m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.02.12 01:06
73
Ховдчууд хонин жилийн есөн амжилтаа онцолжээ

 

Нэг. Аймгийн хүн амын дундаж наслалт улсын дунджаас дээгүүр байна


 

Ховд аймгийн хүн ам 83385-д хүрч өмнөх оны мөн үеэс 1906 хүнээр нэмэгдэж, эрүүл мэндийн салбарын үндсэн үзүүлэлтийн гол хэмжүүр болох аймгийн хүн амын дундаж наслалт 71.7-д хүрч улсын дунджаас 1.2 үзүүлэлтээр дээгүүр болж, дунджаар эрэгтэйчүүд 68.27, эмэгтэйчүүд 75.55 насалж байна.

 

 

Хоёр. Дотоодын нийт бүтээгдэхүүн 352,2 тэрбум төгрөгт хүрэв

Аймгийн 2015 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр  дотоодын нийт бүтээгдэхүүн 352,2 тэрбум төгрөгт хүрч, нэг хүнд ноогдох ДНБ-ны хэмжээ 4.3 сая төгрөг болж, сүүлийн жилүүдэд тасралтгүй хурдацтайгаар өсөн нэмэгдэж байгаа нь аймгийн эдийн засгийн гол салбар хөдөө аж ахуйн салбар түүний дотор мал сүргийн өсөлт нөлөөлсөн хэдий ч аймгийн аж үйлдвэрлэлийн салбарын хөгжил шинэ шатанд гарч жилээс жилд тогтвортой өсч байгаагийн үр дүн юм.

 

 

Гурав. Зам дагаж хөгжил айсуй

“Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам  төсөл”-ийн хүрээнд Бага улаан даваанаас Тэмээн хүзүү чиглэлийн 110,8 км хатуу хучилттай авто зам, Манхан-Бага улаан даваа чиглэлийн 103.3 км хатуу хучтилттай авто зам, Мянгадын гүүр Сар хайрханы чиглэлийн 20 км авто замыг ашиглалтанд хүлээн авч, аймгийн төвөөс Шурагийн гүүр чиглэлийн 53,9 км, Шурагийн гүүрнээс Хашаатын даваа хүртэлх 50 км хатуу хучилттай авто замын ажлыг эхлүүлээд байна.

Эрдэнэбүрэн, Мянгад, Ховд, Манхан, Мөст, Чандмань сумдад тус бүр 0,8 км бетон хучилттай авто зам болон гэрэлтүүлэг, явган хүний замын тохижилтын ажил хийгдэж, Дарви сумын Байшин үзүүрээс Говь-Алтай чиглэлийн 263 км хатуу хучилттай авто замын ажлыг концессын гэрээгээр 2017 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Дөрөв. Орон сууц эрчимтэй баригдаж байна

2016 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар 496 айлын орон сууц ашиглалтанд орсноор аймагт нийтдээ 2433 (Улсын бүртгэлийн хэлтсийн тоогоор) айлын орон сууц ашиглагдаж, одоо 240 айлын орон сууц баригдаж байна. "Төрийн орон сууцны корпораци”-ийн санхүүжилтээр аймгийн төвд 480 айлын хорооллын инженерийн шугам сүлжээний ажлын зураг төсвийг хийж, эхний ээлжийн 120 айлын орон сууцны барилгыг “Ховдын өргөө” ХХК, “Жаргалант луу” ХХК, “Электро инсталэйшн” ХХК-ууд барьж, ашиглалтад орууллаа.

 

Тав. Малын тоо толгой таван төрөл дээрээ өсөв

2015 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр 2905441 толгой мал тоологдсноос тэмээ 21836, адуу 107594, үхэр 156096, хонь 1098929, ямаа 1520986 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад мал сүрэг 5 төрөл дээрээ 10,7 хувь буюу 279,8 мянган толгойгоор өссөн нь малчдын уйгагүй хөдөлмөрийн үр дүн юм.

 

 

 

Зургаа. Шатахууны үнэ буурлаа.

Баруун бүсийн аймгуудын ард иргэд, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга, УИХ-ын гишүүдийн удаа дараагийн хүсэлт, санал санаачилгыг Монгол улсын Засгийн газраас дэмжиж бензин, шатахууны үнийг 1990 оноос хойш анх удаа Улаанбаатар хоттой ойролцоо үнэтэй болголоо.

Ховд аймагт:

- А80 бензин 1760 -180₮ = 1580₮
- А92 бензин 2090 - 400₮ = 1690₮
- Дизель түлш 2090 - 270₮ = 1820₮ болж Улаанбаатар хотын үнээс 30 төгрөгийн зөрүүтэй боллоо.

Долоо. “Ховд аймгийн өдрүүд”-ийг Улаанбаатар хотод зохион байгуулав.

Ховд аймгийн өдрүүд” арга хэмжээг 2015 оны 09 дүгээр сарын 10-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулж, уг арга хэмжээнд 16 сумын 800 гаруй ардын авьяастан, баялаг бүтээгчид оролцлоо. Энэ үеэр нээлтийн арга хэмжээ олон угсаатны бүлгүүдийн өв соёл, түүхийг харуулсан үндэсний хувцастай жагсаалаар эхэлж, сум бүр өргөө цагаан гэрээ барьж, сумынхаа онцлог, түүх, соёлыг харуулсан үзмэр, үзэсгэлэн дэлгэж, зочлох үйлийг бодит байдлаар үзүүлсэн бол Монголын урчуудын эвлэлийн “Арт галерей”-д аймгийн гэрэл зураг сонирхогч 20-иод уран бүтээлчийн 140 гаруй гэрэл зураг, Ховд аймгийн харьяат зураачдын зурсан уран зураг, хайчилбарууд, зохиолч, эрдэмтдийн бичсэн ном, аймгийн Музейн үзмэрийн үзэсгэлэнг дэлгэн танилцуулж, “Ховд аймаг-Монгол улсын хөгжлийн баруун үүд” шинэ гарц, шинэ боломж хэлэлцүүлэг төрийн ордонд болж, Тусгаар тогтнолын талбайд “Ховдод үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, 100-аад аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн 120 гаруй нэр төрлийн 160 гаруй сая төгрөгийн бараа бүтээгдэхүүн худалдаалагдав.

Найм. Элсэлтийн шалгалтын дундаж оноо нэмэгдлээ.

 

2015-2016 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 24 сургуульд урьдчилсан байдлаар 694 бүлэгт 18341 хүүхэд суралцаж, суурь боловсролын хамран сургалт 97.16 хувьд хүрч, Элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноо 2014-2015 оны хичээлийн жилд 516.7-д хүрч улсад 3 дугаар байр эзэлсэн амжилт үзүүлэв.

 

 

Ес. Ховд аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид “Гран-При” шагнал хүртлээ.

 

Хөгжимт драмын театрын уран бүтээлчид Драмын урлагийн шилдэгүүдийг шалгаруулах олон улсын “Гэгээн Муза-12” наадамд амжилттай оролцож, Н.Сүхдоржийн зохиол “Галдан бошигт хаан” туульсын дуулалт жүжгээр Гран-при шагнал хүртсэн нь хөдөөгийн театруудаас анхдагч боллоо.