m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.02.03 00:09
37
Төрийн ордны хуралдааны танхимуудын нэрийг өөрчлөв

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 22 тоот захирамж гаргаж, Төрийн ордны Байнгын хорооны хуралдааны танхимуудын нэрийг өөрчиллөө. 

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэг, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэг, Монгол Улсын Төрийн ордны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэг, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг, Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хүсэлтийг үндэслэн Төрийн ордны Байнгын хорооны хуралдааны “А” танхимыг “Их Эзэн Чингис хаан танхим”, “Б” танхимыг “Жанжин Д.Сүхбаатар танхим” гэж тус тус нэрлэхээр шийдвэрлэсэн байна.

Улсын Их Хурлын дарга тус захирамжийг Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн дарга С.Бямбацогтод Төрийн ордны Байнгын хорооны хуралдааны “Б” танхимд гардуулав. 

Энэ үеэр Улсын Их Хурлын дэд дарга М.Энхболд “Д.Сүхбаатар бол Ардын хувьсгалын анхны долоогийн нэг. Орчин цагийн цэргийн байгуулал, Монголын Зэвсэгт хүчин үүсгэн байгуулагдах үндэс суурийг тавьсан жанжин. Ардын хувьсгалыг удирдаж, Монгол Улсын тусгаар тогтнол, төрийн төлөө зүтгэж явсан хүн. Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хүсэлтийг хүлээн авч, Улсын Их Хурлын даргын захирамж гарган шийдвэрлэсэн З.Энхболд танд бүлгийнхээ хамт олны нэрийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлж байна. Түүхийг мөнхжүүлэх, тодруулах нь өнөө цагийн төр засгийн ажил албыг хашиж байгаа бид бүхний эрхэм зорилго байх ёстой. Энэ  зорилготой нийцсэн сайхан арга хэмжээ боллоо хэмээн бид баяртайгаар хүлээн авч байна” гэв. 

Мөн Улсын Их Хурлын дарга З.Энхболд уг захирамжийг Төрийн ордны Байнгын хорооны хуралдааны “А” танхимд Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга С.Одонтуяад гардуулсан юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.