m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.02.04 09:03
41
Өнөөдрийн онцлох үйл явдал

Ноён уулыг тусгай хамгаалалтад авлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа. Тодруулбал Ноён уулыг тусгай хамгаалалтад авах асуудлыг хэлэлцээд гишүүдийн 71 хувийн саналаар дэмжсэн юм.  Ингэснээр Ноён уулыг тойрсон 11 мянган га газрыг байгалийн нөөцөөр, 450 га газрыг түүх дурсгалын байдлаар улсын тусгай хамгаалалтад авч байна.

МАН-ын бүлэг гурав хоногийн завсарлага авлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны эхэнд Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эгүүлэн татах талаарх Улсын дээд шүүхийн саналыг хэлэлцэх байсан ч МАН-ын бүлэг ажлын гурав хоногийн завсарлага авлаа. Энэ үеэр УИХ-ын дарга З.Энхболд” Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эгүүлэн татах асуудлаар МАН-ын бүлэг завсарлага авлаа. Харин хоёрдугаар сарын 15-нд хуралдах ээлжит бус чуулганаар танай бүлэг ирцээ бүрдүүлэх хэрэгтэй”гэдгийг сануулав. Уг асуудлаар МАН-ын бүлэг өмнө нь  ажлын тав хоногийн завсарлага авсан байсан.

 

АН-тай нэгдэх уулзалт амжилттай болж байна

Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж Ардчилсан намд ИЗНН, МҮАН-ыг нэгтгэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн.  Үүний дагуу Ардчилсан намын дарга З.Энхболд  ИЗНН-ын дарга С.Оюун, МҮАН-ын Н.Батцэрэг нартай уулзаж нэгдэх саналыг албан ёсоор гардуулсан. 

Энэ ажил эрчимтэй яригдаж Ажлын хэсгийн хоёр дахь уулзалт амжилттай болж байгаа талаар Р.Амаржарагл гишүүн жиргэжээ.

С.Эрдэнэ:Нэгдүгээр сарын хүүхдийн мөнгийг маргаашнаас олгоно

Пүрэв гариг бүрт болдог “Сайдын цаг” уулзалтад Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ оролцож, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

2016 оны нэгдүгээр сарын байдлаар Хүүхдийн мөнгийг “Өрхийн мэдээллийн нэгдсэн сан”-д бүртгэлтэй 0-18 насны 999.0 мянга орчим хүүхэд авахаар байна. Энэ нь нийт хүүхдийн 97.0 хувь юм. Нэгдүгээр сарын хүүхдийн мөнгийг энэ сарын 5-наас, хоёрдугаар сарынхыг сард нь багтаан олгоно гэж ХАХНХ-ын сайд хэллээ.

ЭХЭМҮТ-д гурван ихэр хүүхэд мэндэллээ

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд өнөөдөр гурван ихэр хүүхэд мэндэлжээ. Тэдний хоёр нь охин нэг нь хүү бөгөөд 1.8 кг, 1.9 кг, 2.1 кг жинтэй мэндэлсэн байна.

Энэ талаар тус төвийн албаны эх сурвалжаас тодруулахад ”ЭХЭМҮТ-д гурван ихэр хүүхэд мэндэлсэн нь үнэн. Гэвч одоогоор хүүхдүүдийн биеийн байдал тааруу байгаа учир энэ талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Хүүхдүүдийн бие сайжирсны дараа дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Бид яаралтай арга хэмжээг авч байгаа”гэлээ.  

Монголоос олдсон археологийн олдворууд-2015

Монгол улсын археологийн салбарын судлаач, эрдэмтэд өнгөрөгч 2015 онд Монгол улсын хэмжээнд гадаадын есөн улстай хамтарсан 29 төслийг 15 аймгийн 33 сумын нутагт хэрэгжүүлж 100 орчим дурсгалыг малтан судлаж, 1000 гаруй эх хэрэглэгдэхүүнийг шинээр илрүүлэн олсон байна.Эдгээр төслүүд нь чулуун зэвсгийн бууц суурин, хүрэл зэвсгийн булш оршуулгын дурсгал, буган хөшөө, бууц суурин, хүннүгийн үеийн хот суурин, язгууртны болон жирийн булш, бууц суурин, сяньби, жужан, түрэг, уйгурын үеийн булш оршуулга,  болон хот суурин, XIII-XIV зууны булш оршуулга, хот суурины судалгаа гэсэн чиглэлээр ажилласан байна. Дээрхи түүхийн олдворуудын эхний цувралыг уншигч таньд хүргэж байна.

Хэвлэлийн хурал зарласан Л.Гүндалай унтаж байв

"Ард түмнээ хайрлая" намын дарга Л.Гүндалай өнөөдөр "Монголоороо байгаасай" дууны клипний талаар мэдээлэл хийх байсан.  Гэсэн ч тэрбээр тогтсон газар товлосон цагтаа ирэлгүй цаг орчим хэвлэлийнхнийг хүлээлгэлээ.  Тус хэвлэлийн хурал "Зууны мэдээ" үндэсний мэдээллийн төвд болох байсан бөгөөд мэдээллийн төвийн ажилчид Л.Гүндалай рүү залгаж хуралд ирэхгүй байгаа шалтгааныг нь асуутал ”Би унтаж байна” гэсэн тайлбарыг өглөө. Түүний ёс зүйгүй үйлдэл ганцаар тогтохгүй бөгөөд хэд хэдэн удаа олныг гайхшруулж бухимдуулсан үг хэлж, үйлдэл гаргаж байсныг санах биз ээ.