m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.02.05 07:16
84
Нүдээ олсон шагнал эзэддээ хүрлээ

Хөдөлмөрийн салбарын дээд шагнал “Хөдөлмөрийн хүн танаа” шагналын эздийг өнөөдөр тодрууллаа. Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханы санаачилгаар тодорхой амжилт гаргасан байгууллага, иргэдийг тодруулан “Хөдөлмөрийн хүн танаа” шагналд нэр дэвшүүлэн өрсөлдүүлэхээр болсон юм. Тус шагналыг салбарын хэмжээнд уламжлал болгон тодруулах бөгөөд шагналыг өрхийн аж ахуй эрхлэгч болон таван жил гутал тослон ажлын гараагаа эхэлснээр өнөөдөр амжилтанд хүрсэн эгэл жирийн эрхэм хүмүүс хүртсэнээрээ онцлогтой. Мөн нүдээ олсон шагнал болсныг дурдах нь зүйтэй болов уу. Энэ үеэр  Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан болон тус шагналыг хүртсэн хүмүүсийн төлөөллөөс сэтгэгдлийг нь сонслоо.

 

Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан: Энэхүү шагналын хамгийн гол хүчин зүйл бол хөдөлмөрийн хүн юм

- Хөдөлмөр эрхлэлт нь аливаа улс орны оршин тогтнох гол үндэс. Хөдөлмөрийн хүн Монгол улсыг бүтээн байгуулж, хөгжлийн хөдөлгүүр болдог.  Өнөөдөр аль нэг байгууллага улсад хэр их хэмжээний татвар төлсөн гэдгээр нь шалгаруулаагүй. Хөдөлмөрийн зах зээл дээр мэргэжлийн боловсон хүчин бэлдэж байгаа шилдэг байгууллагыг тодрууллаа. Цаашид Хөдөлмөрийн яамнаас жил бүр уламжлал болгон “Хөдөлмөрийн хүн танаа”шагналыг гардуулна. Энэхүү шагналын хамгийн гол хүчин зүйл бол хөдөлмөрийн хүн юм.

  

“Хөдөлмөрийн хүн танаа”шилдгийн шилдэг гранпри шагналт Х.Оюун-эрдэнэ: :Амьдралын минь жигүүрийг ургуулж өгсөн ард түмэндээ баярлалаа

Эрхэм хүндтэй шагналаар шагнуулсандаа баяртай байна. 1993 оноос хойш таван жил гутал тосолсон. Улмаар гутал тосолж байгаад гутал засдаг болж ажил амьдралынхаа гарааг эхэлсэн. Намайг дэмжиж өдий зэрэгтээ хүргэж амьдралын минь жигүүрийг ургуулж өгсөн ард түмэндээ баярлалаа. Мөн төрдөө маш их баярлаж байна. Намайг хөгшнн ээж маань өсгөж хүн болгосон. Хөгшин ээж минь надад олонтойгоо яваарай, ажил хөдөлмөрт дурлаж шимтэж яваарай хүнд худлаа битгий хэлээрэй хэмээн захьдаг байсан. Буянтай буурлынхаа энэхүү сургаалыг санаж амьдралдаа мөрдлөг болгохыг эрмэлздэг. Одоо би "Наалтан пад"ХХК-ийн захирлаар ажиллаж байна.

Намайг дэмжиж өдий зэрэгтээ хүргэж амьдралын минь жигүүрийг ургуулж өгсөн ард түмэндээ баярлалаа

 

Шилдэг өрхийн аж ахуй эрхлэгч  Монгол Улсын сайн малчин Ц.Жаргал: Улс эх орныхоо бүтээн байгуулалтын ажилд хувь нэмрээ оруулах болно

Би Дорнод аймгийн Баянтүмэн суманд өрхийн аж ахуй эрхэлдэг. 2008 онд орон нутагт “Малжуулах төсөл”-ийг санаачилж дөрвөн малчинтай гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. Долоон жилийн хугацаанд давхардсан тоогоор 22 малчин өрхийг 2450 толгой хоньтой болгож, 2014 онд найман гишүүнтэй “Цагаан үе”нөхөрлөл байгуулан бичил уурхайгаар шавар олборлож блок үйлдвэрлэсэн. Дараа нь тоосгоны үйлдвэр болгон өргөжүүлж 13 өрхийн 18 хүнийг ажлын байраар хангаад байна. Өнөөдөр Шилдэг өрхийн аж ахуй эрхлэгчээр шагнуулсандаа баяртай байна.  Цаашид улс эх орныхоо бүтээн байгуулалтын ажилд хувь нэмрээ оруулах болно.

Улс эх орныхоо бүтээн байгуулалтын ажилд хувь нэмрээ оруулах болно