m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.02.08 04:09
525
Э.Даш: Бөхийн хорхойтой аав минь намайг энэ замд хөтөлсөн

Ардын хувьсгалын 94 жилийн он улсын баяр наадамд тав давж, улсын начин цол хүртсэн “Алдар” спорт хорооны тамирчин, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, “Хур харцага” дэвжээний бөх Э.Даштай ярилцлаа. Тэрээр үндэсний их баяр наадамдаа анх удаагаа зодоглон, улсын цолны өндөр босгыг давсан хүчтэн билээ.

-Өнгөрч буй 2015 он таны хувьд хамгийн дурсамжтай, сайхан жилүүдийн нэг байсан болов уу. Аавын хүү бүрийн хүрээд байдаггүй улсын начин цолыг хүртлээ шүү дээ?

-Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмаар тав давж, улсын начин хэмээх өндөр цолыг хүртсэндээ баяртай байна. Хүн бүрт анхны гэсэн тодотголтой бүх зүйл эрхэм нандин байдаг. Улсынхаа баяр наадмын зүлэг ногоон дэвжээн дээр анх удаа зодоглон, амжилттай барилдаж, нутгийн зон олон, уул усаа баярлуулсандаа сэтгэл тэнэгэр байна.

-Дундговь аймаг тэр дундаа Эрдэнэдалай сумаас хоёр ч улсын начин цолтон төрлөө. Аргагүй л бэлтгэлээ сайн базааж дээ?

 Нэг сумаас ганц жилд хоёр ч улсын цолтой бөх төрөн гарах нь ховор тохиодол байх. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат аймгийн арслан А.Алтанхуяг улсын аварга С.Мөнхбатаар тав давж улсын начин цолны болзол хангасан.

-Өнөө жилийн улсын баяр наадмын хоёрын даваанаас өгсүүлээд таны барилдаан наадамчин олныг суудлаас нь өндөлзүүлсэн. Барилдаануудаа эргээд дурсвал?

-Улсын наадмын даваа бүр чухал учраас бүх хүчээ шавхан барилдах хэрэгтэй байдаг. Бүтэн жилийн бэлтгэл сургуулилт, хөлс хүчийг жилдээ ганц тохиох үндэсний их баяр наадмаараа үнэлүүлж, цолоо ахиулах эсэх нь шийдэгддэг учраас нягт няхуур барилдахаас ч аргагүй.

Хоёрын даваанд Сүхбаатар аймгийн хурц арслан Батжаргалтай таарч, золгоон дээрээс түрж хөөгөөд давсан. Гурвын даваанд улсын начин Б.Бадамсүрэнгийн аманд гарч барилдаад, золгооны барьцан дээрээс зүүн талдаа хавирч өвдөг шороодуулсан. Дөрвийн даваанд улсын арслан Д.Ганхуягтай оноолтоор таарсан. Улсын арслан Д.Ганхуяг бол хийсэн мэх нь даацтай, бяртай, нэгэн цагийн улсын наадмын түрүү бөх. Харин тавын даваанд улсын начин Т.Баасанхүү аймгийн арслан Ч.Ганзориг, аймгийн арслан О.Хангай бид гурваас намайг амлаж авсан. Өмнө нь Т.Баасанхүү заал танхимийн барилдаанд намайг хоёр ч удаа амлаж барилдсан. Хоёуланд нь би давсан учраас энэ удаа надаас даагаа нэхэх гэж амлаж авсан байх. 

-Зургаагийн даваанд түрүү бөх улсын арслан Э.Оюунболдтой таарч барилдаад, өвдөг шороодсон. Өмнө нь та хоёр учраа таарч барилдаж байв уу?

-Бид хоёр Үндэсний бөхийн холбооны нэрэмжит 1024 бөхийн барилдаанд шөвгийн дөрөвт үлдээд, хоорондоо учраа таарч барилдаж байсан. Энэ барилдаанд би унасан. Ийнхүү улсын баяр наадмаар дахин учраа таарч барилдаад, хоёр дахь удаагаа тахимаа өгсөн. 

Жил бүрийн наадмаар "Монголын залуучуудын холбоо"-оос залуу начинд хурдан удмын даага бэлэглэдэг уламжлал тогтсон шүү дээ. Энэ жилийн дааганы эзэн болсон санагдаж байна?

-Хамгийн залуу начинд хурдан удмын даага бэлэглэдэг уламжлал 1994 оноос хойш тогтсон. Хурдан удмын дааганы 22 дахь эзнээр би тодорсон. Энэхүү дааганы эзэн болсон ихэнхи бөхчүүд цолоо нэмсэн учраас их билэгшээж байсан. 

-Улсын баяр наадмаас хойш хэд хэдэн заалны барилдаанд амжилттай барилдаж байгаа харагдсан?

 

-Улс тунхагласны баяр, Намрын нээлтийн барилдаан, Үндэсний бөхийн холбооны 25 жилийн ойн барилдаанд зодоглож их шөвөгт үлдэж байсан.

-Ямар хүн энэ спорт руу таныг чиглүүлэв. Эсвэл өөрийн сонирхлоор болсон уу?

-Хүүхэд байхаасаа бөхөд их сонирхолтой байсан. Арван жилийн сурагч байхад А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарын аваргууд ид барилдаж байлаа. Манай аав барилддаггүй ч гэсэн бөхөд сонирхолтой. Өсвөрийн барилдаан болно. Тэнд намайг дээр үеийн зодог шуудаг өмсгөж, бакалын түрүү хажуу тийш эргүүлж, үдээсээр үдээд барилдуулдаг байсан. Тиймээс намайг бөх рүү татаж оруулсан хүн бол аав минь юм даа.

-Хэзээнээс энэ спортоор тууштай хичээллэж эхэлсэн бэ?

-2008 оноос анхны багш аймгийн арслан Д.Дэлгэрбат багшийнхаа бөхийн секцэнд хичээллэж, бөх болох гараагаа эхэлж байсан. Арван жилд байхдаа аймгийн начин М.Цагаанхүү, сумын заан Ж.Батсайхан нарын бөхийн секцэнд явж байсан. 

-Анхны цолоо хэзээ авч байсан бэ?

-2009 онд аймгийнхаа тойргийн барилдаанд амжилттай барилдаж тавдугаар байранд шалгарч тойргийн сумын заан цол авсан. Хойтон жил нь сумандаа түрүүлж цолоо жинхэлж байсан. 

Танай удамд барилддаг хүн байсан уу?

-Ээжийн маань тал бөхийн удамтай. Өвөөгийн ах цэргийн заан цолтой, нутаг усандаа уран барилдаанч Цэвээндаш хэмээн алдаршсан хүн байсан.

Таны хувьд монгол бөхийн хөгжил ямар байна гэж дүгнэдэг вэ?

Монгол бөхийн хөгжил сайн байна гэж боддог. Бөхийн сургуулиуд олон болсны зэрэгцээ, хичээллэгсдийн тоо өссөн. Бөхчүүд ч бэлтгэл сургуулилтаа сайн хийдэг болж, одоо цагт хэн сайн бэлтгэл хийсэн нь дээшээ гараад ирдэг болсон байна шүү дээ. Ер нь бол цолтой нь биш хүнтэй нь тулж барилддаг болж.

Бөхчүүд болон бөх сонирхогчдын хүлээдэг томоохон барилдаануудын нэг нь сар шинийн битүүний өдөр болдог барилдаан байдаг шүү дээ?

Улсын баяр наадмын дараа ордог том барилдаан. Бөхчүүд төдийгүй бөх сонирхогч хүмүүс ч энэ барилдааныг хүлээдэг байх. Бөхчүүдийн ирэх жилийн өнгийг тодорхойлох, шинэ сараа угтах гээд олон сайхан үйл явдал давхацдаг гэж боддог.

Монгол түмний сар шинийн баяр тохиож байна. Сар шинийн баяртай холбоотой сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

Монгол түмний хамгийн том баяр бол цагаан сар. Бөхөд хайртай монгол түмэндээ мууран нүүрт хэмээх бичин жилийн сар шинийн мэндчилгээ дэвшүүлж эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Сайхан шинэлээрэй.