m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.02.04 02:40
223
"Хурганы хүүхдийг хэн гэдэг вэ"

FM радио сонсох боломж надад тэр бүр байдаггүй юм. Айл бүхэн радиотой, төрийн дууллаар сэрж, унтдаг цаг аль эрт өнгөрсөн болохоор гэртээ болоод ажлын өрөөнд сонсох ямар ч боломжгүй. Саяхан харин тохиолдлоор нэг цаг гаруй сонсох боломж олдсон юм. FM радио сэтгүүл зүйн нэг салбар гээд чихээ хатгаад өнгөрч болох ч нөгөө ичмээр нэвтрүүлгээ байнга давтаж, монголчуудыг оюуны доройтолд хөтөлсөөр байгааг эрс эсэргүүцэж бичихээр шийдлээ.

FM радионууд асуулт хариултын тэмцээн зохион байгуулдаг юм байна. Сонсогчтойгоо амьд харилцаа үүсгэх давуу талтай байж мэдэх ч одоогийн өнгө төрх нь тусгай дугаар луугаа залгуулах, мессеж илгээхийг гол зорилгоо болгож буй нь асуултаас нь илт байна.

"Доржийн ээж гурван хүүхэдтэй, Эхний хүүхэд нь Дөрвөлжин, дараагийнх нь Гурвалжин бол гурав дахь хүүхэд нь хэн бэ" гээд уянгалуулан яриад байх юм. Ирж буй хариулт нь Бөөрөнхий, Зуйван гээд л хөвөрч өглөө. Удаж удаж нэг хүүхэд Дорж гэсэн хариулт өгснөөр инээдмийн, ичгүүртэй тоглолтын эхний хэсэг өндөрлөв.

Асуулт тавьж буй хүний хувьд хурга хургалж, хүүхэд төрүүлдэг бололтой юм аа

Дараагийн асуулт нь "Хурганы хүүхдийг хэн гэдэг вэ" гэх нь тэр. Хэнийг доромжлоод байгааг бүү мэд. Асуулт тавьж буй хүний хувьд хурга хургалж, хүүхэд төрүүлдэг бололтой юм аа. Ичиж үхмээр асуултынхаа хариуд "Зөв хариулсан хүнд гоо сайхны салоноор үйлчлүүлэх эрх олгоно" гээд л шавдуулах нь тэр. Хариулж буй хүн бас байна аа. Ишиг, хонь хэмээх мессеж ирж буйг хөтлөгч танилцуулж гарсан.

Хурга гэж чухам юу билээ. Амьтны үр төлийг асуухдаа хүүхэд гэх нь зөв үү. Биднийг  гэрийн хойморьт гарч , гэрийн босгон дээр гишгэхэд "Монголоо алдсан моньд гэж" гэж буурлууд маань зэмлэдэгсэн. Энэ мэт асуултыг сонссон бол юу гэх байсан бол. Монголоо алдахын дээдээр алдаж, хэн ч биш болж буйн тод жишээ энэ ажгуу. Тухайн цагт шууд залгаад юу асууж байгааг нь сануулаад, алдаатай гэдгийг нь хэлмээр байсан ч нөгөө тусгай дугаарын утас нь байнга завгүй байх юм. Ингээд бодохоор тэр асуултанд нь хариулах гэж хичээгсэд бас олон байдаг бололтой. Удаж удаж асуултаа буруу байгааг мэдсэн үү, эсвэл хэн нэгэн хажуунаас нь хэлсэн үү хариулт авахаа болиод дараагийн асуултаа тавьсан.

 "Би Монголын Боловсролын асуудлыг хариуцаж байгаа хүн Монголоо л ярина шүү дээ. Чи юу яриад байна аа" хэмээн нэлээн уурлав.

"Чингисийн ээж хэн бэ". Энэ асуултаа  түүхэн чухал ач холбогдолтой, оюуны бяд шаардсан асуулт хэмээн онцолж орхив.За тэгээд ичмээр хариулт нь хөвөрлөө дөө. "Мандухай, Хулан, Алунгуа, Бөртэ" гээд л. Энэ мэт элэг доог болсон үйлдэл зөвхөн радиод биш сэтгүүл зүйн салбарт олон байна. Цахим хуудсаар тарсан нэг бичлэгийг хүмүүс санаж байгаа байх. Нэгэн сэтгүүлч  БСШУ-ны сайд Л.Гантөмөртэй ярилцаж байна.Сайд салбартаа хийж буй өөрчлөлтийн талаар ярихад сэтгүүлч "Аль ард түмэн" гэлээ. Монголын гээд яриагаа үргэлжлүүлэв. Хэсэг хугацааны дараа сэтгүүлч "Аль улсын боловсролын салбар" гэх нь тэр. "Би Монголын Боловсролын асуудлыг хариуцаж байгаа хүн Монголоо л ярина шүү дээ. Чи юу яриад байна аа" хэмээн нэлээн уурлав. Сайдын уур бухимдлыг барсан сэтгүүлч харин хээв нэг сууж байгаа харагдав.

Хүний өмнөөс ичих ямар хэцүү байдаг юм бэ.Алдаа оноотой ч салбартаа хамт алхаж буй болохоор сэтгүүлч хэмээх эрхэм нэрийг хайрлаж, нэр хүндийг нь унагахгүй байхыг хичээдэг учир ийн бичлээ. Аа тийм. Ийм нэвтрүүлэг явуулсан радиог бичээч гэж үү. Энэ удаа өнжье. Надад бичсэн бичлэг, баримт байхгүй. Нэр хүнд гутаалаа гээд шүүхэд хандвал би хэлэх үггүй болох учир хэлэхгүй байх нь зөв. Монголын нийгэм, боловсролын салбар ямар байгааг бид бүхэн мэднэ. Гэхдээ уналтанд орсон, ийм л байгаа гээд сэтгүүлч бид булингартай устай хамт урсаж болохгүй.

Удаж удаж нэг хүүхэд Дорж гэсэн хариулт өгснөөр инээдмийн, ичгүүртэй тоглолтын эхний хэсэг өндөрлөв

Адаглаад л хүнээс асуултаа зөв асуух нь бидний үүрэг бөгөөд хариуцлага. Дөрөв дэх засаглал хэмээдэг нэр хүндтэй энэ салбарын эд эс нь болсон бид бусдыг соён гэгээрүүлэх үүрэг давхар үүрдэг гэдгээ нэг санаарай.