m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.02.05 08:32
34
Өнөөдрийн онцлох үйл явдал

 

АН, ИЗНН нэгдлээ

Ардчилсан нам, Иргэний Зориг Ногоон намууд нэгдэж дөнгөж сая Төрийн ордны "Их Эзэн Чингис хаан танхим"-д гарын үсэг зурах ёслолын ажиллагаа боллоо. Ёслолын ажиллагаанд АН-ын дарга З.Энхболд, АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр болон УИХ-ын гишүүд, ИЗНН-ын дарга С.Оюун, ИЗНН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Хүдэр-Ян болон намын гишүүд нь оролцлоо. Ийнхүү нэгдсэн нь  хоёр намын эрхэм зүйл нь адилхан, Монгол Улсад Ардчилалын эрхэм зүйлүүдийг баталгаажуулах асуудалд анхнаасаа нэг зорилготой явж ирсэнтэй холбоотой гэнэ.

Улсын сайн малчин,тариаланчдыг шалгарууллаа

Энэ онд 21 аймаг, нийслэлээс 140 малчин, долоон фермер, нэг малчдын бүлэг тодорхойлолт ирүүлснээс шалгаруулах журмын харгалзах 75 шалгуур үзүүлэлтийн дагуу дүгнэж, шаардлага хангасан 118 малчныг “Улсын сайн малчнаар” гурван иргэн, нэг хоршоог “Улсын тэргүүний фермер”-ээр шалгарууллаа. Эдгээр малчид нь удам залгасан сайн малчид төдийгүй мал сүргээ төлөөр нь өсгөж, эрсдэлийг гарз хохиролгүй даван туулж байгаа, сум, орон нутгийнхаа хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсан, мал аж ахуйн үйлдвэрлэлд олон жил үр бүтээлтэй ажилласан 33-75 хүртлэх насны хүмүүс юм.

 

Нүдээ олсон шагнал эзэддээ хүрлээ

Хөдөлмөрийн салбарын дээд шагнал “Хөдөлмөрийн хүн танаа” шагналын эздийг өнөөдөр тодрууллаа. Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханы санаачилгаар тодорхой амжилт гаргасан байгууллага, иргэдийг тодруулан “Хөдөлмөрийн хүн танаа” шагналд нэр дэвшүүлэн өрсөлдүүлэхээр болсон юм. Тус шагналыг салбарын хэмжээнд уламжлал болгон тодруулах бөгөөд шагналыг өрхийн аж ахуй эрхлэгч болон таван жил гутал тослон ажлын гараагаа эхэлснээр өнөөдөр амжилтанд хүрсэн эгэл жирийн эрхэм хүмүүс хүртсэнээрээ онцлогтой.

Хүүхдийн мөнгийг олгож эхэлжээ

Хүүхдийн мөнгийг амьжиргааны түвшин харгалзахгүйгээр 0-18 нас хүртэлх бүх хүүхдэд олгохоор болсон. Мөн өмнөх шигээ амьжиргааны төвшин харгалзахгүйгээр бүх хүүхдэд олгох, тэгэхдээ заавал судалгаанд хамрагдаад байх шаардлагагүй гэдгийг салбарын сайд хэлж байсан. Тэгвэл хүүхдийн мөнгийг өнөөдрөөс олгож эхэлж байгаа гэнэ. Энэ дагуу ХААН, Төрийн банкны данстай хүүхдийн мөнгө орж эхэлсэн бол бусад банкинд данстай иргэдийн мөнгө ч мөн өнөөдөртөө багтаан орох аж. 2016 оны нэгдүгээр сарын байдлаар Хүүхдийн мөнгийг “Өрхийн мэдээллийн нэгдсэн сан”-д бүртгэлтэй 0-18 насны 999 мянга орчим хүүхэд авах юм.