m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.02.08 03:49
1488
Ууц тавих ёс

Монгол айл цагаан сараар заавал ууц тавих албагүй. Мах шүүсэн зоогийг ёс ёслолын эрэмбээр нь зум, их бүхэл, дунд бүхэл, бага бүхэл гэж дөрөв ангилна. Сүүлийн гурвыг нийтэд нь гурван бүхэл гэх нь бий. Монголчуудын эрхэм хүндэт зоог шүүсний дотор хонин зум бол эрт дээр цагаас тэнгэр газрын тайлга, тахилга, төр ёсны их найранд хэрэглэж ирсэн байна. Зум гэдэг нь бидний одоогийн нэрлэж заншсанаар боодог юм. Харин их бүхэл гэдэг нь хонины таван түрүү махнаас тэвхэн ууц, өвчүү, толгой, дал дөрвөн өндөр, богино хавирга, шилт сээр зэргийг багтаасан ууц юм.

Ууц чанах
Урьдаар асуух нурууны хамар ясны хоёр талыг дагасан бүлхийг хөндлөн тасалж чанавал ууц татаж хотойдоггүй. Мөн сүүлийн үед нугасны нүхээр бүдүүн төмөр утас сүвлэж чанах болжээ. Том ууцыг тогоонд чанахад багтахгүй, чаналтыг сайн тааруулахгүй бол шалз чанагдах, тогоонд хүрсэн хэсэг нь хайрагдах зэрэг бэрхшээл гардаг. Иймд бүрхээр буюу модон торхоор чанах арга бий. Ингэхдээ тогоондоо бараг дүүртэл ус хийгээд бүрхээрээ тавина. Ингээд ууцаа усанд лавхан дүрээд харцага нуруу талаар нь бүрхээрийн аманд дүүжлэн бэхэлж битүү чанана. Ингэхэд жигнэх чанах хосолж, хайрагдах хавчигдах бэрхшээлгүй болно. Чаналтыг 30 минут орчим үргэлжлүүлэхэд жигд сайхан болно. Чанасан маханд наалдсан нитгэл үс хялгас зэргийг хусаж буюу түүж цэвэрлэхэд хэцүү байдаг тул шингэвтэр зуурсан гурил дээгүүр өнхрүүлэн наалдуулж авах нь хамгийн хялбар арга юм.

Ууц тавих ёс

Монголчуудын бүхэл махан зоогийг зум, их бүхэл, бага бүхэл хэмээн гурав хувааж болно. Орчин үед монголчуудын хамгийн их хэрэглэдэг махан зоог нь бага буюу гэдэс, шийрээс бусад тураг махыг оруулан зассан зоогийг хэлдэг байна. Дайллагын ширээнд махыг танихдаа уламжлан ирсэн ёс заншлын дагуу тавина.
Бүхэл мах тавихад хонь амьд ахуйдаа ямар байснаар нь эрэмбэлж урд доор нь хүзүү, сээр, хоёр хааг нь, хойт доор нь хоёр гуяны шаантыг урагш харуулан мөчнүүдийг нь яг хэвтэж байгаа юм шиг байрлуулан, дээрээс нь ууцаараа бүтээж, хамгийн дээр нь толгойгоо тавьдаг. Махны эх талыг зочин тийш харуулж засна. Энэ нь малын хэвтээ ясны толгой тал руу чиглэсэн үзүүр, босоо ясны газар руу хандсан талыг хэлж байгаа юм.

Зочин толгой талаас нь барьж хажуулдан огтолж идэх ёстой. Битүүний орой гэрийн эзэн есөн хөндлөнг /толгой, хошуу, хоёр эрүү, хоёр чих, ууцны хоёр тал/ хөндөж галдаа өргөдөг. Дараа нь бурхандаа өргөөд гэрт байгаа хүмүүстээ тарааж өгнө. Ууцыг зайхдаа зүүн гараа сүвэрдгэн талаас нь барьж, баруун гараараа уг талын намилхайг зүсэж баруун талд  нь буулгаж тавина. Ууцыг зөвхөн гэрийн эзэн буюу хүндэт зочин эрэгтэй хүн зайдаг уламжлалтай. Ууц махыг зөвхөн цагаан сараар ч бус ямар үед хүндэт зочныг дайлдаг хүндэтгэлийн зоог болно.