m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.02.05 04:18
694
Шинэлэх ёс

Хаврын тэргүүн сарын баярын ёс жаяг ямар байдаг талаар мэдээллийг хүргэж байна.

Шинэлэх ёс

Шинийн нэгний өглөө хувхай хоосон хэмээх модон хохимой өдөр тул түүнийг элбэг дэлбэг болгохын тулд идээ цагааг арвин бэлдэн, сэтгэл санааны ариунаар их билэг дэмбэрэлтэй өдөр болгодог. Энэ нь жилийн явцад ийм өдөр тохиосон ч түүний хорлолд өртөхгүй байх учиртай дом юм. Монголчууд ургаж буй нар, тэргэлж буй сар, дэлгэрч буй цэцэг, ирж буй шувуудыг харах нь хийморьлог зүйл хэмээн үздэг. Билгийн улирлын цагаан сарын шинийн нэгний өглөө алганы хээ харагдах төдий гэгээтэй байхад босдог аж. Өрхөө татаж цайгаа чанана. Цайлахаас өмнө битүү чанасан толгойг эхнэр, нөхөр хоёр эрүүг нь зааж,

Бүх юм дэлгэрлээ

Битүү юм нээгдлээ

Буур жил гарлаа

Ботгон жил орлоо гэж бурхандаа тавина.

Иймийн учир эхнэр, нөхөр хоёр нэг амьтай гэж бэлгэдэн хоорондоо золгодоггүй жамтай. Үүний дараа гэрийн эзэн уул ус, газар дэлхийгээ сүслэн овоон дээр гарч, зүгийн муу зүүн хойд зүгийг алгасан залбирдаг байна. Гэрийн эзэн гэртээ ирж үр хүүхэд, гэр бүлтэйгээ золгоцгоодог. Нар гарах үед ахмад, буурлууддаа золгодог. Золгоход учир бий. Золгохдоо хадаг барьж золгодог бөгөөд энэ нь  ч бас өөрийн ёс жаягтай. 

 

Хадаг баранзад, нанзад, вандан, соном, даш гээд олон янз ба голдуу хүний дүрстэй Аюуш хадгаар золгодог. Хадаг авсан хүн онцгойлон нандигнаж эвхээд хүндтэй газар тавина. Ахмад настны тохойноос дээш дэмнэсхийн өргөж золгодог нь биеийн хэлээр сэтгэлээсээ хүндэтгэж буйг илэрхийлдэг. Харин ахмадууд алгаа дээш нь харуулан тэнийлгэж золгох учиртай гэнэ. Энэ нь нас буян, аз жаргалыг харамгүй ерөөж байгааг илэрхийлдэг байна. Золгохдоо хадагныхаа амыг хүндэтгэж буй хүн рүүгээ харуулан алганд нь дүүргэж тавьна. Золгох ёсны талаар цухас дурьдъя. Ахмад настанты гэрт нь золговол үүдэн талаас, хээр хөдөө тааралдаж золговол гол усны урсгалын доод талаас нь очиж золгодог. Хэрвээ нас чацуу хоёр хүн золговол гэр бүл үр хүүхэдтэй болсоныгоо хүндэтгэж золгоно.

 

Золгосоны дараагаар улиран одож буй жилийнхээ өнгийг хэлэлцэж,

…Даага далантай

Бяруу булчинтай

Төлөг сүүлтэй

Тором бөхтэй

Өнөд тарган

Өег цатгалан сайхан ши­нэлж байна уу гэж мэндэлдэг.

 

Цагаан сарын идээ будааг их идээ, бага идээ гэж ангилдаг. Их идээ гэдэг нь ул боов, чихэр, идээ цагаагаар зассан тавгийг хэлнэ. Харин бага идээнд шүүс буюу өвчүү хонтой шаант, залаатай богтос, дал, дөрвөн өндөр зэргийг хэлдэг бөгөөд үүнийг битүүлэг гэх нь ч бий.

Их идээг засахдаа ул боовыг тав, долоо, есөн үеэр өрнө. Сондгой тоогоор өрдөгийн учир нь жаргалаар эхлээд жаргалаар төгсөх учиртайг бэлгэдэж байгаа. Хаан төрийн их ёслол, хурим найрын тавгийн идээг есөн үеэр засдаг байжээ. Иймээс шинийн нэгний тавгийг айл болгон есөн үеэр өрөхийг цээрлэдэг. Учир нь есөн үеэр тавгийн боовоо өрсөн хүнийг өөрийгөө өргөмжилж тэнгэрт тэрслэв гэж үздэг байна. Харин долоон үеэр нэгэн ургийн хамгийн өндөр настай ахмад нь өрдөг. Есийн тоо тэнгэрийн утгыг илэрхийлдэг бол долоогийн тоо нь газрын товчоог илтгэдэг аж. Иймд өвөг нь долоо, эцгийнх нь тав, хүүгийнх нь гурван үеэр их идээний боов өрөх эрэмбэ дараатай байдаг.

Монгол айл цагаан сараар заавал ууц тавих албагүй. Мах шүүсэн зоогийг ёс ёслолын эрэмбээр нь зум, их бүхэл, дунд бүхэл, бага бүхэл гэж дөрөв ангилна. Сүүлийн гурвыг нийтэд нь гурван бүхэл гэх нь бий. Монголчуудын эрхэм хүндэт зоог шүүсний дотор хонин зум бол эрт дээр цагаас тэнгэр газрын тайлга тахилга, төр ёсны их найранд хэрэглэж ирсэн байна. Зум гэдэг нь бидний одоогийн нэрлэж заншсанаар боодог юм. Харин их бүхэл гэдэг нь хонины таван түрүү махнаас тэвхэн ууц, өвчүү, толгой, дал дөрвөн өндөр, богино хавирга, шилт сээр зэргийг багтаасан ууц юм.

 

Эдгээрээс гадна ирсэн гийчнийг дайлахад хамгийн хурдан болдог хоол бол банш юм. Иймээс хүмүүс баншийг ихээр хийнэ. Чимхэхдээ хуучин цагт алт мөнгийг хадгалдаг ембүү хэлбэртэй хийдэг нь элбэг баян орших бэлгэ дэмбэрэлтэй гэдэг. Цагаан сарын шинийн нэгний бүхнээс эрхэм зоог нь цагаалга буюу сүү, шар, цагаан тос, аарц зэрэгтэй чанаж амталсан амуу будаа тариатай хоол байсан бөгөөд идэж ёслох уламжлал ч их онцлогтой байв. Хот айлынхаа золгож шинэлэх ахмад айлдаа цай, цагаалга, тавагтай идээтэй орцгоож, айл айлаас ирсэн цай идээнээс дээжлэн авч шинээр цай, идээ бэлтгэхийн зэрэгцээ цагаалгыг  бүгдийг нэгэн тогоонд хийж, ёслол хүндэтгэлийнхээ хоолыг гал дээр тавьдаг. Үүний дараа сая золгож шинэлэх ба улмаар сар шинийн цай цагаалга эхэлж, ахмад настай хүнээс дараалан цагаалганаас аягалж барих бөгөөд хүн бүр гурван удаа эсвэл долоон удаа идэхийг сайн хэмээн бэлэгшээж, эхний хийж өгсөн аягатай цагаалган дээр бага багаар тоо гүйцээн нэмж иддэг заншилтай. Сар  шинээс хойш цагаалгыг олон хоног зооглон ёсолбол элбэг баян байхын тэмдэг хэмээн бэлэгшээдэг. Мэндлэх, хүндлэх, зочлох, бие биенээ уучлан сэт­гэлээ цайлгах, цэвэр цэмцгэрийг эрхэмлэх, аж ахуйгаа цэгцлэх, эрэмбэ дарааллыг баримтлах гэхчлэн олон сайхан ёс жудаг энэ л баярт шингэсэн байдаг.

Цээрлэх  зүйл

Сар шинийн өдрүүдэд хамгийн их тэвчиж, цээрлүүштэй нь уур, шунал, мунхаг гурав  гэдэг.  Мөн үйл хийх, хуучин хувцас хунар оёж шидэхийг цээрлэдэг байна.  Архи ууж, хөлчүүрхэж агсам согтуу тавих, шинэ сарын идээ будаанд эзний зөвшөөрөлгүй, өөрөөр хэлбэл, “За идээ будаа зоогло” гэж хэлэхээс өмнө идээ будаанд хүрэх, самардах зэргийг цээрлэдэг байна.

Монголчууд хэзээнээс нааш  сар шинийн баяраар юм нүдэх дуу чимээ гаргах ус түлээ базаахыг цээрлэдэг. Ялангуяа шинийн гуравны дотор усанд явбал нагац нь  гэмд, унах буюу цөв болно. Уйлах, муудалцаж хэрэлдвэл тэр жилдээ хэрүүл шуугиан тасардаггүй гэдэг. Мөн шинийн нэгний өдөр айлд хоновол дараагийн жил гартал айлаар хоноглодог хэмээдэг байна.

Айлчин гийчнийхээ өмнөөс гарч явах, шинийн нэгэнд үнс хогоо гаргах нь ч зохисгүй аж. Сар шинийн өдөр хэвтэх, унтахыг цээрлэдэг төдийгүй, өвчтэй хэвтэрт байгаа хүнийг ч  хувцаслаж орон дээр нь суулгадаг заншилтай. Энэ нь эрүүл энх байхыг бэлгэдэж буй хэрэг аж. Шинийн долоонд айл хэсэх, гадагш зочлохыг цээрлэж долоон бурхан одонд цацал өргөдөг байна.

 

Шинийн нэгний өдөр.  Сар шинээр эхний өдрүүдэд тухайлбал 1-2-нд аян замд гарах, уйлах, шинийн долоонд ах, дүү амраг садныдаа  зочлохыг цээрлэдэг байна. Учир нь энэ өдрийг хар өдөр хэмээдэг аж. Харин долоон бурхан одыг дээдэлж сүүн цацал өргөдөг байна. Мөн шинийн нэгний өглөө үнс хогоо асгах нь муу бөгөөд хэрэв ус түлээ базаах аваас  нагацд нь муу зүйл тохиолддоно гэж үздэг байна. Энэ өдөр эд зүйл зээлдэх, өртэй  орох,  хуучин цогоор галаа асаах, харанхуйд  золгох,  айлд хонох  амьтны амь  таслахыг цээрлэдэг байна. Сар шинийн өдрүүд болон битүүний өдөр амьтны амь таслахыг цээрлэж буй нь амьтан ч гэсэн шинэлдэг гэж үздэгтэй холбоотой аж.

Эдгээрээс битүүний өдөр.  Битүүний өдөр  амьтны амь хороох, хоолоо дутуу идэж зажлан гадагш гарах, мал сүргээ хээр хонуулах, цатгалан бус хонох, нялх хүүхдийг нэрээр нь дуудах, хувцас, хоосон хувин, сав гадаа хонуулахыг цээрлэдэг . Хэрэв хоосон сав суулгыг гадаа хонуулах шаардлагатай бол хөмөрч тавина. Мөн  хар ус асгах хэт их согтохыг ч цээрлэдэг .

Сар шинийн идээ будааг хэзээ, хэрхэн хураадаг вэ?

Шинийн дөрөвний өдөр сар шинэ хуучирсанд тооцож  идээ шүүсээ хураадаг. Ингэхдээ  идээг багасгаж засдаг. Мөн  хэсэглэдэг бөгөөд хэрэв тухайн өрхөөс хол газар явсан хүн байвал түүнд хувь тавьдаг уламжлалтай. Ингэхдээ  бууз банш, хэвийн боов, чихэр жимс гээд  тавгийн идээ будаанд орсон бүхийл зүйлсээс авдаг. Мөн сархад болон ундааны зүйлсээс  ч хувь хүртээдэг байна.