m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.02.03 07:17
48
Ч.Сайханбилэг:Өөдлөх айл үүднээсээ гэдэг

Монгол-Оросын хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэг зорчигчдын тав тух, өнөөгийн соёлын хэрэгцээг ханган Зорчигч үйлчилгээний төв буудал буюу иргэдийн нэрлэж заншсанаар Төв вокзалд засвар шинэчлэлийн ажлыг  245 сая төгрөгөөр хийж гүйцэтгэжээ. Энэ буудалд зургийн галерей, татваргүй барааны дэлгүүр, уншлагын танхим, бизнесийн уулзалтын өрөө, эмийн сан, валют солих төвийг бий болгожээ.

2015 оны наймдугаар сард эхэлсэн тохижилтийн ажил дуусч өнөөдөр нээлтээ хийлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Шийдлийн цаг” уулзалтын үеэр УБТЗ-ын Зорчигч үйлчилгээний төв буудлын шинэчлэлийн ажилтай танилцаж, нээлтэд нь оролцлоо.

2016 онд манай улс АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт, бусад олон арга хэмжээг зохион байгуулна. Бидэнд нисэх буудал, төмөр замын буудлаа сайжруулах зайлшгүй шаардлага байсан.

Өөдлөх айл үүднээсээ гэдэг. Буянт-Ухаа дахь Чингис хаан олон улсын нисэх буудалд транзит заалыг тохижуулж, онгоц байрлуулах зогсоолууд бэлэн болсон. Мөн зорчигчдын тав тухыг хангах үүднээс гол танхимуудын зай, талбайг өргөтгөж шинээр тохижуулсан. “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг дотоод нөөц бололцоогоо дайчлан ийм шинэчлэл хийсэнд Ерөнхий сайд талархал илэрхийллээ.

Засгийн газар 2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгон зарласан. Төв вокзал хүлээлгийн танхим, уншлагын танхим, бизнесийн уулзалтын өрөөтэй болсон нь ололт.  Олон улсын чанар стандартад хүрсэн ийм үйлчилгээ, шинэ ажлыг цаашид ч шат дараатай хийх учиртай. Зорчигчдын тав тух, сэтгэл ханамжийг бүрдүүлсэн энэ орчинд эх орныхоо нүүр царайг илтгэн харуулж үйлчилгээ үзүүлэн ажиллахыг тус байгууллагын хамт олноос хүслээ.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Зорчигчдын танхимын нээлтэд оролцож, “УБТЗ” нийгэмлэгийн удирдлагуудтай ярилцсаны дараагаар сэтгүүлчидтэй уулзлаа.

Энэ үеэр,

-ОХУ, Монгол Улс хоёрын хамтын ажиллагаа хөдөлгөөнд орж байна

ОХУ-ын Төрийн Дум дээр Монгол Улсын өрийг чөлөөлөх асуудлаар хууль гарч батлагдлаа. Монгол Улсаар дамжин 3,2 сая тн түүхий нефть ачигдаад эхэллээ. Энэ бол төмөр замын тээвэрт орж байгаа том хувь нэмэр. Мөн ачаа тээшийн чингэлгүүд туршилтын ачилт хийгдэж эхэлж байна. Дохиолол холбооны хөрөнгө оруулалт хийгдээд явж байна. Зам, тээврийн салбар тэр дундаа, төмөр замд ийм ажил, хөдөлгөөнүүд өрнөж байна. Энэ оны гуравдугаар сард ОХУ-ын Төмөр замын дарга манай улсад айлчилна. Энэ үеэр төмөр замтай холбоотой асуудлуудаа шийдэхээр бид ярилцлаа. УБТЗ-ын Зорчигч тээврийн үйлчилгээний төв өдөрт 15-20 мянган хүнд үйлчилдэг, ачаа тээврийн 20, зорчигчдын 40 гаруй вагон буулгадаг үйлчилгээний том обьект. Энэ газарт үйлчилгээний стандарт сайжирч, хэрэглэгчийн тав тухыг хангасан үйлчилгээ нэвтэрч байгаа нь ач холбогдолтой сайн ажил юм гэж ярилаа.