонд өнөөдөр эхэллээ.  Энэ жилийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 33 байгууллагын 311 тамирчин оролцож байна.

 

Орон нутгийн замд осол болж хоёр хүн нас баржээ

Орон нутгийн замд осол гарсаны улмаас хоёр хүн нас баржээ. Осол Сүхбаатар аймгаас Уулбаян сумын Жавхлант багийн нутаг “Цахиурт“ гэдэг газар Улаанбаатар-Баруун-Уртын чиглэлийн зам дээр болжээ. 01-44 СҮА улсын дугаартай “Норд-бенз” загварын ачааны автомашин, 51-69 СҮА улсын дугаартай “Приус-10” загварын  автомашинтай  мөргөлдөж иргэн хоёр иргэн нас баржээ.