m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.02.05 02:09
99
Эдийн засгийн зөвлөл хуралдлаа

Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн 2016 оны эхний хуралдаан боллоо. Хуралдаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Ерөнхий сайдын Ахлах зөвлөх Б.Дэлгэрмаа болон бусад албаны хүмүүс, тус зөвлөлийн гишүүд оролцлоо. Энэ үеэр Ерөнхий сайд хэлсэн үгэндээ “Засгийн газрын зүгээс “Оюу толгойн гүний уурхайн хөрөнгө оруулалтын ажил эхэлсэн. Гацууртын ордыг эргэлтэд оруулах асуудал чуулганаар эцэслэн батлагдлаа. Цаашид Таван толгойн орд газраа эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг шийднэ. Бид хувийн хэвшилд суурилсан эдийн засгийг дэмжих бодлого баримталж, далд эдийн засгийг ил болгоход чиглэсэн олон ажлыг эхлүүлсэн нь үр дүнгээ өгч эхэллээ. Тухайлбал “Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль”-ийг хэрэгжүүлж, хөрөнгө орлогын мэдүүлгийг авч эхэлснээр өнөөдрийн байдлаар 14.4 их наяд төгрөг төвлөрөөд байна. Мөн НӨАТ-ын 2 хувийг буцаан олгох хуулийг хэрэгжүүлж эхэлснээр далд эдийн засгийг нээлттэй болгоход багагүй үр өгөөжөө өгч эхэлсэн. Монгол банкны зүгээс мөнгөний бодлогоо зөөлрүүлж бодлогын хүүгээ бууруулж эхэлсэн. Засгийн газрын зүгээс хэрэглээний эдийн засгаас хуримтлалын эдийн засагт шилжих бодлогыг баримталж Ипотекийн зээл, Үйлдвэрлэл дэмжсэн зээл, Малчны зээлийг дэмжих бодлого баримталж ажиллана” гэдгийг онцоллоо.

Хурлын эхэнд татварын тогтолцооны шинэчлэлтэй холбоотой мэдээлэл, цаашид авах арга хэмжээний тухай  Гааль, татварын ерөнхий газрын дарга С.Пүрэв танилцуулга хийлээ. Татварын багц хуулиудын шинэчилсэн найруулгаар зарим ойлгомжгүй нэр томъёонуудад өөрчлөлт оруулан, хуулийн зохицуулалтын хоёрдмол утга, тодорхой бус байдлыг арилгасан. Мөн жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс доош ААН-ийн татвар төлөх тайлагнах үйл явцыг хялбаршуулж, төлсөн татварын 90 хувийг буцаан олгох зэрэг зохицуулалт нэмж оруулсан гэв.