m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.02.04 02:09
201
Д.Болортуяа: Брэндийг бий болгох нь нялх хүүхэд өсгөхтэй яг адилхан

 

Монголын залуу үеийн хийж буй шинэ соргог бүхэн миний анхаарлыг татдаг юм. Учир нь монголчууд дэлхийг байлдан дагуулж, шинийг хийж бүтээх хүсэл тэмүүлэл, чадвар бий гэдэгт итгэдэг болохоор тэр. Болортуяа гэх бүсгүй монгол брэнд бий болгож, дэлхийн зах зээлд гаргаж буй талаар мэдээлэл аваад яаж ажиллаж байгаа, брэнд бий болгоход юу хэрэгтэй байдаг талаар хуваалцахаар шийдсэн юм. Аавынхаа тарьсан чацарганыг дэлхийн зах зээлд гарган брэнд бий болгож буй чадварлаг бүсгүйн туршлага, амжилт монгол хүнийг хийж бүтээх хүсэл тэмүүлэлд дуудна гэдэгт итгэлтэй байна.

 “Seaberry Farm Project” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Болортуяагийн ярилцлагыг сонирхоно уу.

-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Бидний урилгыг хүлээн авсанд талархал илэрхийлье?

-Сайн, сайн байна уу. Та бүхэнд ч бас талархал илэрхийлье.

-Таны талаар мэдээлэл аваад нэг зүйлийг өөрөөсөө асууж билээ. Яагаад Монголд түүхий эд нь байхад Сингапурт үйлдвэр нь байна вэ. Тэгээд борлуулж байгаа улс нь дэлхийн 12 орон. Ашиг байх уу гэж?

-Олон хүн надаас ингэж асуудаг л даа. Тийм боломж гарц байгаа учир шийдсэн хэрэг. Бизнес ашигтай байх ёстой ч нэн тэргүүний зорилго нь биш. Аливаа зүйлийг хийж байгаа хүн хэнд зориулах вэ, тэдэнд ямар асуудал байна, түүнийг яаж шийдэх боломж байгааг  олж харах нь том зорилго байх учиртай. Судалгаа маш чухал л даа. Ажлаа эхлүүлэх гэж АНУ-ын их дээд сургуулийн болон бусад брэндийг хийсэн судлаач эрдэмтэдтэй хамтран ажилласан.

-Таны ажил, амжилтын талаар хоёулаа ярилцана. Харин яг одоо ажлын гараа болон АНУ-ыг зорьсон шалтгааны талаар ярилцах уу?

-Тэгье ээ. Би 15 настайдаа АНУ-ыг зорьсон. Сурагч солилцооны агентлагаар дамжин АНУ-д суралцсан. Ээж маань нэг өдөр “Чи явж суралцах уу” гэсэн. Би тэгье гээд л явсан. 1998 онд шүү дээ.

-1998 онд монголчууд зах зээлийн системд шилжээд удаагүй, ихэнх нь Эрээн явж ч үзээгүй шахуу байсан цаг?

-Цаг үе тийм байсан. АНУ-ын талаар ямар ч мэдээлэлгүй хэрнээ тэгье гээд л шууд явахаар болсон. Дунд сургуулиа дүүргээд дараа нь “DUKE” их сургуульд барилгын бүтээцийн инженер мэргэжлээр бакалавр хамгаалж, “California International University”-д олон улсын худалдааны чиглэлээр  магистраа хамгаалсан.

-Магистраа хамгаалаад АНУ-д том компанид ажилд орсон юм билээ. Хүссэн болгоныг ажилд авахгүй нь ойлгомжтой. Та ямар шалгуур давж ажилд орсон бэ?

-Би ямар нэгэн шалгуур давж ажилд ороогүй.Сургуулиа төгссөн шинэхэн боловсон хүчин хийх бүтээх бөөн хүсэл байлгүй яахав. Тэгээд л  АНУ-ын “CAILYN” брэндийн гоо сайхны компанид очиж уулзсан. Уулзахдаа би ажилд оръё гэж анкет бөглөхийг хүсээгүй. Миний хүсэл, тавьсан санал тэдний анхаалыг татсан байгаа юм. Би брэнд бий болгож, танайхаар үйлдвэрлүүлж бизнес хийе гэж хэлсэн л дээ. Тэр өдөр ямар хувь тохиол таарсан юм бүү мэд, компанийн ерөнхий захирал ирж таараад надтай уулзсан. Ярилцаад сайн ойлголцсон. Ингээд л хоёр өдрийн дараа надад ажиллах санал ирүүлсэн. Эхлээд манай компанид ажиллаж дадлага туршлага хуримтлуулаад дараа нь брэндээ бий болгох боломж байна гэсэн л дээ. Би хэрхэх талаараа бодоод  саналыг нь хүлээн авсан юм.

Авч буй цалин надад чухал биш хүсэл мөрөөдлөө биелүүлэх нь хамгийн чухал байсан хэрэг л дээ.

-“CAILYN” брэнд дэлхийн 160 оронд салбартай том компани. Та ямар ажил хийж байв?

-Брэнд менежерээр  ажиллаж эхэлсэн. “CAILYN” брэндийн гоо сайхны бүтээгдэхүүн бол толгой компанийн зөвхөн нэг л хэсэг. Энэ брэнд эхлээд удаагүй, жилдээ 500 мянган долларын ашигтай байсан. Намайг энэ брэндийг хариуцаж ажиллах үүрэг өгсөн. Ингээд би есөн жил ажиллахад маш амжилттай байсан. Одоо энэ брэнд дэлхийд танигдан жилдээ 17 тэрбум долларын ашигтай компани болж чадсан.

-Ажлын амжилт дагаад танд олон ахиц дэвшил гарсан байх. Таныг ажлаасаа гарна гэхэд тэд хэрхэн хандаж байв?

-Тийм ээ, мэдээж дуртай байгаагүй. Шууд гаргахгүй л гэсэн. Брэндийг бий болгож, ашиг орлогыг нь нэмэгдүүлнэ гэдэг зөвхөн миний хийсэн ажил биш л дээ. Санхүүгийн боломжоос гадна хаана борлуулах вэ, хэнд  зориулах, хаана үйлдвэрлэх гээд бүх зүйл судалгааны дагуу хийгддэг. Дээрээс нь хууль эрх зүй, маркетинг маш чухал. Энэ бүгд хосолж байж амжилт ирдэг. Ажил яаж явдгийг би энэ хугацаанд сурсан.

-Таны цалин хангамж хүрэлцээтэй байсан нь мэдээж. Гэхдээ л та эх орондоо ирж шинэ брэнд бий болгохыг зорьжээ. АНУ-д ажиллаж амьдрахыг хүмүүс илүүд үздэг шүү дээ?

-Тиймээ, боломжийн байлгүй яах вэ. Хорь гаруйхан насандаа 10 мянган долларын цалинтай байна гэдэг боломжийн байсан. Гэхдээ л миний сэтгэлийн гүн дэх хүсэл тэмүүлэл маань үргэлж намайг анирлаж, монгол брэнд бий болго гэдгийг хэлж байсан. Авч буй цалин надад чухал биш хүсэл мөрөөдлөө биелүүлэх нь хамгийн чухал байсан хэрэг л дээ.

-Өнөөдөр таны бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд гарчихаж. Энэ шатанд хүртэл мэдээж олон бэрхшээл байсан байх. Хамгийн эхний бүтээгдэхүүнээ хаана борлуулж байв. Ямар ажил зохион байгуулж байсан дурсамжаа хуваалцахгүй юу?

 

-Маш сонирхолтой, дурсамж сэргээсэн асуулт байна. Сэтгэл догдолсон, сайхан мөч байсан. Бид бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд нээлтээ Сингапурт хийсэн. Надад хөрөнгө оруулалт хийж дэмжсэн АНУ-ын бизнесмэн Доналд Ж.Сиглтэй хамтран нээлтээ хийсэн юм. Тус улсын хамгийн нэр хүндтэй, бизнесмэнүүд, дипломат ажилтнууд, олны танил хүмүүсийг урьсан. Тэд бүгд ирсэн. Доналд Монголд элэгтэй, манай улсаар аялж гэрэл зураг авдаг хүн. Монголын байгалийн сайхныг харуулсан зургаараа танхимаа чимэглэж, нээлт маань үнэхээр сайхан болсон.

Тэр цаг мөчид “Аавынхаа  тарьсан чацарганаар гоо сайхны бүтээгдэхүүн хийж, дэлхийн зах зээлд би гаргаж чадлаа” гэж бодохоор үнэхээр их сэтгэл хөдөлж байсан. Бүр уйлсан. Ирсэн зочид маань маш их худалдан авч, гэрэл зургийг 700 доллараар авсан. Үнэхээр амжилт, эрч хүч урам зориг өгсөн сайхан өдөр байсан шүү.

 

  

  

-Гайхалтай сайхан байж. Нэг мэдсэн ярианд чинь ороод өөрөө тэр мөчид байгаа юм шиг санадчихлаа. Танаар бахархаж байна?

-Баярлалаа. Тэр цаг мөчийг дурсах сайхан байна.

-Би нэг зүйлд сэтгэлээ чилээж явдаг юм. Залуус маань аз жаргалтай амьдралыг зөвхөн мөнгөтэй л холбож ойлгодог. Мөнгө хэрэгтэй ч аз жаргалыг орлож чадахгүй. Түүнээс гадна өндөр албан тушаал, мөнгийг шүтэж амьдрах хандлага их байна?

-Би ч бас энэ талаар боддог. Аз жаргал гэж юу юм бэ. Бид юу хайрлаж, юуг дээдэлж амьдрах ёстой юм бэ. Эрх мэдэл, мөнгө гэдэг аз жаргал биш. Хүнд юу ч тохиолдож болно. Өнөөдөр, маргааш үхэж ч болзошгүй. Тиймээс зөвхөн энэ цаг мөчид сайн сайхан байж чадах нь хүний аз жаргал байдаг. Оюуны боловсролын хэм хэмжээг дээшлүүлэх ёстой гэж би хэлэх гээд байгаа юм. Америкийн боловсролын нэг давуу тал нь байгаль дэлхийгээ хайрлах, хүн хүнээ дээдлэх боловсролыг олгодгоороо өөр гэдгийг би мэдэрсэн. Тоо гайхамшигтай боддог байлаа гээд тэр боловсрол биш шүү дээ. Манайхан ярьдаг даа хүүхэд бүр аав ээж болдог гэдгийг санах хэрэгтэй гэж. Угтаа бол яг л энэ үзэл, боловсролыг багаас нь сургах ёстой юм. Монголын боловсролын салбарт нэвтрүүлэхсэн гэж хичээдэг.

-Брэндийг яаж бий болгох талаар таниас асуумаар байна. Дэлхийн аль ч улс оронд очоод монгол брэнд гээд нүүр бардам хэлдэг бүтээгдэхүүнтэй  болмоор байна шүү дээ?

-Тийм ээ, надад ч бас тийм мөрөөдөл байдаг. Брэнд бий болгоно гэдэг бол нялх хүүхэд өсгөж буйтай яг адилхан. Seaberry  брэнд байлаа. Энэ бүтээгдэхүүнийг та яагаад худалдаж авах ёстой юм бэ гэдгийг л хүмүүст  таниулах нь хамгийн чухал. Нөгөө талаар хүний амьдралын хэв маягийг бий болгож, зорилтод зах зээлээ тодорхойлчих хэрэгтэй. Зах зээлээ судлахгүйгээр амжилт олохгүй. Хүн гэдэг мэдээллээр шийдвэр гаргадаг болохоор тохируулж мэдээлэл, үйлчилгээг үзүүлэх хэрэгтэй. Манай монголчууд надаас зөвлөгөө авч, төслөө үзүүлдэг. Олон төсөл уншлаа. Манайханд нэг зүйл дутуу байдаг. Судалгаагүй бизнес хийхээр төлөвлөсөн байх юм. Би энэ үйлдвэрээ эхлүүлэх гэж дэлхийн олон эрдэмтэнтэй уулзаж судалгаа хийж, мөн чацаргана олон жил тарьсан настнуудтай уулзаж Монголдоо нэг жил судалгаа хийсэн. Энэ бүх ажлын дараа та энэ бүтээгдэхүүнээ ийм хүмүүст зориулж үйлдвэрлээд, ийм үнээр зар. Үйлдвэр нь энд байх нь ашигтай гэх мэт бүх тооцоолол, судалгаа бэлэн болдог. Тэр цагт л ажлаа хийх хэрэгтэй.

Үнэхээр амжилт, эрч хүч урам зориг өгсөн сайхан өдөр байсан шүү.

-Та бизнесийн  санаагаа ингэхэд хаанаас олсон бэ. Санаа гэдэг маш чухал шүү дээ?

-Сайхан асуулт байна. Тийм шүү санаа их чухал. Би магистраа хамгаалсны дараа хүсэл мөрөөдөлтэй байснаа дээр хэлсэн. Би бодсон л доо. Хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд надад болон Монголд ямар боломж байна гэж. Аав маань  Төв аймгийн Алтанбулаг суманд чацаргана тарьдаг. Энэ боломжоо яаж ашиглах вэ. Чацаргана гэж чухам юу юм бэ. Ямар ач тустай вэ гээд л судалж эхэлсэн. Айлаас эрэхээр авдраа ух гэдэг үг байдаг даа. Авдраа ухлаа ийм боломж байсан юм.

-Дэлхийн олон орны бизнесийн төсөлтэй танилцаж, судалгаа хийсний дүнд нэг зүйлийг олж харсан байх гэж итгэж байна. Монголын бараа бүтээгдэхүүнээс дэлхийн зах зээлд гарч брэнд болсон нь бараг үгүй. Таны харснаар аль салбарын бүтээгдэхүүнд орон зай байна вэ?

-Мэдээж мал аж ахуйн салбар. Мөн арьс, шир болон эрүүл мэндийн бүтээгдэхүүн. Бизнес эхлэхийн тулд бид юу чадаж байна, ямар боломж буйг харах хэрэгтэй. Манайх байгалийн зүй тогтоц, цаг агаарын хувьд өвөрмөц. Жилийн дөрвөн улиралтай, эрс тэс уур амьсгалтай орны малын ноос, ноолуур нь хүртэл их өөр. Харамсалтай нь богино байдаг. Үүнийг яаж сайжруулж ширхэгийг нь нарийн, урт болгох юм бэ. Боломж байна аа. Австралийн нарийн ноос, ноолууртай хольж дээд зэргийн сайн чанартай түүхий эд бэлтгэх боломж байна. Бид бүтээгдэхүүнээ түүхийгээр нь бус нэмүү өртөг шинэсэн бүтээгдэхүүн болгож гаргавал үр өгөөж нь их шүү дээ.

-Танайх цөөхөн монгол хүнээр багаа бүрдүүлсэн юм шиг санагдлаа. Монгол брэндийг монголчууд хийдэг байвал сайнсан?

-Харахад тийм байж магадгүй. Манай төв оффисдоо зургаа, чацарганы аж ахуйдаа  50-60, ургац хураах үед 80 хүнийг ажиллуулдаг. Хийж буй ажилд маань зөвхөн нэг аж ахуйн нэгжийн чацаргана хүрэлцэхгүй болохоор монголчуудынхаа тарьсан жимсийг бас худалдан авдаг. Таны асуулт цаагуураа Монголдоо үйлдвэрээ байгуулаач гэсэн санаа агуулж байгаа байх. Тиймээ, надад бодол бий. Яг үнэнийг хэлэхэд массаар үйлдвэрлэл эрхлэхэд ажиллах хүч хүрэлцэхгүй байна. Хүнээс гадна чадвар чухал. Бид маш өндөр техник хэрэгсэл оруулаад ирж болно. Гэтэл түүнийгээ ажиллуулж чадахгүй байх жишээтэй. Тэгээд л нөгөө экспертүүдийг өндөр үнээр урьж залах болно. Бодлогоор иргэдээ сургаж, технологи нэвтрүүлэх хэрэгтэй байгааг би мэдэрсэн. Нөхцөлөө судалсан болохоор Сингапурт үйлдвэрлэлээ эхлүүлж, бүтээгдэхүүнээ 12 оронд борлуулж байгаа юм.

-Таны яриаг сонсоод би нэг зүйл анзаарлаа. Та гаднын улсад боловсрол эзэмшээд багаар ажиллах чадварыг сайн сурчээ. Олон хүнтэй хамтарч, санал бодлоо хуваалцсан байх юм. Энэ чадвар монголчуудад их дутмаг байдаг?

-Тийм байна лээ. Баг гэдэг чинь маш чухал. Таны ажлыг хүн дэмжээд, төслийг чинь уншаад хамтарч болно гэж үзэж байгаа нь маш том хандив юм шүү дээ. Хамтарч, нийлж байж амжилт олдгийг бизнес, зах зээл өөрөө харуулж байна.

-Дэлхий Монголын өмнө нээлттэй болжээ. Зарим нэг хүн зөвхөн Монголдоо эсвэл Улаанбаатарт л амьдрал байгаа мэт сэтгэж явдаг. Үнэндээ таны болон бусад олон хүний туршлагаас харахад өөрөө хичээж, замаа зөв сонгож чадвал хүн юу ч хийх чадвартайг харуулж байна?

-Тийм шүү, хүссэн мэдээллээ, хаа яваа газраасаа олж авах боломж бидэнд байна. Хүнд мэдээлэл хамгийн чухал байдаг. Мэдээлэл байгаад ажиллаж чадвал амжилт өөрөө л ирдэг. Аав маань “Хамрын үзүүрээ харалгүй, алсыг харж амьдар” гэж сургадаг юм. Үнэн үг шүү.

-Таны цаашдын зорилгыг сонирхож болох уу. Ирэх гуравдугаарс сард Монголд нээлтээ хийх гэж байгаа гэсэн үү?

-Маш том зорилготой хүн дээ би. Монголын брэндийг дэлхийд таниулаад зогсохгүй жинхэнэ утгаар нь брэнд болгохыг хичээж байна. Монголдоо салбар дэлгүүрээ нээхээр бэлтгэл ажлаа хийж эхэлсэн.

 Хамтарч, нийлж байж амжилт олдгийг бизнес, зах зээл өөрөө харуулж байна.

-Seaberry гэх брэнд Монголыг дэлхийд таниулсан бүтээгдэхүүн байх болтугай. Таны хүсэл тэмүүлэл олон хүнд үлгэр дууриалал болно гэдэгт итгэж байна. Танд болон танай хамт олонд улам их амжилт хүсье.

-Маш их баярлалаа.