m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.02.05 08:17
52
Зардлаа хэмнэж, үр бүтээлтэй ажиллахыг даалгав

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн даргалж буй АСЕМ-ын Дээд түвшний арваннэгдүгээр уулзалтыг зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний зөвлөлийн арвандөрөвдүгээр хуралдаан боллоо.  

АСЕМ-ын Дээд түвшний уулзалтын хүрээнд нийт есөн дагалдах хурал болох бөгөөд эхний хурал дөрөвдүгээр сарын 21-22-нд болох Ази-Европын Парламентын Түншлэлийн есдүгээр уулзалт юм. Гурван салбар хуралдаантай болох энэхүү уулзалтын төлөөлөгчдийн бүртгэл болон бэлтгэл ажилтай холбоотой асуудлыг энэ хурлаар хэлэлцлээ. Ерөнхий сайд дотоод нөөц боломжиндоо тулгуурлан үр дүнтэй зохион байгуулах чиглэл өгч, Парламентын Түншлэлийн уулзалтаас гарах баримт бичгүүдийн төслүүдтэй танилцаж, санал хэллээ.

Мөн АСЕМ-ын бэлтгэл ажил хариуцаж буй зургаан ажлын хэсгээс хийж, хэрэгжүүлж буй ажил, тайлан, хүндрэл бэрхшээл, шаардлагатай санхүүжилт зэрэг мэдээлэл хийлээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг аль болох бага зардлаар улс орныхоо нэгдмэл эрх ашгийн үүднээс иргэд, хувийн хэвшил, иргэний нийгмийнхний оролцоотойгоор асуудлуудаа хамтарч шийдэхийг даалгасан юм.

 

Дээд түвшний уулзалтын зочид төлөөлөгчийн аюулгүй байдал, тохижилт үйлчилгээ, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх болон яаралтай тусламжид шаардагдах зайлшгүй зардлыг тооцоолж, бусад дагалдах зардлуудыг хандив, түрээс болон шилжүүлэн ашиглах байдлаар оновчтой зохион байгуулахыг үүрэг болголоо. Дээд түвшний уулзалт болох хугацаа дөхөж байгаа учраас Үндэсний зөвлөлийн хурлыг долоо  хоног бүрийн лхагва гарагт хуралдуулахаар шийдвэрлэлээ.