m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.02.03 08:13
96
Өнөөдрийн онцлох үйл явдал

 

Ерөнхий сайд УБТЗ-ын Зорчигч үйлчилгээний төв буудлын шинэчлэлийн ажилтай танилцлаа 

Монгол-Оросын хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэг зорчигчдын тав тух, өнөөгийн соёлын хэрэгцээг ханган Зорчигч үйлчилгээний төв буудал буюу иргэдийн нэрлэж заншсанаар Төв вокзалд засвар шинэчлэлийн ажлыг 245 сая төгрөгөөр хийж гүйцэтгэжээ. Энэ буудалд зургийн галерей, татваргүй барааны дэлгүүр, уншлагын танхим, бизнесийн уулзалтын өрөө, эмийн сан, валют солих төвийг бий болгожээ. 2015 оны наймдугаар сард эхэлсэн тохижилтийн ажил дуусч өнөөдөр нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Шийдлийн цаг” уулзалтын үеэр УБТЗ-ын Зорчигч үйлчилгээний төв буудлын шинэчлэлийн ажилтай танилцаж, нээлтэд нь оролцлоо.

УИХ-ын Тамгын газар ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

Жил бүр сар шинийн баярын өмнө УИХ-ын болон Тамгын газрын удирдлагууд ахмад ажилтнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай билээ.Монгол Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Тамгын газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга Н.Ширэндэв нар өнөөдөр олон жил үр бүтээлтэй ажиллаж, өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадуудаа Төрийн ордонд хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан Чингэлтэй дүүрэгт ажиллалаа 

УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан, УИХ-ын гишүүн О.Баасанхүү нар өнөөдөр Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа. Уулзалтын үеэр УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны үйл ажиллагааны талаар танилцуулга мэдээлэл хийж, хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар иргэдээс  санал авахаас гадна иргэдийн асуултад хариулт өглөө. Мөн иргэдийн өргөдлийг хүлээн авах саналын хайрцаг, түүнийг ажиллуулах журмын хамт тус байнгын хорооны дарга Ж.Батзандан дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн даргад хүлээлгэн өглөө.

"Болор цом"-ын эзнээр Ц.Эрдэнэбаатар тодорлоо

Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламлал болгон зохиодог яруу найргийн “Болор цом-2016” наадам өчигдөр/02.02/ Соёлын төв өргөөнд боллоо. Энэ удаагийн наадмын хоёрдугаар шатанд 33 найрагч шалгаран үлдсэн юм. Ингээд сүүлийн шатанд таван найрагч тунаж үлдсэнээс яруу найрагч Ц.Эрдэнэбаатар"Суурин иргэншлийн цаг" шүлгээрээ наадмын шилдгээр тодорлоо. Наадмын удаах байрт “Болор цом”-ын эзэн яруу найрагч Х.Эрдэнэбаатар орсон бол яруу найрагч М.Уянсүх, О.Цэнд-Аюуш, Л.Ганзул нар III-V байрыг эзлэв.

Улсын заан Ц.Баярсайханы хэргийг анхан шатны шүүх рүү буцаажээ

Улсын заан Ц.Баярсайханд холбогдох давж заалдах шатны шүүх хурал болж хэргийг хянаж үзээд дахин хэлэлцүүлэх шаардлагатай гэж үзэн анхан шатны шүүхэд буцаажээ. 

Түүнд холбогдох шүүх хурал өнгөрөгч нэгдүгээр сарын 4-нд Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхэд болж, чанга дэглэмтэй хорих ангид 11 жил хоригдох ял оноосон билээ. Мөн Ц.Баярсайханыг Эрүүгийн хуулийн 148.4-өөр хэрэг үүсгэн шалгасан бөгөөд бусдын эд хөрөнгийг хууран мэхлэх замаар залилсан хэмээн буруутгаж, хоёр сая төгрөгийг хураан авах шийдвэр гаргасан байдаг юм.

“Улаанбаатар өвлийн наадам” бямба гарагт болно

Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хзрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран өвлийн болон тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах зорилгоор “Улаанбаатарын өвлийн наадам”-ыг гурав дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Өвлийн олон төрлийн спорт тоглоом, уламжлалт наадгайгаар тоглон, амралтын өдрийг гэр бүлийнхэнтэйгээ өнгөрүүлэх боломжийг олгодог “Улаанбаатар өвлийн наадам” энэ сарын 6-ны бямба гарагт   12-16.30 цагийн хооронд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно.