m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.02.08 06:29
152
С.Од-Эрдэнэ: Төрөөс бага хүүтэй, хугацаа урт зээлийн бодлогыг хэрэгжүүлэх нь үр дүнтэй

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны үйл ажиллагааг төрийн болон төрийн бус байгууллагууд дэмжиж, хамтран ажилласаар байгаа. Дундговь аймаг 2016 оныг "Баялаг бүтээгчдийг дэмжих жил" болгон зарласан. Баялаг бүтээгчдийг дэмжих жил болгон зарласан аймгууд өөрийн орон нутгийн онцлогт тулгуурлан хөтөлбөр баталж ажиллаж байгаа. 2016 онд хэрэгжүүлэх ажлын талаар Дундговь аймгийн засаг дарга С.Од-Эрдэнэтэй уулзаж ярилцлаа.

-Дундговь аймаг 2016 оныг "Баялаг бүтээгчдийг дэмжих жил" болгон зарласан. Ямар шалтгааны улмаас баялаг бүтээгчдийг дэмжихээр болсон бэ?

-2012 оноос Монгол Улсын Засгийн газар "Монгол хүн 2020" хөтөлбөрийг дэвшүүлж орон нутаг түүнд нийцсэн бизнесийн орчинг бүрдүүлэх зорилгоор "Баялаг бүтээгчдийг дэмжих жил" болгон зарлах нь зүйтэй гэж үзсэн. 

-Дундговь аймгийн хувьд жижиг дунд үйлдвэрлэлийн бизнес хэр түвшинд хөгжиж байгаа вэ?

-Манай аймаг хөгжлийн индекс, бизнесийн орчин муу гэж үздэг. Манай аймгийн онцлог нь хөдөө аж ажуйн салбарыг түшиглэж явдаг. Мал аж ахуйн салбар нь өөрөө чухал салбар. Хэдий муу үзүүлэлтээ байгаа ч тооноос илүү чанарт анхаарах нь чухал. 

-Орон нутгууд өөрийн онцлогт тулгуурласан хөгжлийн бодлогыг боловсруулдаг. Дундговь аймгийн хувьд хэмжээнд ямар салбарыг хөгжүүлэх боломжтой вэ?

-Манай аймаг 2015 онд 2.8 сая толгой мал тоолууллаа.  Мал аж ахуйн салбарыг түшиглэн бусад бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломжтой. Мөн өөрийн нутгийн үзэсгэлэнт байгальд тулгуурлан аялал жуулчлалын салбарын хөгжил чухал. 

-Өрхийн болон жижиг дунд үйлдвэрлэл тодорхой хэмжээнд хөгжөөд явж байна. Үйлдвэрлэгчдийн хувьд тулгарч байгаа бэрхшээл нь юу байна хардаг вэ?

-Хамгийн гол нь зах зээл байдаг. Үүнийг дагалдаад бизнесийн зээлийн асуудал болдог. Иргэдийн хувьд банкны өндөр хүүтэй зээлээ төлж чадахгүй хаалгаа барьж байгаа олон газрууд байна. Тийм учраас төрөөс бага хүүтэй, хугацаа урт зээлийн бодлогыг хэрэгжүүлэх нь үр дүнтэй. Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо байгуулагдаж үйлдвэрлэгчдийн дуу хоолойг олон түмэнд хүргэсний ачаар төр засгийн зүгээс нааштай бодлогууд гарч байна. 

-Аймгийн удирдлагын зүгээс бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчдийг дэмжиж ажиллах ямар бодлого баримтлах вэ?

-Баялаг бүтээгчдийг дэмжих зорилгоор хэд хэдэн ажлыг хийхээр төлөвлөөд байна. Тухайлбал Аж үйлдвэрийн яамнаас санхүүжүүлсэн 300 сая төгрөгийн зээлээр мах боловсруулах, хадгалах, савлах үйлдвэр байгуулах зорилготой байна. Өнгөрөгч жилийг "Аялал жуулчлалыг дэмжих жил" болгон зарлаж тэдний үйл ажиллагааг олон нийтэд таниулахаас эхлээд дэд бүтцийн асуудлыг түлхүү шийдэж чадсан. 

-Баялаг бүтээгчдэд өгч байгаа зээл эзэндээ хүрч байгаа нь хамгийн чухал шүү дээ. Зээлийн сонгон шалгаруултан дээр ямар зохицуулалт байвал илүү үр дүнд хүрэх вэ?

-Манай аймгийн хувьд малын мах, түүхий эдийг боловсруулах үйлдвэрт зээл олгох төлөвлөгөөтэй байгаа. Тухайлбал дотор гэдэс, дайвар, арьс шир боловсруулах үйлдвэрүүд бии болсоноор зах зээл илүү нээлттэй байж чадна. 

-Дундговь аймгийн хувьд мал аж ахуйн салбарыг түлхүү хөгжүүлэхийг зорьж байгаа аж. Энэ ажлыг хийхэд төрийн ямар бодлого, зохицуулалт дутагдаж байна?

-Хамгийн чухал нь мах экспортлох, боловсруулах үйлдвэр байгуулахад зөвшөөрлийг олгох тал дээр төрийн зохицуулалт хэрэгтэй. Цаашлаад импортлогч байгууллагууд гээд олон зүйл байгаа. Мөн эрүүл ахуй, тоног төхөөрөмж гээд илүү зөвлөгөө өгөх талаас нь үр дүнтэй ажлыг зохион байгуулах нь зүйтэй. Жижиг гэхээс илүү том үйлдвэрийг байгуулвал цаашдын үйл ажиллагааны үр дүн гарна. 

Дундговь аймагт энэ онд бүтээн байгуулалтын ажил хэр өрнөх вэ?

Хамгийн түрүүнд цэнгэлдэх хүрээлэнгийн ажил байна. Цэнгэлдэх хүрээлэнг байгуулсанаар соёл урлаг, спортын наадмаас гадна үүнийг дагалдсан 35 га газрыг цэцэрлэгжүүлэх ажлыг хийнэ. Ингэснээр сүүлийн жилүүдэд эрчимтэй явагдаж байгаа цөлжилтийг зогсооно. Шинэ цэнгэлдэх хүрээлэн бий болсоноор 80 гаруй ажлын байр бий болно. 

"Баялаг бүтээгчдийг дэмжих жил" болгон зарласантай холбогдуулан хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран 2500 м/кв бүхий худалдааны цогцолборыг бий болгоно. Энэ худалдааны төв нь эхний жил түрээсийн төлбөргүй байхаар гэрээ хийсэн байгаа. Үйлдвэрлэл эрхлэгчид өөрсдийн бараа бүтээгдэхүүнийг сурталчлах, худалдан борлуулахад лангууны асуудал тулгардаг шүү дээ. Бид энэ асуудлыг шийдэж чадсан. 

Энэ жилийн хувьд өмнөх жилүүдээс илүү цасан бүрхүүлтэй байгаа. Үүний улмаас өвөлжилт орон нутгуудад өвөлжилт хүндэрч эхэлсэн. Танай аймгийн хувьд өвөлжилтийн байдал ямар байгаа вэ?

Өнгөрсөн жил зарим нутгуудаар зун оройтож болсоны улмаас өвс тачирхан ургасан сумдад өвөлжилт хүндрээд байна. Баруун талаас Хулд, Адаацаг сумдын өвөлжилт хүндэрсэн. Аймгийн онцгой комиссын гурван бүрэлдэхүүн өвөлжилтийн байдалтай танилцаж малчдын санал, хүсэлтийг сонссон. Аймаг болон улсын нөөцөөс өвөлжилт хүндэрсэн сумдад өвс, тэжээл хүргэх ажлыг зохион байгуулж байна.