m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.02.17 07:36
14114
Яруу найраг ямар байх ёстой вэ

...Утгатай байх албагүй ээ, шүлэг гэдэг,
уг чанараараа л шүлэг байх ёстой.

АРЧИБАЛЬД МАКЛИШ

ЛООЛЬХОН

Би нэгэн төгөлдөр хуур хөгжим болоод
Чиний хурууны аясаар хөг орохыг хүснэм
Би бас нэгэн хонин нүдэн цэцэг болоод
Чиний хөхөвчин дээр ургахыг хүснэм

Намайг хараад
Чиний зүрх өвддөг үү?
Хаврын ногоо ургах гэж байгаа юм шиг
Уулын цас нурж байгаа ч юм шиг

Өндөр газрын шувуу
Өндөр шаргал зэгсэнд дурлах шиг ч юм уу
Өнчин ботгоны нулимсан дотор хөвж яваа
Үүлсийн шуугиан шиг ч юм уу

Аль эсвэл
Цамцны чинь хормой дээрх улаан толбо шиг үү
Үснээс чинь нэг ширхэг үс сугарч
Өвсөн дээгүүр хийсэх шиг үү
Хэлээч улаан лоольхон минь
Ингээд л
Элс имрээд л
Суугаад байх уу
Уруул нээх хэцүү байгаа юм бол ядаж
Ус руу ганц чулуу унагаач

Би чамайг харах болгондоо
Хүүхэд шиг хөөрч
Цас шиг хөнгөрөөд
Сэтгэл минь хүртэл далавчлаад
Шувуу ч хүрэмгүй өндөрт
Нисмээр бүр нисмээр санагдавч
Газраас тасарч
Тэнгэрт хэрхэн сэлэх аргаа олохгүй юм.


ГООЛИНГОО МИНЬ

Хадны цасыг нэвтэлж ургасан
Нялх ногоо юм чи
Сүүдрээ чамд хүргэх шахан шувуу үргэтэл шүүрс алдсан
Зүрхэн тус газраа дурлалын шархтай гөрөөс юм би

Самрын модноос унаж яваа
Хөхөөний өндөг юм чи
Сандрахдаа өвс хонхойлж тоссон
Шувуудын, моддын. Бас чиний гүн ухаанч юм би

Усны өнгөн дээр хөвж яваа
Тэр л нэгэн навч юм би
Намайг гэдгийг чи таниад
Алгаараа хутгаж аван шүлэг хөгжимдүүлсэн
Баттогтохын сарны охин юм чи

Өндөр өндөр өвсний ардуур
Өндгөлж буй шувууны төрөлд байдаггүй, шувуу юм би
Үргээчихвий гэхдээ өлмий дээрээ яван,
Алчуураа унаган сандрахдаа
Шүлгийн минь дэвтэр лүү хийсээд орчихсон
Тийм нэгэн үйлийн үрийн
Тийм нэгэн цэнхэр өвдөлт юм чи

Чиний биеэр, чиний судсаар би урсаж байдаг болохоор
Миний биеэр, миний судсаар чи урсаж байдаг болохоор
Хүмүүсийн аз жаргал гэж нэрлэдэг тэр зүйлийг
Хүмүүсийн бас зовлон гэж нэрлэдэг тэр зүйлийг
Амсаж эдэлж яваа юм
Чи би Гоолингоо минь