m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.02.08 01:19
173
Парисын их дуулгаас гурван мөнгөн медаль хүртлээ

Жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох Парисын “Их дуулга”-ын тэмцээн болж өнгөрлөө. Тус тэмцээнд дэлхийн 96 орны эрэгтэй 386, эмэгтэй 224, нийт 610 бөх өрсөлдсөн юм. Манай улсаас энэхүү тэмцээнд 20 бөх зодоглож, гурван мөнгө, шагналт байрт хоёр жүдоч орлоо. Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд Д.Төмөрхүлэг, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Гавьяат тамирчин М.Уранцэцэг, 57 кг-ын жинд Гавьяат тамирчин Д.Сумъяа нар мөнгөн медаль хүртлээ.

Мөн Монголын нэгэн жүдоч шилдэг барилдааныг үзүүлж, аваргын алтан медалийг хүртсэн. Казастан улсын нэрийн өмнөөс барилдаж буй Г.Отгонцэцэг ОУХМ М.Уранцэцэгийг ялсан юм. Шигшээ барилдаанд Г.Отгонцэцэг жийж давуулах мэхээр юүко үнэлгээ авч Парисын "Их дуулга"-д анх удаа түрүүллээ.

 

Түүнчлэн эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Ц.Мөнхзаяа V, 78 кг-ын жинд П.Лхамдэгд VII байр эзлэснээр Парисын их дуулгыг өндөрлүүллээ.  Парисын Их дуулгыг Япон, БНСУ, Франц, Гүрж, Казахстан, Косово улс алтан медаль хүртсэн амжилтаараа тэргүүлсэн бол Монголын баг гурван мөнгөн медальтай удаалав.