m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.02.16 06:26
198
Ирээдүйд уншигдах эсэхтээ яагаад би санаа зовох ёстой гэж?

Орхан Памук 1952 онд Туркийн Истанбул хотод төржээ. Анхандаа архитектурч болохоор хичээнгүйлэн сурч байсан удалгүй зохиолч болох нь өөрийнх нь төрмөл мөн чанар гэдэгт бат итгэн уран бүтээлийн замд шуударчээ. Анхны роман нь 1982 онд “Цевдит Бэй, түүний хөвгүүд” нэртэйгээр хэвлэгдэж, залуухан Памук нутагтаа нилээд ирээдүйтэй зохиолчид тооцогдох болов. Чингээд удаах роман нь “Аниргүй байшин” /1983/ нэртэйгээр хэвлэгдэж залгаад “Цагаан цамхаг” /1985/, “Хар ном” /1990/, “Шинэ амьдрал” /1994/ зэрэг романууд нь уншигчдад хүрсэн юм. Орхан Памукын 1998 онд хэвлүүлсэн “Миний нэр Улаан” роман 2001 онд англи хэлнээ хөврүүлэгдэж, 2003 онд эзэндээ Дублины Утга Зохиолын шагналыг авчирсан юм. Энэ цагаас хойш зохиолч олон улсын тавцанд нэр дуурьсах болжээ. Улмаар 2002 онд “Цас” роман, 2003 онд “Истанбул: Нэгэн хотын дурьдатгал” номоо хэвлүүлж 2006 онд ТӨРӨЛХ ХОТЫНХОО ГУНИХРУУ ДҮНСГЭР БАЙДЛЫН ДОТООД НУУЦЫГ БЭДРЭХ АХУЙДАА ӨӨР ӨӨР СОЁЛУУДЫН МӨРГӨЛДӨӨН, СҮЛЭЛДЭЭНИЙГ ТОВОЙЛГОН ХАРУУЛАХ ШИНЭ БЭЛГЭДЭЛ БҮТЭЭСНИЙХЭЭ ТӨЛӨӨ Утга зохиолын төрөлд Нобелийн шагналыг хүртсэнээр энэхүү нэр хүндтэй шагналыг хүртсэн анхны Турк хүн болсон билээ. Нобелийн шагнал гардсаныхаа дараа жил тэрээр “Хэлмэгдэгсэдийн музей” романаа хэвлүүлж, Туркийн түүхэнд гарсан харгис явдлуудын нэг хэмээгддэг аймаглан устгах аймшигт ажиллагааны золиос болсон мянга мянган Арменчуудын дурсгалд зориулж төрөлх Истанбул хотдоо өөрийн зардлаар Хэлмэгдэгсэдийн музей байгуулсан юм. Саяхан түүний бас нэгэн шинэ роман хуудсаа нээсэн нь “Санааны минь ертөнц дэх хачин этгээд зүйлс” нэртэй ажээ.

Тагтаа паблишнгийн орчуулагч Б.Баясгалан Туркын зохиолч Орхан Памукын ЦАС романыг албан ёсны эрхтэйгээр орчуулан гаргаад удаагүй байна. Энэхүү роман нь Памукын өөрийнх нь тодорхойлсноор хамгийн эхний бөгөөд эцсийн улс төрийн роман бөгөөд орчуулагдан гарсан даруйдаа номын дэлгүүрүүдийн шилдэг борлуулалттай номын жагсаалтыг тэргүүлж байгаа билээ.

Одоогоор Орхан Памукын "Хар судар", "Цас" романууд Монгол хэлнээ орчуулагдаад байна. Мөн дараагийн номон дээр Тагтаа паблишнгийн орчуулагчид ажиллаж байгаа ажээ. Бид энэ удаа Туркийн зохиолч Нобелийн шагналт Орхан Памукын сэтгүүлчид өгсөн ярилцлагыг орчуулагч Б.Баясгалангийн хөрвүүлснээр та бүхэндээ толилуулж байна.


Орхан Памукын "Хар судар", "Цас" романууд Монгол хэлнээ орчуулагдаад байна. Мөн дараагийн номон дээр Тагтаа паблишнгийн орчуулагчид ажиллаж байгаа ажээ

СУРВАЛЖЛАГЧ: Европ, АНУ-д таны номуудыг ерөнхийдөө нилээд нааштай хүлээж авдаг. Харин Туркэд яаж хүлээж авч байна даа?

ПАМУК: Сайхан цаг ч одоо өнгөрч дээ. Өмнөх үеийн зохиолчид бүдгэрчихсэн үед анхны ном маань гарсан. Тиймдээ ч намайг шинэ зохиолч гээд сайхан хүлээж авч байсан шүү.

СУРВАЛЖЛАГЧ: Өмнөх үеийн зохиолчид гэж хэнийг хэлж байгаа билээ?

ПАМУК: Нийгмийнхээ өмнө хариуцлага ухамсарласан, уран зохиолыг ёс суртахуун, улс төрд үйлчлэх ёстой гэж үздэг зохиолчдыг хэлж байна. Тэд чинь шинэ юм юу ч туршдаггүй, шулуухан реалистууд л байлаа шүү дээ. Ихэнхи ядуу орны зохиолчидтой адилхан улс үндэстэндээ үйлчлэх гэсээр жаахан авъяасаа үрсэн улс. Би тэдэн шиг болохыг хүсээгүй. Би чинь хар багаасаа л Фолкнер, Прүст, Виржиния Вүүлфэд дуртай байлаа. Стэйнбек, Горький нар шиг социалист-реалистуудад ер татагдаж байсангүй. Тэр үед дал, наяад оны зохиолууд хэдий нь хоцрогдсон байсан болохоор намайг шинэ үеийн шинэ зохиолч гээд л таатай хүлээж авсан даа.

СУРВАЛЖЛАГЧ: Та зохиолоо голчлон хаана бичдэг вэ?

ПАМУК: Би бичиж туурвих орон зайгаа гэр орон, унтлагын өрөөнөөсөө тусдаа байлгах юм шүү гэж дандаа боддог байлаа. Гэр бүлийн ёс жаяг, нарийн ширийн зүйлс зарим талаар уран сэтгэмжийг маань эвдээд байдаг. Тэд миний дотрох буг чөтгөрийг хөнөөчихдөг юм. Гэр бүлийн амьдрал санаа сэтгэлийг минь шал өөр ертөнц рүү чангаах нь их. Гэтэл уран сэтгэмж маань тэр бүхнийг удирдаж, арилгаж байх учиртай.  Тийм болохоор би гэрээсээ зайдуухан ажлын өрөөтэй болоод нилээд хэдэн жил болж байна. Дүүрэн номон дундаас бичгийн ширээ минь цухуйсан тийм л өрөө. Тэндээ өдөр бүр дунджаар арван цаг суудаг даа.

СУРВАЛЖЛАГЧ: Өдөрт арван цаг аа?

ПАМУК: Тийм ээ. Би их шаргуу хүн. Түүндээ ч дуртай. Хүмүүс намайг улайрсан амьтан гэх байх л даа, үнэний хувь ч бий. Гэхдээ би ажилдаа дуртай. Ширээнийхээ ард яг л тоглож буй жаал шиг сууж байхдаа дуртай. Зохиол бичих чинь ажил ч гэлээ бас нэг ёсны зугаа, тоглоом минь шүү дээ.

СУРВАЛЖЛАГЧ: “Цас” романы тань өгүүлэгч баатар, таны амьдай Орхан өөрийгөө өдөр бүр тогтсон цагт сууж ажилладаг албан хаагчтай зүйрлэдэг. Та ч бас бичихдээ тэр зарчмыг барьдаг уу?

ПАМУК: Зохиолч хүний туурвилын онцлогийг Туркэд уламжлалаараа маш нэр хүндтэй байдаг яруу найрагчийн бичих онцлогтой харшуулж хэлсэн минь тэр л дээ. Яруу найрагч байна гэдэг нэр хүндтэй зүйл. Оттоманы ихэнхи султан, төрийн зүтгэлтнүүд яруу найрагч байлаа шүү дээ. Гэхдээ бидний одоогийн ойлгодог шиг яруу найрагчид биш л дээ. Өмнөх зуу зуун жилийн туршид өөрийгөө оюунт хүн болгон төлөвшүүлэх арга нь яруу найраг болж ирсэн. Оттоманы тэр султануудын ихэнхи нь диван хэмээх уянгын шүлгийн түүвэрт шүлгүүдээ эмхтгэдэг байж. Үнэндээ Оттоманы ордны яруу найраг бол диван яруу найраг байлаа. Дотроо маш олон дэг жаягтай болохоор туурвихуйд суралцаж туршлагажих арга зам нь тэр болж л дээ. Маш хэвшмэл, маш давтагдмал. Тэгтэл Турк руу Барууны үзэл санаанууд нэвтрэн орж ирэх үед туурвил зүйн өнөөх уламжлалт зарчим нь үнэний төлөө шатсан хувь яруу найрагчийн романтик, модерн санаануудтай холилдож эхлэсэн. Тэр нь яруу найрагчид ахиад л бөөн алдар нэр авчрах нь тэр. Тэгтэл зохиолчид гэдэг чинь яг л шоргоолж шиг хол замыг тэсвэр тэвчээрээрээ аажуухнаар туулдаг улс шүү дээ. Зохиолч хүн биднийг хосгүй авъяас, хөөрүү сэтгэлээрээ гайхашруулахаас илүүтэй тэсвэр тэвчээрээрээ бишрүүлдэг.

СУРВАЛЖЛАГЧ: Та шүлэг бичиж байсан уу?

ПАМУК: Надаас дандаа л ингэж асуудаг юм. Арван наймтайдаа шүлэг бичиж үзлээ. Хэдэн шүлэг маань Туркэд хэвлэгдсэн. Гэхдээ тэгээд л больчихсон доо. Яруу найрагч гэж Бурхан өөрөөр нь дамжуулж үгээ хэлдэг хүнийг нэрлэдэгийг ойлгосон гэхүү дээ. Чингэхийн тулд та яруу найрагт өмчлөгдсөн байх ёстой. Би яруу найраг луу гараа сарвайж үзсэн боловч Бурхан надтай ярилцахгүй байгааг ухаарсан юм. Би үүндээ харамссан. Тэгээд “-Хэрэв бурхан надаар дамжуулан ярьвал юу гэхсэн бол?” хэмээн төсөөлж эхлэсэн. Сүүлдээ тэр үгсийг нь ойлгох гэж оролдон, аажуухнаар, оочин тоочин тэмдэглэж эхлэсэн дээ. Тэр бол үргэлжилсэн үг, хүүрнэл зохиол байлаа. Тиймээс ч би албан хаагч шиг ажилладаг. Бусад зохиолчдод энэ маань доромжлол мэт ойлгогдоно вий. Гэхдээ би яг л албан хаагч шиг ажилладагаа хүлээн зөвшөөрч байна.

СУРВАЛЖЛАГЧ: Хүүрнэл зохиол бичих нь илүү амар байсан гэж үү?

ПАМУК: Харамсалтай нь үгүй. Заримдаа би зохиолын баатар маань нэг өрөөнд орж ирэх нь дээ гэдгийг мэдэрдэг ч яаж оруулж ирэх учраа олдоггүй юм. Магадгүй надад өөртөө итгэх итгэл дутаж байж болох. Гэхдээ тийм итгэл ч тус болдоггүй үе бий. Учир нь дэмий туршиж суугаагүй л бол үзэгнийхээ аясаар бичнэ шүү дээ. Би сүүлийн гучин жил зохиол бичиж байна. Өөрийгөө жаахан ч гэсэн сайжирчээ гэж бодож болмоор доо. Гэвч надад үнэхээр мухардах үе гарсаар л байна. Баатар маань өрөөнд орж чадахгүй, би ч түүний төлөө юу хийхээ мэдэхгүй. Одоог хүртэл! Гучин жилийн дараа ч…

Тиймээс зохиолоо бодож боловсруулахад номоо бүлэглэх нь хамгийн чухал байдаг. Роман бичихдээ өгүүлэх түүхээ урьдаас мэдэж байвал -ихэнхидээ би мэдэж байдаг л даа- эхлээд номоо бүлэглэчихээд бүлэг тус бүрт нь юу гаргахаа бодож эхлэдэг. Тэгэхээр хамгийн эхний бүлгээс нь эхлэх ч юм уу, дэс дараалал хөөж бичих шаардлага байхгүй. Харин нэг зүйл дээр гацчихвал сүйд болоод байлгүй төсөөллөөрөө үргэлжлүүлж бичиж болно. Нэгдүгээр бүлгийг бичиж байснаа тав руу үсэрч болно. Тав дээрээ нэг л болж өгөхгүй бол арван тавугаар бүлэг рүү үсрээд л үргэлжлүүлж бичнэ шүү дээ.

СУРВАЛЖЛАГЧ: Романыхаа хар зургийг урьдчилаад гаргачихдаг гэсэн үг үү?

ПАМУК: Бүгдийг нь. Жишээ нь “Миний нэр Улаан” бол маш олон дүртэй роман. Би дүр тус бүр дээр нь тодорхой бүлэг оноосон. Романаа бичиж байхад заримдаа дүрүүдийнхээ аль нэг нь байгаад л баймаар санагдана. Тиймээс би долдугаар бүлэг ч юм уу, Шекюрийн нэг бүлгийг дуусгачихаад шууд арван нэг рүү үсрээд ахиад л түүний тухай бичиж эхлэдэг. Би Шекюрын дүрд орох их дуртай байсан л даа. Нэг бүлгээс шал өөр бүлэг рүү, нэг хүнээс тэс өөр хүн рүү үсчээд байх чинь ядаргаатай шүү дээ.

Гэхдээ төгсгөлийн бүлгээ дандаа хамгийн сүүлд нь бичдэг. Ямар ч эргэлзээгүй. Би өөрийгөө өдөж, яаж төгсгөх ёстойгоо өөрөөсөө асуух дуртай. Төгсгөл л чухамдаа миний гарт байдаг. Төгсгөлдөө хүрээд, сүүлчийн цэгийг хатгахаасаа өмнө урьд нь бичсэн ихэнхи бүлгээ засч янзалдаг.

СУРВАЛЖЛАГЧ: Бичих явцдаа зохиолоо хүнд уншуулдаг уу?

ПАМУК: Амьдралаа хуваалцаж буй хүндээ л зохиолоо уншиж өгдөг дөө. Тэр хүн “-Ахиад байвал үзүүлээч?” гэх юм уу “-Өнөөдөр юу бичсэнийг чинь уншъя?” гэвэл надад дандаа л сайхан байдаг. Тийм нэг зайлшгүй дарамт мэдрээд зогсохгүй, далан дээр минь зөөлхөн алгадаад “-Сайхан бичжээ,” гэж хэлэх эцэг эхтэй хүн шиг санагдана шүү дээ. Хааяа өнөөх хүн чинь “-Уучлаарай, би л лав ийм зохиолд мөнгө үрэхгүй,” гэж хэлнэ. Тэр нь ч бас зүгээр. Би иймэрхүү зүйлст дуртай.

Санаанд минь Томас Манн үргэлж орж ирдэг юм. Миний шүтээнүүдийн нэг л дээ. Тэр эхнэр, зургаан хүүхдээ дандаа хамт авч явдаг хүн байсан. Гэрийнхнээ тойруулж байгаад л бүгдэнд нь зохиолоо уншиж өгнө. Надад таалагддаг. Аав нь сайхан сайхан түүх яриад л…

СУРВАЛЖЛАГЧ: Илүү модерн, илүү эксперименталь зохиолч болохыг хүсдэг байсан гэж та хэлсэн. Үлгэр дууриал авчих зохиолч байв уу?

ПАМУК: Тэр үед миний хувьд Толстой, Достоевский, Стендаль, Томас Манн эд нар нэг их агуу зохиолчид санагдахаа больчихоод байсан. Миний баатрууд бол Виржиния Вүүлф, Фолкнер байлаа шүү дээ. Одоо би энэ хоёр дээр Прүст, Набаковыг нэмнэ дээ.

СУРВАЛЖЛАГЧ: “Шинэ амьдрал”-ын эхний мөрөнд “Нэг өдөр олж уншсан ганц ном бүх амьдралыг минь орвонгоор нь өөрчилсөн,” гэсэн байдаг. Таньд тэгэж нөлөөлж байсан ном бий юу?

ПАМУК: Хорин нэг, хорин хоёртой байхад Фолкнерын “Шуугиан Цухалдаан” бол миний хувьд их чухал ном байлаа. Надад Penguin-ний хэвлэлийнх нь хуулбар байсан юм. Англи хэл сайнгүй болохоор ойлгоход тун хэцүү байв. Гэвч Туркэд гайхалтай орчуулга нь гарсан байсан. Тэгээд л Турк, Англи хоёрыг нь ширээн дээр зэрэгцүүлж тавьж байгаад л нэгээс нь хагас догол уншаад нөгөөхтэй нь тулгана. Тэр ном надад тун онцгой нөлөөлсөн. Тэр нөлөөллийг нь би хөгжүүлсэн гэхүү дээ. Удалгүй би ердөө л нэгдүгээр биеэс бичиж эхлэсэн. Гуравдугаар биеэс бичихээс илүүтэй хэн нэгний дүрд өөрөө хувирах нь илүү сайхан мэдрэмж төрүүлдэг байж билээ.

СУРВАЛЖЛАГЧ: Санаануудаа буулгаж эхлэхдээ романыхаа хэлбэрийг яаж сонгодог вэ? Шууд л эхний өгүүлбэрээ тавиад явчих уу, эсвэл дүрслэл гаргадаг юм уу?

ПАМУК: Тогтсон томъёолол гэж үгүй л дээ. Гэхдээ хоёр романыг нэг загвараар бичихгүй байх нь миний ажил. Би бүхнийг өөрчлөхийг хичээдэг. Тиймээс л олон уншигч маань надад “Таны энэ роман их таалагдлаа. Бусад романаа үүн шиг бичихгүй яав даа,” гэх юм уу, эсвэл “Энэ романыг тань гарах хүртэл таны зохиолуудад нэг их дуртай байгаагүй ээ,” гэж хэлдэг. Ялангуяа “Хар ном” дээр ийм зүйлс их дуулдсан. Үнэндээ би иймэрхүү яриа сонсох дургүй л дээ. Ном бүхнээ өөрөөр бичих, хэл, хэлбэр,  хэв маяг, араншин, хувь хүнийг дүрслэх аргаа хүртэл олон янзаар турших нь сонирхолтой бас өөрийгөө сорьсон хэрэг юм.

Номын сэдэв ямар ч эх сурвалжаас гарч мэднэ. “Миний нэр Улаан” дээр л гэхэд би зураач болох гэсэн чин эрмэлзлээ бичихийг хүссэн. Гэхдээ буруу эхэлчихсэн юм. Түүгээрээ явсан бол нэг зураач дээр төвлөрсөн нэг сэдэвт зохиол гарах байлаа. Дараа нь би өнөөхөө нэг урланд байдаг олон янзын зураач болгож өөрчиллөө. Өөр бусад зураач орж ирээд яриад эхлэхээр гол санаа нь ч өөрчлөгдөнө. Эхэндээ би орчин үеийн зураачийн тухай бичнэ гэж бодож байсан л даа. Гэвч сүүлд нь Туркийн ийм зураач Барууны нөлөөлөлд автчихсан хэтэрхий дууриамал амьтан байх вий гэж бодоод миниатюристуудын тухай бичихээр цаг хугацааны хувьд буцсан л даа.  Ингэж нэг юм сэдвээ олж байлаа.

Зарим зохиолд маш шинэлэг зүйл, өгүүлэхүйн тэс өмнөө арга шаардагддаг. Хааяа ямар нэг зүйл харах юм уу уншаад, кино үзээд, эсвэл сонины нийтлэл гарчигласны дараа “Би тэгвэл төмс, нохой, модыг яриулах юм чинь,” гэж бодно. Санаагаа гаргачихсан байхад романыхаа тэгш хэм, дотрох уялдаа холбоог нь тунгааж эхэлнэ шүү дээ. Тэгээд л “Гайхамшигтай. Өмнө нь хэн ч үүнийг хийгээгүй,” гэсэн мэдрэмж төрөх нь тэр.

СУРВАЛЖЛАГЧ: Шүүмжлэгчид таны зохиолуудыг дандаа л постмодерн гэж тодорхойлдог. Гэхдээ таны бичлэгийн арга маяг уламжлалт эх сурвалжаас үндэстэй юм шиг надад санагддаг. Жишээ нь та Мянга нэгэн шөнийн үлгэр ч юм уу дорнын уламжлалт сонгодогуудаас ишлэсэн нь их байдаг шүү дээ.

ПАМУК: Наад яриа чинь “Хар ном”-оос эхлэсэн юм. Гэхдээ би Борхес, Кальвино хоёрыг аль эрт уншчихсан л байсан. 1985 онд би эхнэртэйгээ хамт АНУ явлаа. Тэгээд л Америк соёлын хичнээн баялаг, агуу, мундаг болохыг анх удаа мэдэхгүй юу. Дундад Дорнодоос ирсэн, зохиолч болох гэж зүтгэж яваа хүний хувьд  их сүрдэж цочирдсон гэхүү дээ. Сүүлдээ бүр шалдаа буугаад өөрийнхөө “уг язгуур” луу буцсан хэрэг. Миний үеийнхэн орчин үеийн үндэсний утга зохиол бүтээх ёстой юм байна гэдгийг тэгэхэд л ойлгосон доо.

Борхес, Кальвино хоёр намайг чөлөөлж өгсөн. Исламын уламжлалт уран зохиолын хэл гээч нь хэтэрхий тэрслүү, хэтэрхий улс төржүү, консервативуудын гарт орж хоцрогдсон мунхаг аргаар үнгэгдээд дуусчихсан эд болохоор тийм материалаар ямар нэг зүйл хийж чадна гэж үнэхээр бодож байсангүй. Гэхдээ Америкт байхдаа би мөнөөх материалууд руу оюун санааны хувьд Кальвинич, Борхесч хүрээ жаазтай буцаж очиж болох юм байна гэдгийг ухаарсан. Исламын утга зохиолын уран сайхны болоод шашны хэлэнд маш хатуу зааг тогтоохоос тэр ажлаа эхлэх ёстой байсан л даа. Тэгж байж л мөнөөхөн тоглоомч, уран мэхт, ёгт утгын баялаг сан хөмрөгийг нь ашиглаж болох байлаа. Турк бол дээд зэргийн хээнцэр, чамин уран зохиолын өвтэй орон. Гэвч өнөөх нийгэмч, ардач зохиолчид гарч ирээд манай уран зохиолын шинэлэг агуулгыг шавхаад хаячихсан юм шүү дээ.

Бие биенээ олон янзын байдлаар давтсан ёгт зохиолууд Хятадад ч, Энэтхэгт ч, Перст ч үй олон. Тэдгээрийг би орчин үеийн Истанбулын хөрсөн дээр буулгаж ашиглая гэж бодсон. Энэ маань яг л дадайст эвлүүлэг шиг бүхнийг хамтатгах туршилт юм даа. “Хар ном” энэ төлвийнх.

Заримдаа энэ бүхэн чинь хоорондоо уусан нэгдээд дундаас нь цоо шинэ юм гарч ирдэг. Тиймээс л бүгдийг нь нэгтгэж шинээр бичээд, ганц нэг детектив үйл явдал оруулаад л “Хар ном”-ыг бүтээчихэж байгаа юм. Гэвч энэ романы үндсэн сурвалж нь Америкийн асар хүчтэй соёл, бас миний эксперименталь зохиолч байх гэсэн хүсэл юм шүү дээ. Би чинь Туркийн асуудлуудаар бичиж болохгүй. Өчнөөн заналхийлэлд өртчихсөн хүн. Тэгэхээр арай өөр юм эрэх хэрэгтэй болсон л доо.

СУРВАЛЖЛАГЧ: Роман бол Барууны соёлын хэлбэр. Дорнын уламжлалд үүний багтаж шингэх зай бий болов уу?

ПАМУК: Баатарлаг туульсын хэв маягаас гарсан орчин үеийн романууд бол яалт ч үгүй Дорнын бус  зүйл л дээ. Учир нь зохиолч хүн гэдэг чинь хамтын нийгэмд харъяалагддаггүй, нийгмийн нийтлэг инстинктийг хуваалцдаггүй, үзэж туулж буй туршлагаасаа үүдээд ялгаатай соёлуудаар зэрэг сэтгэдэг хүн юм. Нэгэнт л тэр хүний ухамсар харъяалагдаж буй нийтлэгээсээ өөр бол.., тэгээд л гадны хүн, ганцаардмал амьтан болох нь тэр. Тэр хүнээс гарч буй бичвэрийн баялаг нь хөндлөнгийн хүний идэвхигүй ажиглалтын л үр дүн байдаг.

Нэгэнт л ертөнцийг харах нүдээ ингээд хөгжүүлчихсэн, ийм маягаар бичээд эхэлчихсэн бол таньд хамтлаг нийтлэгээсээ ялгарах хүсэл төрнө. Энэ бол “Цас” романдаа бодож олсон хэлбэр маань юм даа.

СУРВАЛЖЛАГЧ: Иймэрхүү итгэл үнэмшлээ зохиолуудаараа гаргачихаар та асуудалд ороод байх шиг. Цаашид улам л төвөгтэй болно. Хэтэрхий өндөр үнэ төлж буй биш үү?

ПАМУК: Тийм ээ. Гэхдээ л энэ чинь гайхалтай зүйл. Би ийш тийш явж, ширээнийхээ ард ганцаар суухгүй удахаараа цухалдаад эхлэдэг. Өрөөндөө ганцаараа янз бүрийн юм бичиж суух чинь жаргал шүү дээ. Урлагт зүтгэх, туурвилдаа үнэнч байх гэхээс илүүтэй өрөөндөө ганцаараа байх нь л сайхан юм даа. Энэ зуршлаа үг дуугүй дагаж, одоо бичиж буй зүйл маань нэг л өдөр хэвлэгдэнэ дээ гэсэн итгэлээр өдрийн зүүдэндээ умбаж сууна.  Ширээн дээрээ сайхан цаас дэлгэчихээд гартаа үзэг барин ганцаар суух чинь миний хувьд эдгэх гэж эм уудаг хүмүүсийн үйлдэлтэй ижил юм.

СУРВАЛЖЛАГЧ: Тэгвэл та хэнд зориулж бичдэг болж байна?

ПАМУК: Амьдрал богинохон болохоор энэ асуултыг өөрөөсөө дандаа асууж байх хэрэгтэй. Би найман роман биччихэж. Үхэхээсээ өмнө амжаад ахиад найман роман биччихвэл сайн л байна. Гэвч амьдрал богинохон. Энэ бүхэнд тэгтлээ татагдахын учир юунд байна? Заримдаа би өөрийгөө маш их хүчлэх хэрэгтэй болдог. Яагаад би үүнийг хийж байгаа юм? Энэ бүхэнд ямар утга учир байна? Нэгт, түрүүн миний хэлсэнчлэн өрөөндөө ганцаараа байх зуршил. Хоёрт, ахиад нэг сайхан роман биччих юмсан гэсэн бараг л хүүхдийнх шиг нэг тийм өрсөлдөж барьцсан сэтгэл надад байна. Би зохиолчдыг мөнхөрнө гэдэгт итгэхээ улам л больж байгаа. 200 жилийн өмнө бичигдсэн номнуудаас өдгөөгийн бид тун цөөхнийг нь л уншиж байна шүү дээ. Юмс маш хурдан өөрчлөгдөж байгаа болохоор өнөөдрийн гарч буй номнууд зуун жилийн дараа гэхэд л мартагдчихна. Ёстой хэдхэн нь л уншигдана вий. Хоёр зуун жилийн дараа гэхэд өнөөдөр бичигдсэн номуудаас тавхан нь тэсч үлдэнэ. Би тэр таван номынх нь нэгийг бичсэндээ итгэлтэй байна гэж үү? Гэвч энэ нь зохиол бичдэгийн минь учир утга мөн үү? Яагаад би хоёр зуун жилийн дараа уншигдах эсэхтээ санаа зовох ёстой гэж? Арай урт наслачих юмсан гэж санаа зовох нь хэнд хэрэгтэй юм? Ирээдүйд уншигдана гэсэн тайтгарал надад хэрэгтэй юу? Би энэ бүхний тухай бодоод л байгаа ч үргэлжлүүлж бичсээр л байна. Яагаад гэдгээ мэдэхгүй. Гэхдээ хэзээ ч зогсохгүй биз ээ. Бичсэн номууд чинь ирээдүйд нөлөөлнө гэсэн итгэл, тайтгарал маань энэ амьдралаас амтлах хамгийн том таашаал болохоор тэр байх даа.