m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.02.03 05:29
281
Баянхонгор аймгийн МСҮТ, Политехникийн коллеж боллоо

Хөдөлмөрийн яамны харьяа Баянхонгор аймаг дахь МСҮТ сайдын тушаалаар Политехникийн коллеж болж сургалтын түвшингээ нэг шатаар ахиуллаа. 1963 онд “Барилгын сургууль комбинат” нэртэйгээр байгуулагдаж үйл ажиллагаа эхэлсэн монгол улсын хоёр дахь мэргэжлийн сургууль 53 жилийнхээ босгон дээр шинэ түүхэн хуудсаа нээлээ. 

Энэхүү ажиллагаанд УИХ-ын гишүүн Д.Ганбат, Хөдөлмөрийн сайдын зөвлөх Ч.Даваабаяр, Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан, ИТХ-ын дарга Д.Ширмэн болон сургуулийн үе үеийн захирал, багш ажилчид, суралцагчдын төлөөлөл оролцлоо.

МСҮТ нь 2.5 жилийн хугацаатай боловсрол олгодог байсан. Политехникийн коллеж болсоноор 1.5 жил нэмж суралцан мэргэжлийн дипломтой төгсөх юм. Ингэснээр өөрийн сонгосон мэргэжлээр үргэлжлүүлэн дээд бакалаврын түвшинд суралцах боломж бүрэн нээгдэж байгаа юм. Мөн гадаад, олон улсын хамтын ажиллагаа шинэ түвшинд гарч БНСУ, Япон, Австрали, АНУ зэрэг улсуудтай хамтран багш, сурагчдыг солилцооны хөтөлбөрийн дагуу сургах бүрэн боломжтой боллоо. 

УИХ-ын гишүүн Д.Ганбат

Сар шинийн өмнөхөн 53 жилийн түүхтэй Баянхонгор аймгийн МСҮТ Политехникийн коллеж боллоо. Хүүхэд залуучуудад том боломжийг болгосон үйл явдал болж байна. Баянхонгор аймгийн удирдлагууд Баялаг бүтээгчдийг дэмжих холбоотой хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан. Ингэснээр баялаг бүтээгчдийг төрүүлж байдаг политехникийн коллежийн сурагчдыг дэмжиж ажиллана гэдэгт итгэлтэй байна. Коллеж болсоноор гадаад хамтын ажиллагаа өөрчлөгдөж БНСУ, Австрали, Япон, АНУ-тай хамтран багш, сурагчдыг сургах ажлыг зохион байгуулна. 

 

Баянхонгор аймгийн Политехникийн коллежийн захирал Ш.Чимгээ

2016 оны босгон дээр бид нэг шат ахиж Политехникийн коллеж боллоо. Ингэснээр 1.5 жил нэмж суралцаад бүх төрлийн мэргэжлээр дипломын боловсрол эзэмших бүрэн боломжтой. Баянхонгорын политехникийн коллежийг төгсөөд их дээд сургуульд суралцаж бакалаврын мэргэжил ч эзэмшиж болно. Политехникийн коллеж болохын тулд сургалтын орчин, сургалтын хөтөлбөр, багш, ажилчдын мэргэжлийн ур чадвар зэрэг үзүүлэлтийг хангаж байж сургалтын түвшин ахидаг. Цаашид хоол үйлдвэрлэл, оёдол үйлдвэрлэл болон автын чиглэлээр боловсон хүчин, сургалтын орчныг сайжруулж ирэх намраас политехник коллежийн боловсролыг олгох боломжтой. 

1976-1986 оны сургуулийн захирал Я.Чулуундорж

Баянхонгор аймгийн мэргэжлийн боловсон хүчинг бэлтгэхэд гол үүрэг гүйцэтгэсэн газрын нэг.  Багш ажилчид, суралцагчид нь эв нэгдэлтэй байсан учраас өнөөдрийг хүртэл хөгжиж ирсээр байна. Би 1976-1986 он хүртэл сургуулийн захирлаар ажиллаж байсан. Тэр үед элсэлтийн тоог хангах нь асуудал байсан. Барилгын техникийн мэргэжлийн сургуулийг хүн бүр ойлгодоггүй байсан. Говь-Алтай, Өвөрхангай, Архангай, Сэлэнгэ аймгаас элсэлт авах гэж явдаг байлаа. Одоо бүх зүйл сайхан болжээ.