m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.02.06 10:31
139
Дорноговьчууд баялаг бүтээгчдээ дэмжин ажиллана

 

Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо байгуулагдсанаар зөвхөн хот суурин гэлтгүй хөдөө орон нутгийн баялаг бүтээгчид болох жижиг дунд үйлдвэрлэгч нараа дэмжин ажилласаар жилийн нүүрийг ардаа үджээ. Тэгвэл өдгөө уг ажлын үр дүн гарч аймаг, дүүргийн удирдлагууд 2016 оныг “Баялаг бүтээгчдийг дэмжих жил” болгон зарласны нэг нь Дорноговь аймаг байсан юм. Энэ ажлын  хүрээнд Баялаг бүтээгчдийг дэмжих холбоотой хамтран ажиллах гэрээнд гарын үсэг үзэглэлээ.

Энэ ажлын  хүрээнд Баялаг бүтээгчдийг дэмжих холбоотой хамтран ажиллах гэрээнд гарын үсэг үзэглэлээ.

Хамтран ажиллах гэрээнд нийт 21 томоохон ажил хийгдэхээр тусгагдсан бөгөөд үүнд, тус  аймаг нь аялал жуулчлалын салбараа түлхүү хөгжүүлэх, цахим худалдааны төв бий болгох, мөн ажилгүй иргэдийг ажлын байраар хангах, жижиг дунд үйлдвэрлэгчдийн тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэх зэрэг оржээ.

Дээр нь Дорноговь аймгийн онцлог бол томоохон үйлдвэр олон бий бөгөөд эдгээр томоохон аж ахуй нэгж, үйлдвэрлэгч нараажижиг дунд үйлдвэрлэгч нартайгаа холбож өгөх каластрийн системийн бодлогоор хөгжүүлэх буюу энэхүү бодлогыг онцгойлон тусгаж өгснөөр ач холбогдолтой аж. Үүнээс гадна ажлын байруудыг нэмэгдүүлэх, санхүүжилт дээр дэмжих, гадаад дотоодын үзэсгэлэн яармагуудад оролцуулахад орон нутгаас тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэх гэх мэт баялаг бүтээгчидрүү чиглэсэн олон ажлуудыг хийхээр төлөвлөсөн байна.

Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг

Баялаг бүтээгчдийг дэмжих холбоотой хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Энэ бол маш чухал гэрээ. Учир нь МУ-ын Засгийн газар төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлж байж энэ улс орны хөгжлийг авч явая, хэрвээ төр, хувийн хэвшил салангид бус, хоорондоо бие биедээ шаардлага тавьж, стандартаа биелүүлж байвал эндээс бүтээн байгуулалт гарах юм. Өмнө нь төр, хувийн хэвшлийн түншлэлийн систем дээр үеэс эхлүүлсэн боловч тийм ч эрчимтэй  байгаагүй. Тиймээс үүнийг эрчимжүүлж, ажил болгоход Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо хийж өгч байгаа болов уу гэж ойлгож байна. Өнгөрсөн оны сүүлчээр манай аймаг бусад аймгуудаасаа анхлан Баялаг бүтээгчдийн жил болгон зарласан. Өдгөө энэхүү түүчээ ч олон аймагт хэрэгжиж, ажил хэрэг болж байгаад баяртай байна.

Өмнө нь төр, хувийн хэвшлийн түншлэлийн систем дээр үеэс эхлүүлсэн боловч тийм ч эрчимтэй  байгаагүй

 

Мөн энэхүү ажлын хүрээнд орон нутагт жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх баялаг бүтээгч өрхийн үйлдвэрлэгч нарыг дэмжихэд бодлого үйл ажиллагаагаа чиглүүлэн 2016 оныг “Баялаг бүтээгчдийг дэмжих жил” болгон зарласан аймаг болон дүүргийн удирдлагуудад Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос талархал гардуулан өгсөн юм.

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Дорноговь аймгийн салбар хороо тэргүүлэгч гишүүдээ сонголоо

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Дорноговь аймгийн салбар хороо өдгөө байгуулагдсан цагаасаа хойш 150 гаруй гишүүнтэй болсон бөгөөд,  үүнд хүнс хөдөө аж ахуй, барилгын материал, төмөр хийц, мод модон эдлэл, ахуй үйлчилгээ, арьс шир, цагаан идээ, гар урлал, бэлэг дурсгал, чулуу, эсгий, сүлжмэл эдлэл зэрэг салбар бүрийн баялаг бүтээгчид элсэн оржээ.Тиймээс өдгөө эдгээр гишүүд дундаасаа салбар хорооны тэргүүлэх 11 гишүүнээ сонгож цаашид хийх ажлынхаа талаар санал солилцож хуралдлаа.

“Амин ус” ХХК-ийн менежер Ж.Баяржавхлан

Миний хувьд аймагтаа цэвэр ус үйлдвэрлэж байна.

Тэргүүлэгч гишүүнээр сонгогдсоны хувьд юун түрүүнд татварын дарамтыг шийдвэрлэх ажлыг эхлэе гэсэн төлөвлөгөөтэй байна. Учир нь хувийн бизнесээ эхлүүлээд, эх орондоо баялаг бүтээе гэхээр улсаас татварын их дарамт орж ирдэг. Энэ талаар аймгийн тодорхой хүмүүс нэгдээд гарын үсэгтэй хүсэлт хүргүүлэх талаар ажиллана.

Өрхийн үйлдвэрлэгч М.Ариунгэрэл

Миний хувьд хатгамал, оёдол хийдэг хүмүүсээ төлөөлж тэргүүлэгч гишүүнээр сонгогдлоо. Тиймээс нэн түрүүнд эдгээр салбарын нийт баялаг бүтээгчдийнхээ төлөө түлхүү ажиллая гэсэн бодолтой байна. Ер нь өрхийн үйлдвэрлэгч нараа түлхүү дэмжиж, чадах чинээгээрээ тусалж, дэм болох үүднээс ажиллана гэж бодож байна.

“Далд мөнгөн шанд” ХХК – ийн захирал Д.Должин

Анх удаа тэргүүлэгч гишүүдээ сонгон ажиллах гэж байна. Миний хувьд бол нэгдүгээрт, хүнд хийж бүтээсэн зүйлээ хүргэж чаддаг, хоёрдугаарт, хийсэн бүтээгдэхүүнээ улсын стандартад нийцүүлж хийлгэх зорилтуудыг тавин ажиллаж байна. Үйлдвэрлэгчдээ цэвэр бүтээгдэхүүнээр, хаана ч явсан нүүр улайхааргүй бүтээгдэхүүнийг хийнэ гэсэн зорилт тавин ажиллах болно.

Манай аймгийн хувьд яг Дорноговьд үйлдвэрлэв гэсэн бараа, бүтээгдэхүүнээ борлуулдаг газар байхгүй, тиймээс одоо 11 тэргүүлэгч гишүүнтэй болсон учраас энэ асуудлыг шийдвэрлэж, өөрсдийн нэрийн бүтээгдэхүүнээ зардаг байртай болсноор нутгийн иргэд төдийгүй, дотоод, гадаадын жуулчдад ч ойр дөхөм болох болов уу.

Ийн салбар болоод үйлдвэрлэгч бүрээс шийдвэр гаргах, цаашид холбооны ажлаа илүү эрчимжүүлэх зорилгоор 11 тэргүүлэх гишүүдээ сонгож цаашид хийж, биелүүлэх ажлын төлөвлөгөөгөө ярилцсан юм.