m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.02.05 02:04
159
Сар шинэ ба амьдралын хоёр өнгө

 

Монголын уламжлалт Сар шинийн баяр болоход хэдхэн хоног үлдлээ. Иргэд баярын бэлтгэлээ аль хэдийн базааж хот, хөдөөгүй хөл хөдөлгөөн ихтэй байна.  Гэвч баярын бэлтгэлээ базаахад санхүүгийн хувьд багагүй бэрхшээл тулгардаг нь нууц биш. Жишээ нь нэг өрх доод тал нь 300 мянган төгрөг зарцуулдаг бол бэл бэнчинтэй нэг нь хэдэн саяар нь төсөвлөдөг. Өөрөөр хэлбэл хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж гэмээ нь сар шинийн ард гардаг. Монголчуудын амьдрал эрс тэс байгааг хүссэн газраасаа бид мэдэрч, харсаар байна. Энэ удаа бид тийм хоёр айлыг сонгон сурвалжлага бэлтгэлээ. Гэхдээ бид чинээлэг нэгнийг товойлгон, боломжгүй нэгнээ дорд үзэх зорилго агуулаагүй гэдгийг уншигч та болгооно биз ээ. Амьдралын бодит байдал үнэн ямар байгааг л харуулахыг зорьсон юм шүү. 

Сурвалжлагынхаа эхний зочныг олохоор “Хархорин" захыг зорилоо. Тус захын үүдэнд жижиглэнгээр худалдаа хийдэг цөөнгүй хүмүүс байдаг бөгөөд тэдний дунд хүүхдийн гутал үндэсний дээл гар дээрээс борлуулж байсан 40 гаруй насны эмэгтэй нүдэнд туссан юм. Сэтгүүлч миний бие түүн дээр очоод учраа хэлэхэд уриалгахан хүлээж авлаа. Их дарсан нь гар нь улайж, байн байн хөлөө дэвсэлж буйгаас илт. Тиймээс ойролцоох цайны газарт орж цай уунгаа ийн хөөрөлдлөө.

Баярын бэлтгэлээ базаахад санхүүгийн хувьд багагүй бэрхшээл тулгардаг нь нууц биш

- Сайн байна уу. Та "Хархорин" зах дээр худалдаа хийгээд хэдэн жил болж байна?

- Эгч нь үргэлж зах дээр зогсоод байдаггүй л дээ. Сар шинийн баяр дөхөхөөр  хүүхдийн гутал, үндэсний хувцас хийж зардаг.

- Борлуулалт хэр байна. Иргэд таны урласан дээл хувцсыг сонирхож байна уу?

- Хүмүүс сонирхдог ч гар дээрээс худалдаж авах нь ховор. Харин ганц хоёр дээл захиалгаар оёдог.

Х.Мөнхдүүрэн эгчийн хийж борлуулдаг хүүхдийн гутал. Тэрбээр хүүхдийн гутлыг 15-20 мянга,том хүний гутлыг 35-40 мянган төгрөгөөр борлуулдаг.

 

- Гэр бүлийнхэн нь ямар ажил эрхэлдэг вэ?

- Эгч нь нөхөр, ач хоёртойгоо Толгойтод амьдардаг. Манай нөхөр оройн цагаар такси барьж хэдэн төгрөг олдог. Би гэртээ ач хүүгээ хардаг даа. Харин манай хүү Төв аймгийн Жаргалантад ажилладаг.

-Машинаараа овоо хэдэн төгрөг олно биз?

-Өөрийнх нь машин биш л дээ. Хүний машин гуйж таксинд явдаг. Шалихгүй л юм байна даа.

- Хэдхэн хоногийн дараа сар шинийн баяр болох гэж байна. Баярын бэлтгэлээ базаасан уу?

- Манай нөхөр айлын том хүү болохоор  ах дүү нар ирнэ. Тэр хэмжээгээрээ бэлтгэх хэрэг гардаг. Сар шинийн баяртаа чадлаараа бэлтгэж байна. Гэхдээ дутуу зүйл олон байгаа.

Сар шинийн баяртаа чадлаараа бэлтгэж байна. Гэхдээ дутуу зүйл олон байгаа

- Танайх хэдэн төгрөгөнд тааруулж баярын бэлтгэлээ базааж байна?

- Сар шинийн баяраар манайд 20-30 хүн ирдэг. Ихэнх хамаатнууд хөдөө байдаг учир цөөн зочин ирдэг дээ.  

- Нууц биш бол баярын ширээний хүнсний бүтээгдэхүүнээ хэдэн төгрөгөнд багтааж худалдан авсан бэ?

- Ууц худалдаж авахад үнэтэй учир хөдөөнөөс  ах маань явуулдаг. Харин 15 ширхэг хэвийн боовыг хувийн үйлдвэрээс 20.000 төгрөгөөр худалдаж авсан. Ширээн дээр өнгө нэмэх чихэр, үрэл, самар зэргийг 20.000 төгрөгөнд тааруулдаг. Мөн идээний дээж болгож хоёр шил сархад, нэг дарс, цөөн тооны шар айраг авсан.

- Энэ жилийн цагаан сараар ямар салат хийх вэ?

- Манайх салат хийддэггүй л дээ. Материал их орох учир 2-3 ширхэг шилтэй салат авна даа.

- Сар шинийн баяраар монголчууд зочдынхоо гарыг цайлгадаг. Зочдынхоо бэлгийг бэлдсэн үү. Нэг хүнд хэдэн төгрөгийн бэлэг бэлддэг вэ?

- Нэг хүнд дунджаар 2500-3000 хооронд бэлэг бэлддэг. Бусдын адил хүнд хэрэгтэй зүйл өгөхийг хичээдэг. Гэхдээ санасан бэлгээ авч чадахгүй л байна.

Бусдын адил хүнд хэрэгтэй зүйл өгөхийг хичээдэг. Гэхдээ санасан бэлгээ авч чадахгүй л байна

- Монголчууд бид үндэснийхээ баяраар дээлээр гоёдог. Та энэ жилийн гоёлоо бэлдсэн үү?

- Манай гэр бүл жил бүр шинэ дээлээр гоёж чаддаггүй. Байгаа хувцсаа ээлжлээд өмсчихдөг.  

- Ер нь сар шинийн баярыг танай гэр бүл санасан хэмжээндээ бэлтгэж чадаж байна уу?

- Манай гэр бүл  боломжоороо бэлтгэхийг л хичээдэг. Дутуу зүйл их ч монгол хүн амны бэлгээс ашдын бэлэг хэмээдэг шүү дээ. Гэхдээ санхүүгийн байдлаас  болж хангалттай бэлтгэж чаддаггүй. Тэглээ гээд яах вэ дээ. Баяр болох гэж байгаа учир бэлгэ дэмбэрэлгүй зүйл яриад яахав. /инээв/

Манай гэр бүл жил бүр шинэ дээлээр гоёж чаддаггүй. Байгаа хувцасаа ээлжлээд өмсчихдөг

- Тэгэлгүй яахав. Цаг зав гаргаж ярилцсанд баярлалаа. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

- Баярлалаа. Та бүхэн ч бас сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Бид тэдний гэрт очиж болох эсхийг тодруулсан. Гэр нь буудлаас хол, их алхдаг  тэгээд ч сэтгүүлч аваачиж сурвалжлуухад тохь муутай хэмээн Х.Мөнхдүүрэн хэлсэн юм.

Монголчуудын нэгээхэн хэсэг ийм байдлаар сар шинээ угтах гэж байна. Түүнээс ч дор тэмдэглэх боломжгүй иргэд олон байгааг онцолъё. Сурвалжлага бэлтгэх явцдаа тийм иргэдтэй олон таарсан ч бэлгэ дэмбэрлийг бодож сурвалжлагандаа зургийг нь оруулахыг түвдсэнгүй. 

Бидний дараагийн очсон айлын эзэд өөрсдийн гэрийн хаяг болоод нэрээ гаргахыг хүсээгүй. Сар шинийн баяраа овоо хэдэн сая төгрөгт багтаадаг гэсэн тойм мэдээлэл өглөө.

Тэд энэ жилийн сар шинийн баяраар ямар зүйл хийж, бэлгэндээ юу сонгосон, баярын ширээгээ юугаар чимэх тухайгаа харин дэлгэрэнгүй ярьж өгсөн юм. Иргэн Х-ынх  чинээлэг амьдралтай нэгэн гэдгийг хэлье. Гэрийн эзэгтэй Т-тэй ийн ярилцлаа.

-Бидний хүсэлтийг хүлээн авсанд баярлаа. Бидний зорилгыг ойлгосон гэдэгт итгэж байна?

-Тиймээ ойлгосон. Манайх тийм ч баян айл биш л дээ. Чинээлэг л гэх байх. Бид бизнес хийдэг болохоор сар шинэ болон бусад баяраа элбэг дэлбэг тэмдэглэдэг.

-Танайх энэ жил шинэ дээл хувцас хийж амжсан уу?

-Сар шинээр аль болох шинэ дээл хувцас өмсөхийг хичээдэг. Энэ жил би охинтойгоо, харин нөхөр маань хүргэн, хүү хоёртойгоо ижилсэе гээд л дээл хантааз хийлгэсэн. Нийт хувцасны үнэ хоёр сая орчим төгрөг болсон. Гутал, малгай хуучныгаа өмсчихнө.

Хамгийн гоё болсон таван төрлийн салат хийх гэж байгаа. Архи АНУ-аас дүү явуулдаг. Виски, энэ тэр нийлээд ирчихсэн байгаа.

-Зочдоо дайлах ширээний зүйлсийг тань сонирхож болох уу. Та ямар зүйлээр зочдоо дайлах вэ?

-Манайх ууц тавьдаггүй. Харин өвчүүгээ утуулаад бэлэн болгосон. Тавгаа боовоор бус сайхан хийсэн ааруулаар засдаг болсон. Тавгын ааруул өмнө жил 150.000 орчим байсан энэ жил 200.000 болсон байна лээ. Хөдөөнөөс найз нөхөд хийгээд явуулчихаар бид мөнгийг нь шилжүүлдэг. Найдвартай хүмүүс амар байдаг юм. Зууш салат бол хийнэ ээ хийнэ. Мах, бууз  хүнд хоол шүү дээ. Тиймээс ногооны салат ахиухан хийдэг. Одоо амар болж дээ. Интернэтээс харж байгаад олон салат хийж сурсан. Хамгийн гоё болсон таван төрлийн салат хийх гэж байгаа. Архи АНУ-аас дүү явуулдаг. Виски, энэ тэр нийлээд ирчихсэн байгаа.

-За одоо бэлгээ сонирхох уу. Танайх ямар бэлэг хүмүүст өгдөг вэ?

Ихэвчлэн ноолууран ороолт авсан. Хүнд нэг юм өгөх нь таагүй учир монгол оймс, бэлгэдлээ бодож аяга, алчуур гэх мэт зүйл нэмж авсан

  

-Бид хоёр 50 гарсан хүмүүс. Настайчуудыг бодвол тийм ч олон хүн ирэхгүй. Гэхдээ найз нөхөд хамт олон гэсээр 100 гарсан л байдаг юм. Энэ жил үндэсний үйлдвэрээ дэмжсэн зүйл түлхүү авлаа. Оймсоо их гоё хийдэг болж. Ихэвчлэн ноолууран ороолт авсан. Хүнд нэг юм өгөх нь таагүй учир монгол оймс, бэлгэдлээ бодож аяга, алчуур гэх мэт зүйл нэмж авсан. Хүүхдүүдэд ном авахаар болсон. Ийм л байна даа.

-Бэлгэндээ хэдэн төгрөг зарцуулсан бэ?

-Хүнд гайхуулж байгаа юм шиг эвгүй биш үү.

Одоогийн байдлаар 1.5 сая төгрөг зарцуулсан. Ном, тоглоом авахаар хоёр сая орчим болох байхаа.

-Зүгээр дээ.Уншигчид ойлгоно?

-Одоогийн байдлаар 1.5 сая төгрөг зарцуулсан. Ном, тоглоом авахаар хоёр сая орчим болох байхаа.

-Бидэнтэй ярилцсанд баярлалаа. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Бидний очсон айл, уулзсан хүн ийм байна. Ямар нэгэн дүгнэлт хийх нь илүүц биз ээ. Амьдралын бодит үнэн ийм байна.